“Z” үеийн дуу хоолой“Эгүүр” брэндСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Z” үеийн дуу хоолой №1: “Бид ийм хүмүүс, бидэнд ийм ‘но’ бий”

Улаанбаатарын төв дэх багашаархан кофе шопод залуус орж гарна. Урт үстэй хөвгүүд хөгжим ярьж, гитар тоглох. Өргөн өмдтэй, эршүүд яриатай охид американо шимэх. Өмнөө нөтбүүк дэлгээд юуг ч юм хийн товчлуур товших, бас Ма Жианы “Хэлээ гарга” туужийг уншаад шанаа тулж суух залуус нүдний өмнө солигдоно. Эндээс Generation Z буюу Z үеийнхний өвөрмөц дүр төрх харагдана. Чухам ийм орчинд зочинтойгоо ярилцаж, үзэл бодлыг нь сонссон юм.

Саяхныг хүртэл бид Миллениал гэж ярьдаг байв. Цаг хугацааны хувьд 90-ээд оны шилжилтийн үед төрсөн тэдгээр залуусын ялгарах онцлогийг Миллениал гэдэг ойлголт тайлбарласан. Харин төд удалгүй Z үеийн тухай сэдэв Миллениалын орыг залгасан. Ингээд 2000-аад оны хүүхдүүдийн тухай Z гэж цоллон ярих болж, тэр дундаа “Тэд бол супер хүүхдүүд, ярих зүйл байхгүй” гэж хөөргөдөх хандлага газар авлаа.

HumanZ.mn сайтыг үүсгэн байгуулагч М.Баасандэлгэр манай сайтад өгсөн ярилцлагадаа, “Монголын Z үеийнхэн Z гэдгээ ч мэддэггүй, сул дорой” хэмээн ярьсан нь бий. Ирээдүйг тэд л хөгжүүлж, улс орныг нуруун дээрээ авч явах мэт их найдлага тавин, хир тортог халдаахгүй байгаа Z хэмээн нэрлэгдэх энэ үеийн залуусын өмнө яг үнэн хэрэгтээ ямар асуудлууд тулгарч байна вэ?

Ийм санааны үндсэн дээр Eguur.mn “Z үеийн дуу хоолой” цуврал контентоо эхлүүлж байна.

“Z” ДУУ ХООЛОЙ

1997-2010 оны хооронд төрсөн хүүхдүүдийг Z үе гэнэ гэсэн тайлбар улиг болжээ. Гэхдээ олон улсад баримталж буй ерөнхий тодорхойлолт нь энэ. 2012 онд, USA Today сэтгүүлээс Y үе буюу Миллениалуудын дараачийн үеийнхнийг ямар нэрээр нэрлэх талаар санал асуулга явуулсан. Үүнд iGeneration, Gen Tech, Gen Wii, Net Gen, Digital Natives, Zoomers гэх мэт саналууд нэр дэвшжээ. Ингээд Z үе буюу Gen Z хэмээн нэрлэхээр тогтсон аж.

Нэрийн саналуудаас харахад, техник технологийн цахим эрин үед төрж, өсөж буй гэсэн утгыг хадгалахаар эрмэлзэж байсан нь илт. Чухам интернэт хөгжсөн, ямар ч мэдээллийг хуруугаа хөдөлгөөд л гартаа оруулж дөнгөх, хилийн чанадад болж буй үйл явдлыг гэртээ суугаад үзэх, харийн соёлд гар утсаараа суралцах боломж бүхий нийгэмд энэ бүхэл үе “өөр” болж төлөвшихөөс аргагүй.

Дэлхийн хэмжээнд Z үеийнхнийг харьцангуй эрт ажлын байранд гарна, өөрийн гэсэн орлоготой болно гэж үзэх хандлага давамгайлдаг. Тэд техник, технологийн хөгжил аж амьдралын салхийг хааш нь эргүүлж болохыг хамгийн сайн мэддэг учир уламжлалт ажил, мэргэжлүүдийг сонгох магадлал нь бага. Цаашлаад ухаалаг гар утасны “донтонгууд”. Өнөөдөр нийт Z үеийн 55 хувь нь өдөрт 5-с доошгүй цаг ухаалаг гар утас хэрэглэдэг, харин 26 хувь нь 10 буюу түүнээс дээш цаг хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Z үеийнхэн өөрсдийгөө юу гэж дүгнэж, бодож явдаг талаарх үзэл бодлыг хуваалцахаар С.Хос-Эрдэнэ, А.Мөнхтөгөлдөр нартай ярилцсан юм. Тэд хувцас дизайнер болох зорилго тавин хөдөлмөрлөж буй Z үеийн төлөөлөл.


С.ХОС-ЭРДЭНЭ: Z ҮЕИЙНХЭН ЗАЛХУУ, СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД СУЛ ДОРОЙ

С.Хос-Эрдэнэ 2001 оны нэгдүгээр сард төрсөн. “Урлах эрдэм” дээд сургуульд Хувцас дизайнер мэргэжлээр суралцдаг.

Манай үеийнхэнд хувь хүний үзэл бодол сайн төлөвшөөгүй байгаа. Гэхдээ нийгмээ гадны ертөнцтэй харьцуулж шүүмжлэлт нүдээр хардаг. “Тэнд ийм байхад, энд яагаад ийм байгаа юм бэ?” гэсэн асуултыг үргэлж тавьдаг. Үүнээс болж Rebel маягийн хувь хүмүүс төлөвшиж байна гэж хардаг.

Уг нь манай үеийнхэн технологийн эрин үед өсөж байгаа, ухаантай юу ухаантай. Хүсвэл юуг ч сурч, өөрийн болгож чадахаар. Гэхдээ их сонин, яагаад ч юм цойлж гарч ирж чаддаггүй. Байж дассан хайрцагнаасаа гарахыг өөрсдөө хүсдэггүй. Гарах гэсэн нэгнийгээ “Чи энд л байдаг ш дээ” гэж хойш чирдэг.

Дээд үеийнхэн бидэнтэй тодорхой хэмжээнд тэрсэлдэж, ямар ч утгагүй зүйлсээр барьж боохыг хүсдэг. Жишээ нь мухар сүсэг, уламжлал. Хамгийн наад зах нь “Шөнө хумсаа авч болохгүй” гэдэг. Тухайн үедээ зөв байсан ч цаг хугацаа урагшлахын хэрээр утга нь алдагдчихсан зүйлсийг бидэнд одоо хүртэл шахах гэж оролддог.

Өнөөдөр “Ямар ч үед өөрөөсөө ахмад үеийг хүндлэх ёстой” гэсэн ойлголт явдаг. Би амьдралдаа нэг их хийж бүтээсэн зүйлгүй ч өөрийгөө хөгжүүлэхээр мэрийж яваа. Гэхдээ надаас дор, юу ч хийж бүтээгээгүй, хувь хүнийхээ хувьд огт хөгжөөгүй дээд үеийнхэн бий. Тэднийг би хүндлээд, “Та” гэж хэлж чадахгүй. Надаас олон жил амьдарсан байж болно, түүгээрээ илүү зүйл мэддэг, туршлагатай байж болно. Гэхдээ мэддэг зүйл нь хэр зөв бэ гэдэг асуудал тавигдах ёстой. Нөгөө талд, надаас дүү хэр нь “Би ийм зүйл хийчихсэн, хар!” гээд гараад ирсэн хүүхдүүд олон. Тэднийг харин би насаар дүү ч хүндлэх болно.

Дээр үед юмсыг бодох арга, хэлбэр амархан байсан. Бүх зүйлд өгдөг тайлбар, хариулт нь энгийн байсан. Нүгэл буян, там диваажин, бурхан бугийн ойлголтоор бүхнийг тайлбарладаг байлаа. Харин өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж, бүх зүйлсэд логик үндэслэлтэй тайлбар өгөхийг оролддог болж. Үнэн худлын зааг асар их мэдэгддэг, мэдлэг мэдээллээр хахсан энэ үед Z-үүд учраа олохгүй гацдаг. Зөв, бурууг ялгахын тулд тэд өөрсдөө эрэл, хайгуулд хатдаг.

Трэндийн асуудал их сонин. Хувцаслалтад трэнд гэж гардаг шиг хүний трэнд, зан аашийн трэнд гардаг болсон. Ууж идээд, лаг хувцас өмсөөд, бага зэрэг дээрэлхүү зан гаргаад явдаг залууст охид дуртай байна гэвэл тэр нь трэнд болчихдог. “Охидууд ийм залуус сонирхож байна” гээд үүнийг дуурайж эхлэх. Дахиад ном уншдаг, үсээ ургуулдаг, эсвэл хөгжим тоглодог залууст нэг хэсэг охид дуртай байвал, бас нэг хэсэг залуус үүнийг дагаж эхэлнэ. Өөрийгөө гүйцэт олоогүй хүмүүс трэндэд хэтэрхий их автдаг. Гайгүй төлөвшсөн залуус бол трэндэд хэт автаад байдаггүй.

Залхуу. Энэ бол хамгийн том асуудал нь. Дээрээс нь сэтгэл санааны хувьд өмнөх үеүдээ бодвол сул дорой. Ямар нэг юмны нөлөөнд амархан автдаг. Юмыг амархан аргаар хийх гэж, аргалах гэж үздэг. Би өөрөө ч ийм болохоор шүүмжлэх нь өрөөсгөл байна.


А.МӨНХТӨГӨЛДӨР: ХАРИУЦЛАГА СУЛТАЙ, ИДЭВХЖИЖ ЧАДДАГГҮЙ Z ҮЕ

А.Мөнхтөгөлдөр 2000 оны дөрөвдүгээр сард төрсөн. БНХАУ-ын “The Central Academy of Drama” их сургуульд хувцас дизайнер мэргэжлээр суралцаж байна.

Z үе. Энэ тодорхойлолтод хамаарагдах хүмүүс өмнөх X, Y үеийнхнээс хариуцлагын түвшнээрээ ялгарч байна гэж хардаг. Бид өмнөх үеэсээ хариуцлага султай болж төлөвшиж байх шиг. Гэтэл бодит байдал биднээс эсрэгээрээ, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна. Хариуцлага гэдэг хувь хүний зохион байгуулалттай шууд холбоотой, энэ ойлголтоос бидний хүсдэг тэр оршихуй урган гарах эсэх хамаарна. Харин үүнийг ухамсарласан нь ховроор барахгүй, үл тоомсорлох хандлага элбэг үзэгддэг шүү дээ.

Бүтээлч байх хамгийн боломжтой нөхцөлд амьдарч байгаа боловч төдийлөн идэвхжиж чаддаггүй манай үеийнхнийг томчууд буюу өмнөх үеийнхэн ойлгодоггүй байж магад. Энэ идэвхгүй, унтаа байдал юутай холбоотой, юунаас үүдэн бий болсон байна вэ гэдгийг тэд бидэнтэй хамтран олж мэдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, томчууд ч бас цаг үе өөрчлөгдөж буйг, цаашид өөрчлөгдсөөр байхыг, гол нь өөрсдөө ч бас нэгэн цагт “өөрчлөгч”-ийн үүргийг гүйцэтгэсэн гэдгээ ойлгох хэрэгтэй. Z гэгдээд буй бидэнд халуун дулаан сэтгэл, шударга байдал гэх мэтчилэн мартагдах аяс ороод буй хүнлэг чанаруудыг өөрсдийн биеэр үлгэрлэж, сэтгэл зүйн хувьд сул дорой бус, бэрхшээлийг туулах чадвартай болж хөгжихөд туслалцаа үзүүлж байгаасай гэж боддог.

Элдэв үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр аливаа мэдлэг, чадварыг богино хугацаанд эзэмших давуу гэмээр тал бүрдэж байгаа ч энэ бүхэн эргээд бидний үеийнхний сэтгэлзүйн дархлаанд замбараагүйтлийг бий болголоо. Манай орны хувьд, ээж аавууд маань ч хүндхэн үеийг туулсан гэдгийг бодолцож үзвэл бид тэднээс ямар нэг дэмжлэг хүсэлтгүй ч юм шиг. Гэлээ гээд нөхцөл байдалтай эвлэрч, өөрсдийгөө өрөвдөх сэтгэлээ хооллосоор байхаас татгалзах хэрэгтэй. Зөвхөн энэ ч гэлтгүй тулгарсан асуудал бүрийнхээ сул талаас нь дайжихын оронд үүнд үндэслэн шийдлийг эрэлхийлдэг баймаар байна.


Z ГЕН ГЭЖ БАЙХГҮЙ. ЦАГ ДАГАСАН ХҮМҮҮЖЛИЙН ОНДООШИЛ ГЭЖ БИЙ

Монгол Z үеийн хоёр төлөөлөл ингэж ярив. Тэднийг үе тэнгийнхнийхээ алдаа дутагдал, шүүмжлүүштэй зүйлсийг илүүтэй дэлгэхийг хүссэн юм. Нөгөөтэйгүүр, ахмад үеийн хүмүүсээс хүсэж, хүлээдэг зүйлсийг нь ч мөн яриулах чухал байв.

Дэлхий даяар хамаарагдаж буй цаг хугацааны интерваль нь нэг ч гэлээ, өсөж торниж байгаа хүрээлэн буй орчны нөлөөлөл орон орны Z-үүдэд ялгаатай байдлыг үүсгэнэ. Мөн Z гэдэг тусдаа ген байхгүйг санууштай. Энэ бол цагийн аясыг дагасан хүмүүжлийн ондоошил. Иймд орон орны Z үеийнхэн тодорхой хэмжээнд ялгаатай, харилцан адилгүй байх нөхцөл үүсэж байгаа юм.

Манай улсын Z-үүдийн өмнө тулгамдаж буй асуудал зарим талаар бусад орны Z үеийнхнээс ондооших боломж ийнхүү бий болно. Тиймээс ч ирээдүйд улс орны хөгжлийг чирж явах нь тодорхой Z үеийн дуу хоолойг сонсгож, ахмад үед нь хүргэх гэдэг чухал болжээ.

Үзэл санааны хувьд шинэ үеийнхэн ахмад үетэйгээ зөрчилд ордог тухай С.Хос-Эрдэнэ ярилаа. Зааж сургах хүн ховор тэдний хувьд, өөрсдөө үнэний эрэлд хатаж, интернэт, сошиал орчин дахь их мэдээлэлд хахдаг байдал ч тулгамддаг аж. Нөгөө талаар нас явахын хэрээр суудаг хүн ёсны эрхэм дээд чанаруудыг ахмад үеэсээ суралцахыг хүсдэг тухайгаа А.Мөнхтөгөлдөр ярьсан байна.

Тэд ийм хүмүүс, тэдэнд ийм “но” бий… “Z үеийн дуу хоолой №2” үргэлжлэл контентоор тэдний хувьд эх орон ямар үнэ цэнтэй талаар сэдвийг хөндөнө.


Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Z -үеийн дуу хоолой
    D – үеийн дуу хоолой
    A – үеийн дуу хоолой гэх юм байна л даа

  2. Бидний дээд үеийнхэн үндсэндээ хоцрогдмол, бүдүүлэг байдлаа хадг####аж үлдэхийг илүүд үздэг юм шиг харагддаг. Ийм л байсан, ийм л байх ёстой гэх мэт. Манай үеийнхэнд ч ийм хандлага байна. Бидэнд маш том нуг####аа үүссэн байгаа. Нэг бол хөгжих, эсвэл асар том нүхний ёроолд унаж хэдхэн жилийн дараа нүүрлэх их өлсгөлөнд өртөх. Хөгжих гэдэг үгний цаана зүгээр нэг пабжи тоголж, К-поп сонсож Макбүүк, iphone дээр тик токдохыг хэлэхгүй шүү дээ. Хөгжих гэдэг нь тэрийг хэрэглэдэг шигээ бүтээх хэрэгтэй шүү дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button