Нийгэм мэдээ

“П.Ангараг 2022 онд Үндэсний баяр наадмын шигтгээ болж байсан. Одоо 10 настай”

Хэнтий аймгийн Батноров сумын морьт харваач охины зураг олны хайрыг татаад буй. Түүнийг П.Ангараг гэдэг. Одоо 10 настай бөгөөд морьт харваагаар хичээллээд хэдийн гурван жил болжээ.

Өхөөрдөм охин П.Ангараг нь 2022 онд тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмын морьт жагсаалд оролцож "Наадмын шигтгээ" болсон чадварлаг нэгэн билээ. Мөн түүний хувьд 2022 оны Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр шалгарч байжээ.

Төв азийн нүүдэлчдээс үүсэлтэй гэгддэг морьт харваа нь хүрлийн үеийн хадны сүг зурагт дүрслэгдэж, улмаар дундаж зууны байлдан дагууллын үед цэрэг дайчин бзрийн гарамгай чаддаг эрдмийн нэг байсан юм. Харин цаг хугацааны явцад энэхүү морьт харваагаар хичээллэх хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, 1980-аад он гэхэд циркийн үзүүлбэр хэлбэрээр энэхүү уламжлалыг арав хүрэхгүй хүн л тээж байжээ. Харин 1990-ээд оноос эхлэн Японы морьт харваа болон түүний түүх уламжлалыг танилцуулснаар Монголд дахин морин дээрээс харвах уламжлал илүү спортын шинжтэйгаар хөгжих боломжтой болсон байдаг. 

П.Ангараг охины ах: “Манай дүү долоон настайгаасаа эхлээд морь унаж сурсан. Эхлээд нум сум харваж сураад, дараа нь морьтой харвадаг болсон. Би нэг хэсэг клубийнхээ хүүхдүүдтэй хашаандаа бэлтгэл хийдэг байсан юм. Тэгээд манай дүү бэлтгэл хийж байгааг хараад нэг удаа надаас зөвшөөрөл аваад нум сумыг оролдож үзэж байсан. 

Дүүгийн минь зураг жил болгоны энэ үеэр нийгмийн сүлжээгээр гарч ирдэг. Тэр зураг бол хоёр билүү гурван жилийн өмнөх зураг. Тухайн үед дөнгөж морьт сур харваагаар хичээллэж эхэлсэн үе байсан бөгөөд улсын баяр наадмыг нэгэн сайхан чимэг болж байлаа. Хэдий цаг хугацааны хувьд хоцрогдсон зураг гаргаж ирдэг ч гэсэн дүүг минь магтаж, хайралж байгаа бүх хүмүүст үнэхээр их талархдаг” гэж байлаа.

Гэрэл зургийг М.Зоригт

Олон хүний хайрыг татсан түүний хувьд "Морьт харвааныхаа дээлийг өмсөөд, нум саадгаа зүүгээд мориндоо мордоход их гоё байдаг. Монгол хүн болсноороо бахархах омогшсон мэдрэмж авдаг.  Мөн том болоод нум сум харвадаг хүн болоод хүүхдүүдэд зааж өгөх хүсэлтэй.Цаашлаад загвар өмсөгч, тогооч, зураач зэрэг олон зүйлсийг хүсэж мөрөөддөг" хэмээн ярьж байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button