"Ааш нь олдохгүй нохойг 45 хоногийн сургалтад хамруулж, нийгэмшүүлэх боломжтой"
Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтад болох нохой муурыг тэжээх хүмүүсийн сонирхол нэмэгдсэнтэй уялдан тэдгээрийн үржил,өсөлтийг хязгаарлах, эзэмших, тэжээх талаар гарсан дүрэм, журмыг мөрдүүлээгүйгээс эзэнтэй, эзэнгүй нохой, муурны тоо толгой олширч хүн, мал руу халдаж иргэдийн амьдралын тайван байдлыг алдагдуулах, хот орчныг бохирдуулах, хүн, малд өвчний халдвар тараах явдал байнга гарч байна. Энэ нь ихэнх хүмүүс сэтгэлийн хөөрлөөр нохой авч дараа нь тэжээж чадахгүй, хүмүүжүүлж чадаагүйгээс үүсэлтэй. Тэгвэл ааш нь олддоггүй ууртай нохойгоо 45 хоногийн сургалтад хамруулах боломжийг нохой тэжээдэг хүмүүст олгож эхэлжээ.
"Top dog" нохой сургалтын төв нээгдээд хэдийн хоёр гаруй жил болжээ. Тэнд ихэнхдээ шээж, бааж сураагүй, хурц зан төлөвтэй, хог түүж иддэг зэрэг олон төрлийн асуудалтай нохойнуудтай тулж ажилладаг байна.
Тус сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Шарав хэлэхдээ, "Хамгийн түрүүнд нохойтой маш зөв харьцах ёстой. Нохойнд нэг ширүүн эсвэл сул талыг харуулж болохгүй. Тэгэх юм бол нохой "энэ ингэж л байдаг юм" гэсэн зан сурчихдаг талтай. Миний хувьд өглөө хамгийн түрүүн нохойгоо шээлгэж, баалгаад түүний дараагар хооллохгүй шууд сургалтаа эхэлдэг. Сургалтаа хийснийхээ дараа хооллодог.
Мөн өдөр болгон сургалтаар бөмбөгдөөд байж болохгүй. Нохой залхдаг.Тийм болохоор нэг хоног өнжиж заах хэрэгтэй байдаг. 45 хоног гэдэг бол тийм ч хангалттай хоног биш ч гэсэн тухайн нохой ямартай ч эхний удаад ихэнх командаа мэдээд, дутагдлаа засаад эзэндээ очдог. Манай улсад энэ талын сургалт гэхээр хувь хүмүүс л их байдаг. Тийм болохоор зарим тохиолдолд тэдгээр хүмүүстэй холбоо тогтоож чадахгүйгээс болоод нохойгоо шууд төөрүүлэх эсвэл өөр хүнд өгөх гээд нохойныхоо ааш занг эвдээд байдаг нь харамсалтай. Харин үнэхээр өөрөө сургаж чадахгүй байвал бидэнд хандаж болно. Дараа нь сургалтад суусан нохойгоо илүү тууштай, өдөр бүр нь сурсан зүйлийг нь дадал болгох л хэрэгтэй байдаг.
Одоогоор манат сургалтад гурван нохой суралцаж байна. Тэдний асуудал дээр дурдсанчлан ааштай, команд мэдэхгүй, зөв газраа шээж бааж сураагүй зэрэг асуудалтай ирсэн. Удахгүй мундаг болоод гарна даа" гэж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.