"Хаврын их цэвэрлэгээ энэ сарын 08-наас эхэлж, хоёр долоо хоног үргэлжилнэ"

Хаврын улиралд цас хайлж, гадна зам талбайн шавар шавхай ихэсч байна. Хотын дарга Х.Нямбаатар гадаа агаарын температур нэмэх градуст хүрэхээр бүх нийтийн цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тус мэдээллийн хүрээнд нийслэлийн хот тохижилтын газрын мэргэжил С.Уянга бидэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Он гарснаас хойш нийслэл даяар хоёр дахь удаагийн их цэвэрлэгээ 2024 оны дөрөвдүгээр сарын 01-нд эхлэх ёстой байсан хэдий ч нөхцөл байдлаас хамаарч нэг долоо хоногоор хойшлуулж байгаа. Энэ дөрөвдүгээр сарын 08-наас эхлээд хоёр долоо хоног үргэлжилнэ.
Тус ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийнэ.
Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.
Мөн их дээд болон ЕБС, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэнэ. Мөн нийтийн байгууламжуудыг эвдэж сүйтгэх, ил задгай бие засах, хогоо хаях үзэгдэл хэвийн болсон тул иргэдийг соён гэгээрүүлэх ажлууд хийгдэнэ.
Бид бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байгаа. Гэхдээ зарим дүүргүүдийн хувьд гуравдугаар сарын сүүлээр их цэвэрлэгээгээ хийчихсэн байсан. Ямартай ч энэ цэвэрлэгээ бол маш том хэмжээний өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдах тул албан байгууллага, ААН-үүд өргөнөөр хамрагдаасай гэж хүсэж байна” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.