Үе үеийн эмэгтэй парламентчид чуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан.
Тэгвэл хоёр дахь удаагийн арга хэмжээ болох “Эмэгтэй парламентчдын чуулган-2023”-ыг энэ сарын 13-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна.
Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан аж.
Нийт 608 гишүүн сонгосноос 10.7 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгуульд гарч байжээ. Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.
“Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-аар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцсэн юм.
Энэ удаа эмэгтэй парламентчид чуулж, “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр “Парламентад хүрэх мянган алхам” буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаарх номын нээлтийн арга хэмжээ болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.