Буриад сэтгүүлч Монголын малчдад туслах хандивын аян өрнүүллээ

ОХУ-ын Буриад улсын төв хэвлэл “Буряад Үнэн” сонины сэтгүүлч, эрхлэгч Норжима Цыбикова зудын нөхцөл байдалд байгаа энэ цаг үед Монголын малчдад туслах аяныг санаачлан Дундговь аймгаас эхэлжээ.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан зудад өртөж буй малчдад зориулж “Монгол дахь нөхөрлөл” нэртэй viber групп нээжээ. Уг уриалгад 80 хүн нэгдсэн бөгөөд Норжима Цыбакова Монголд өөрийн биеэр ирж цугласан мөнгөөрөө өвс, тэжээл худалдан авсан байна.
Улмаар худалдаж авсан өвс тэжээлээ Дундговь аймгийн малчдын төлөөлөлд хүлээлгэн өгчээ. Тэдгээр айлын нэг нь зудад 300 үхэр, 1200 хонио харамсалтайгаар алджээ.
Тэрбээр өвс тэжээлээ өгсний дараагаар Фейсбүүк хуудастаа, “Монгол малчдад өөрсдийн бололцоогоор туслахыг хүсэж байна. Энд мал газар дээрээ хэдэн зуугаараа хорогдож байна. Ийм зуд Монголд өнгөрсөн зууны 1944 оноос хойш болоогүй. Шилэн зуд, төмөр зуд аль нь ч бай, малд аврал алга. Ирэх гуравдугаар сар бүр л хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Үнэхээр сэтгэл өвдөж байна” гэж бичжээ.
“Буряад Үнэн” сонин нь анх “Буряад Монголой үнэн” нэртэйгээр 1921 онд Чита хотод худам монгол бичгээр гарсан. Харин 1958 онд Буриад Монголын автономит улс Буриадын автономит улс болсноор “Буряад үнэн” нэртэй болсон бөгөөд 2021 онд 100 жилийн ой нь тохиосон. Одоо орос, буриад хоёр хэлээр гарч буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа!!!!!!!!