Монголчуудын цаг зарцуулалт: Хоногийн 1440 минутын 572-т нь унтдаг
Монгол орон даяар "Цаг ашиглалтын судалгаа"-нь 2023 оны 1 дүгээр сарын 24-нд эхэлсэн билээ. Ингэхдээ Монгол хүний амьдралын хэв маягийг тодорхойлж, өдрийн 24 цагт юу юу хийж, түүндээ хэчнээн цаг хугацаа зарцуулж байгаа болон өмнөх судалгааны үр дүнгээс амьдрал ахуйн хэмнэл нь хэрхэн өөрчлөгдөж буйг судлан тодорхойлсон юм.
Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын статистикийн тухай хуульд заасны дагуу 4 жил тутам Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г боловсруулдаг. Хуульд заасны дагуу энэ удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион явуулсан ба судалгаанд 23394 өрхийг хамруулав. Цаг ашиглалтын судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зураглажээ.
Хүн амын цаг ашиглалтыг хэмжихдээ тодорхой үйл ажиллагаанд өдөрт дунджаар хэдэн минут зарцуулж буйгаар тооцдог. Өдрийн 24 цаг нь 1440 минут болох ба, энэхүү 1440 минутыг ямар үйл ажиллагаанд, хэрхэн зарцуулж буйг тооцсон байна.
Долоо хоногийн нэг өдөрт 12, түүнээс дээш насны хүн амын дундаж цаг ашиглалт, үйл ажиллагаагаар, минутаар
Монгол орны хаана амьдарч байгаагаас хамааран хүн амын цаг ашиглалт ялгаатай. Хүн амын амьдарч буй байршлаар илрэх цаг ашиглалтын хамгийн том ялгаа нь хөдөөд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд хотынхноос илүү их цаг зарцуулдаг. Хөлстэй болон хөлсгүй нийт хөдөлмөр эрхлэлтэд хөдөөгийн хүн ам хотын хүн амаас өдөрт дунджаар 13.9 хувиар илүү цаг зарцуулдаг. Хотод ААНБ-д ажиллах зонхилсон хөлстэй хөдөлмөр давамгайлдаг бол хөдөөд мал маллах зонхилсон өрхийн эцсийн хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөлстэй хөдөлмөр давамгайлна. Хөдөөд МАА эрхлэх хөлстэй хөдөлмөр эрхлэлт их учраас боловсролын үйл ажиллагаа, чөлөөт цаг, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулах цаг хотынхоос хомс гэсэн судалгааны дүн гарсан байгаа юм.
Мөн Монгол хүн өдрийн 24 цагийн 51.0 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна.
Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.