Нийгэм мэдээ

"Манай улсад сурагчдад зориулсан ном, гарын авлагад хяналт тавих байгууллага байхгүй"

Сурагчдын өргөн хэрэглэдэг химийн хичээлийн гарын авлагад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтыг агуулсан сургаал үг бичигдсэн нь цахим орчинд олны шүүмжлэл дагуулаад байна. Монгол Улсад сурах бичгийн агуулгад хяналт тавьдаг төрийн байгууллага байдаг ч сурагчид өргөнөөр хэрэглэдэг сургалтын гарын авлага, лавлах ном зэрэгт хяналт тавьдаг байгууллага байхгүй гэнэ.

2015 онд хэвлэгдсэн ЕБС-ийн багш сурагч нарт зориулсан химийн лавлах номонд эмэгтэйчүүдийг доромжилсон өнгө аяс ашигласан нь хүүхдүүдэд буруу үйлгэр дуурайлал үзүүлж, ялгаварлан гадуурхах хандлагийг төлөвшүүлэхэд нөлөөлөх магадлалтай. Хүйсээр нь ялгаварлан гадуурхах хандлага хэрэв хүүхдэд сургуулийн наснаас нь суувал насан туршдаа нөлөөлөх үзэл хандлага төлөвших эрсдэл ч үүсгэж мэднэ хэмээн боловсрол судлаачид шүүмжилж байна.

Энэ талаар Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнээс тодруулахад, "Бидний хувьд хичээлийн холбогдолтой гарч байгаа ном болгоныг хянах боломж байхгүй. Хувь хүн ямар нэгэн хичээлийн гарын авлага бичиж, найруулж гаргалаа гэхэд тэрийг хянах боломж үнэхээр хэцүү. Үүнийг магадгүй тухайн хүн өөр нэг мэргэжлийн хүнээр редакторлуулах эсвэл хэвлэлийн компани нь л хянах байх. Тийм ч учраас манайх хичээлийн хөтөлбөрөөс гадуурх гарын авлага, номыг засна гэж ойлгож болохгүй" гэсэн тайлбарыг өглөө.

Мөн өмнө нь ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын сурах бичигт "Хадам ээжтэйгээ хэрхэн харилцах" дасгал байсанд эцэг эхчүүд болон асран хамгаалагчдын шүүмжлэлийг ихээр дагуулаад байсан. Энэ мэтчилэн хүүхдийн сурах бичигт тусгагдаж буй эдгээр алдаануудыг мэргэжлийн шатнуудын ажилтнууд, албан тушаалтнууд анхаарах ёстойг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button