УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс "Удирдах зөвлөлөөр үүсээд буй нөхцөл байдлаа хэлэлц" гэсэн ерөнхий чиг өгсөн. Өнөөдөр өглөө 08:00 цагаас Удирдах зөвлөл хуралдана гэсэн мэдээлэл байсан ч албажаагүй. Eguur News агентлаг улс төрд өрнөөд буй процессыг нэг дороос агуулгаар хүргэж байна.


Нэмэлт: 20:32

-Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ-

Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжсэн бөгөөд ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

Хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал даргалж, 126 гишүүнээс 69 гишүүний ирцтэйгээр УИХ дахь АН-ын бүлэггүйгээр эхэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Зулпхар,

Рио Тинто талын байр суурь, хариулт юу гэсэн талаар та мэдээлэл өгөөч.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

"Рио тинто"-ийн хэлцэл бол Монголын үр өгөөжийг 60 хувьд хүргэх, зээлийн хүү бууруулах, менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, ногдол ашгаа авъя, "Онтре"-г Монголд ашигтай хэлбэрээр хэлцэл байгуулахаар яриа хэлэлцээр өрнөж байсан. Айлын талын өгч байгаа саналууд өөрчлөгдөж байгаа нь улс төрийн өнөөгийн энэ үед бодит байдал гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл,

Салбаруудын цалин тэгш нэмэгдэх ёстой. Дараа дараагийн Засгийн газарт чухал асуудал. Та ямар реформ хийх гэж байсан юм бэ.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Гүйцэтгэл, үр дүнд тулгуурласан реформ хийхээр төлөвлөж байсан. Цалингийн шинэчлэл хийхээр холбогдох яам дээр хэлэлцээд, судлаад явж байгаа юм. Нэг хүн хоёр хүний ажил хийж байвал илүү өндөр цалин авах, орон тоо, бүтэц, төсвийн шинэчлэл дээр нь тулгуурласан өөрчлөлт хийхээр төлөвлөж байсан юм.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр,

Таныг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбоотойгоор Зүүн аймгийн иргэдээс мессеж ирж байна. Цаашид ноолуурын зах зээлд хэрэгжүүлж буй бодлого нь үргэлжлэх юм уу. Ноолуурын дуудлага худалдаа яах вэ гэж асууж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Зүүн бүсэд дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь цаашид хэвээр үргэлжилнэ. Ноолуурын салбарт 350 орчим тэрбумын зээл олгохоор төлөвлөж байгаа. Ноолуурын дуудлага худалдаа бол зохион байгуулагдах нь хэвээр.

Шадар сайд Т.Доржханд,

Жилийн өмнө би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроход өмгөөлж үг хэлж байсан. Одоо би Г.Занданшатарын Засгийн газрыг бас өмгөөлөөд үг хэлье. Өнөөдөр Засгийн газрын гишүүн П.Наранбаярыг буруу аргаар гүтгэж ярихад нь бид дуугүй байсан. Кабинетын бодлогыг хүндэтгээд бид дотроо л ярьсан. Засгийн газар нь байнга огцордог ийм улсад хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ. Хэн тогтвортой Засгийн газар бий болгож байна вэ гэдэгт л итгэж хөрөнгө оруулдаг. Яг одоо энэ Засгийн газрыг огцруулах ажиллагааг МАН-ынхан өөрсдөө хийж байна. 105 жилийн түүхтэй МАН-ынхан тогтвортой Засгийн газаргүй байдгийг харууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Ийм амаргүй цаг үед улс төрийн гацалт үүсэж байгаа учраас энэ бүхнийг даруй зогсоох ёстой. Ёс зүйн уналтыг бид өөрсдөө зогсохгүй юм бол олон улсад шившиг болж дууслаа. Тиймээс ёс зүйн үлгэрлэл гаргаж, өөрийн улс төрийн шийдвэрийг гаргалаа. 9 сарын өмнө та бүхний итгэлийг хүлээж Ерөнхий сайд болохдоо гадаад хүчин зүйл хэцүү байгаа учраас төр бүсээ чангалж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж хэлсэн. Биднийг Засгийн газрыг хүлээж авахад валютын нөөц багассан, эдийн засгийн өсөлт буурсан, нүүрсний экспорт хумигдсан байсан. Хэрвээ зоригтой шийдвэр хийгээгүй бол инфляц 15 хувьд хүрэхээр байв. Иймээс ард түмний халаасыг тэмтрэх биш төсвийг 2.4 их наядаар танаж, төр бүсээ чангалсан. Үүнийг дагасан эдийн засгийн сайн үр дүнгүүд гарч эдийн засгийн өсөлт 6.8 хувь болж өссөн. Инфляц өнөөдөр 6.5 хувь болж буураад байна. Валютын нөөц 7.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн нь бодит үр дүн юм.

Оюутын шинэ ордыг нээснээр зэс хайлуулах үйлдвэрийг бодит ажил хэрэг болгоход гол нөлөө үзүүлэв.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм. Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хөдөө аж ахуй салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг бүрдүүллээ. 

Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Мөн 90 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. 

Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, Монголын талын эзэмшлийг 60 хувьд хүргэх, өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг бодитой байр суурийг илэрхийлсэн.

Бидний амжуулж чадаагүй олон ажлууд байж магадгүй. Гэхдээ бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсээн. Монголын баялаг монголчууддаа үлдэх ёстой. 9 сарын өмнө амласан амлалтдаа хүрж байсан гэж хэлнэ. Монгол Улс зөв цэгцтэй бодлогоор урагшилж чадна. Бидэнд, надад тоо баримтаас илүү Монгол төрийн ёс суртахууны асуудал байлаа. Шийдвэр гаргаж чаддаггүй, авлигад идэгдсэн төрийг өөрчлөх нь чухал байлаа.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчилал бэхжүүлж байдаг. Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Төрийн энэ чөдөр тушааг тасдахын тулд Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна.

Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураахад 126 гишүүнээс 73 гишүүн санал өгсөний 54 хувь нь дэмжсэнээр түүнийг Ерөнхий сайдаас чөлөөллөө.

Нэмэлт: 19:45 цаг

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ-

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанд 17 гишүүн ирцээ бүрдүүлж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хэлэхгүй гэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

"Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улс төрийн гацалтаас гаргахын тулд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Зулпхар,

Хянан шалгах түр хорооны сонсголоос гаргасан тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд та хэлэлцээрийн ширээний ард Рио Тинто-той суусан. Сорилтуудыг таны Засгийн газар туулаад, ажиллаж байсан гэж харж байгаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Олон улсад байгаа энэ нөхцөл байдлуудаас шалтгаалан шатахууны үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэл бий болох вий гэсэн үүднээс гурван арга хэмжээ авахаар ажиллаж байсан. Гэвч өнөөдөр төрийн ажил гацаж, зогсчихоод байна. Ингэж улс төрийн шийдвэр гаргалгүй удвал үнийг нь ард түмэн төлнө. Өнөөдөр тэртээ тэргүй ард түмний нуруун дээрх ачаа хүнд байна.

Төрийн ажил тасралтгүй явах ёстой байтал тодорхойгүй байдал үүсээд, саад бий болчихож байгаа нь цаашид улс эрх ашгийг хойш чангаана.

УИХ-ын гишүүн С.Зулпхар,

Одоо бидний хувьд ОХУ-ын нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг нэмэгдүүлэх

Ерөнхий сайд Г.Занданшатар

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин руу захидал бичсэн. Гэхдээ улс төрийн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор үнэ цаашид нэмэгдэх байх.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн,

Танай Засгийн газар бүлэг ордуудын үйл ажиллагааны ашгийн өгөөжөөс Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх асуудлыг хөндөөд, урагшлуулаад явж байсан. Мөн Оюу Толгойн усны төлбөрийг төлүүлэх гэдэг асуудал яригдаж байсан. Ер нь уул уурхайн томоохон асуудлыг хөндөхөөр л ингээд Засгийн газар нь огцрох хэмжээний нөхцөл байдал үүсчихдэг. Өнөөдөр цахим орчинд ч иргэд энэ талаар ярьж байна.

Та төр барихад ард түмэн оролцоход үзэл санааны хувьд механизмыг нь бүрдүүлэхэд гар бие оролцсон. Хууль тогтоох байгууллагын үйл хэрэгт таны энэ үзэл санаа хэрэгжиж, тусав уу?

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Анх удаа И-Монголиагаар төсвийг хэлэлцүүлэхдээ иргэдийн саналыг авч, оролцоог нь нэмэгдүүлж ажилласан. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд өгөх хүрээнд хувийн хэвшлүүдтэй зарчмын тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан.

Рио Тинто компанитай таван асуудлаар ярилцаад, нааштай явж байтал ийм улс төрийн гацалт үүслээ. Хэлэлцээний багтай дөрвөн удаа ширээний ард суусан яг энэ цаг үед улс төрийн ийм нөхцөл байдал үүссэнийг холбоотой гэж харж байгаа. Монгол Улс байр суурь дээрээ хатуу зогсох ёстой.

Баялагтаа эзэн байх асуудлыг хуульчилж, ард түмний оролцоог үүнд илүү түлхүү болгоход Засгийн газар түүчээлж, хуулийг нь өргөн барихаар ажиллаж байгаа. Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

Г.Занданшатар Ерөнхий сайд өөрөө хүсээгүй ч улс төрийн нөхцөл байдлаас болж ажлаа өгч байна. Ямар нэг хууль зөрчөөгүй. Эдийн засгийн өсөлт буурчихсан байхад өсөлттэй болгосон. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш нэмэгдээгүй байсныг нэмэгдүүлсэн. Баялгийн сан дээр иргэдэд өгөөжийг нь өгдөг болгож чадсан. МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг дэмжсэн учраас хүндэтгэлтэй хандана. Мэдээж Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй урагшлаад явах ёстой. Дэлхий даяар үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн сорилтууд ирэх учраас энэ цаг үед улс төрийн сандал суудалтай зууралдалгүй, улс орны эрх ашгийг дээгүүрт тавьсан Г.Занданшатарт талархаж байна.

Горимын санал байгаа юм. Үндсэн хуулийн 40-р хуульд зааснаар дараагийн Ерөнхий сайдыг шинээр томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч хэвээр байх асуудлыг анхаарах нь зүйтэй биз ээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах саналыг дэмжье гэснээр санал хурааж байнгын хорооны гишүүдийн 84 хувь нь дэмжсэнээр уг саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Нэмэлт: 18:45

-МАН-ын бүлгээр Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, ТББХ-гоор хэлэлцэж байна-

УИХ дахь МАН-ын бүлгээр Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжив. Одоо Төрийн ордон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Одоогоор байнгын хорооны ирц бүрдээгүй. Нийт 32 гишүүүнээс 14 нь л ирцээ бүртгүүлснээр 43.8 хувьтай буюу 51 хувьд хүрч байж хуралдах юм.

Байнгын хорооноос гарсан саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. УИХ-ын чуулганыг хэрвээ УИХ-ын дарга Н.Учрал даргалвал АН-ын бүлэг оролцохгүй гэдгээ мөн илэрхийлэв.


Нэмэлт: 17:40 цаг

-УИХ дахь МАН-ын бүлгээр Ерөнхий сайдын чөдөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна-

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээн авсан асуудлыг хэлэлцэж буй.

Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, араас нь УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах товтой байна.

Ерөнхий сайдын хүсэлтийг УИХ-аар хэлэлцэн дэмжвэл, дараагийн Ерөнхий сайдын асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэн нэгдсэн санал гаргах юм.


Нэмэлт: 16:30 цаг

-Удирдах зөвлөл Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авлаа-

МАН-ын Удирдах зөвлөл 98 хувийн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргасан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр,

"Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын нөхцөл байдал ийм эгзэгтэй цаг үед төрийн ажил гацахгүй байх ёстой гэдэг байр сууриар өөрөө улс төрийн зориг гаргаж Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Түүний энэ шийдвэрийг Удирдах зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн. Яг одоо МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдах гэж байна. Дараа нь УИХ-ын чуулганаар өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлээд явна.

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалтай зууралдахгүй гэдгээ л илэрхийлсэн. Холбогдох процессийн дагуу явах болохоор Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө үгээ хэлэхдээ байр сууриа тодорхой болгох байх" гэв.


Нэмэлт: 15:13 цаг

-Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлд гаргалаа-

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр оройноос эхлэн дуншсаар өнөөдөр 14:30 цагт товлогдож, яг одоо хуралдаж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Д.Амарбаясгалангийн талаас Засгийн газарт суудал горилох яриа хийснийг хувьдаа дэмжээгүй бөгөөд тэр өмнө нь ч ийм байр суурь илэрхийлсэн. 

Тиймээс улс төрийн энэ нөхцөл байдалд тэр хэнтэй ч ямар ч тохироо хийхгүй гэснээрээ МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өглөө.


Нэмэлт: 14:45 цаг

-МАН-ын УЗ-ийн гишүүдийн санал хоёр хуваагдав-

Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.

Ардчилсан намын эхлүүлсэн улс төрийн акц буюу парламентыг олонх болсон намын даргаар удирдуулахгүй гэх зарчмын асуудлыг хөндөж, улмаар энэ нь МАН доторх хуваагдлын зарим талд нь ашигтай нүүдэл болов.

Гэсэн ч талууд өчигдрөөс эхлэн байр сууриа нэгтгэхээр ярилцсан ч шийдэлд хүрээгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан ерөнхийлөгчтэй уулзсаны дараа ч Удирдах зөвлөлийн тов огт гараагүй байсаар өнөөдөр товлолоо.

Хурал дээр, Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь олонхын шийдвэрээ дагана гэсэн байр суурь илэрхийлсэн бол зарим нь геополитикийн эгзэгтэй ийм үед Засгийн газраа огцруулах нь эрсдэлтэй гэх байр суурийг ч мөн илэрхийлсэн байна. УЗ-ийн гишүүдийн олонхыг ерөнхийлөгчийн хүмсүүс бүрдүүлж буй тул түүний байр суурийг өнөөдрийн хуралдааны шийдвэрээс магадгүй тодорхой харж болох юм.


Нэмэлт: 13.30 цаг

-Удирдах зөвлөлийг хуралдуулах товыг зарлалаа-

Цаг үеийн улстөрийн асуудлаа МАН Удирдах зөвлөл дээрээ шийдэх нь зөв гэж өчигдрийн бүлэг дээрээ тэд тохирсон. Хурлын товыг МАН-ын Генсек Я.Содбаатар зарлах ёстой ч саяхныг хүртэл УЗ-ийн 39 гишүүндээ зар тараагаагүй байв. Тэгвэл өнөөдөр яаралтайгаар 14.30 цагт УЗ-өө хуралдуулна гэж гишүүддээ мэдээлэл тараасан байна.

Үүсэх өрнөлийг бид эргэн мэдээлэх болно.


Нэмэлт: 13.00 цаг

-Д.Үүрийнтуяа: УЗ өнөөдөр хуралдах үгүйг мэдэхгүй. Тов ирвэл хуралдаа суухад бэлэн-

УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ын гишүүн Д.Үүрийнтуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй, бидэнд зар мэдээлэл ирээгүй байна. Өчигдрийн бүлгийн хуралдаанаар одоо өрнөөд байгаа улс төрийн асуудлыг УЗ дээрээ ярилцах зүйтэй гэх шийдвэрт хүрсэн. Өнөөдөр хуралдах үгүйг мэдэхгүй байна. Тов ирвэл хуралдаа суухад бэлэн байна.

Бүлгийн хурал өчигдөр хаалттай болсон. Хаалттай хурлын мэдээллийг бүлгийн дарга хийсэн. Иймд хаалттай хурлын талаар яриад байх нь зохисгүй.

МАН-ын 68 гишүүн хуралдаа суусангүй гэж яриад байгаа. Гэхдээ аль нэг намаас хамаарсан төрийн ажил гэж байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүнээр сонгогдоод, төр түмэндээ тангараг өргөхдөө улс эх орны төлөө ажиллана гэж амласан. Иймд чуулганы үйл ажиллагаа өөрөө Үндсэн хуулийн зөрчил гаргасан гэж үзээгүй бол гишүүд чуулгандаа оролцох үүрэгтэй. АН-ын шаардлага өөрөө хууль бус" гэлээ.


Нэмэлт: 12.21 цаг

-Удирдах зөвлөлийн 39 гишүүнтэй танилц-

МАН-ын Удирдах зөвлөл хуралдах эсэх асуудал одоог хүртэл товлогдоогүй хэвээр бөгөөд хойшлуулж магадгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус гэдэг. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх нь "ерөнхийлөгчийн хүмүүс"-ээс бүрдэж буй. Ингэхээр улс төрийн одоогийн галыг намжаах эсэхийг олонх шийднэ гэсэн үг юм.

Удирдах зөвлөлд нийт 39 гишүүн бий. Үүнийг дэлгэрэнгүй харуулвал,

  • Я.Содбаатар - МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • Н.Энхбаатар - МАН-ын Нарийн бичгийн дарга
  • Б.Пүрэвдагва - МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч
  • С.Мөнгөнчимэг - МАН-ын Нарийн бичгийн дарга
  • Ө.Золбаяр - МАН-ын Нарийн бичгийн дарга
  • М.Цэлмүүн - МАН-ын Нарийн бичгийн дарга
  • Д.Мөнхсайхан - МАН-ын Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
  • Д.Сумъяабазар - МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга
  • Б.Чойжилсүрэн - Орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд
  • Г.Занданшатар - Монгол Улсын Ерөнхий сайд
  • Ж.Бат-Эрдэнэ - УИХ-ын дэд дарга
  • Ж.Батжаргал - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • С.Бямбацогт - УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
  • А.Үйлстөгөлдөр - Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  • Х.Нямбаатар - Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга
  • Х.Булгантуяа - УИХ-ын гишүүн
  • Ч.Хүрэлбаатар - МАН-ын даргын ахлах зөвлөх
  • Ж.Энхбаяр - УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • Ж.Ганбаатар - Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн
  • Э.Батшугар - УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
  • Н.Наранбаатар - Төсвийн байнгын хорооны дарга
  • Ч.Ундрам - Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд
  • Л.Энх-Амгалан - УИХ-ын гишүүн
  • Б.Батцэцэг - УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд
  • У.Отгонбаяр - УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • З.Мэндсайхан - УИХ-ын гишүүн
  • Э.Бат-Амгалан -  Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилгажуулалтын сайд
  • Г.Тэмүүлэн - УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • Ч.Номин - УИХ-ын гишүүн
  • Д.Үүрийнтуяа- УИХ-ын гишүүн
  • Б.Хэрлэн - УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга
  • М.Мандхай - УИХ-ын гишүүн
  • Б.Уянга - УИХ-ын гишүүн
  • Б.Ану-Үжин - Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • Б.Жавзандорж - МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • Б.Батцэцэг - Ерөнхийлөгчийн тамгын газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга
  • А.Энхзул - Ерөнхий сайдын зөвлөх
  • Ц.Цогзолмаа - УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн
  • М.Оюунчимэг - Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер

Эхлэл: 08.30 цаг

-Ерөнхий сайд улс төрийн ямар нэг тохироо хийхгүй гэдэг байр суурь дээр зогсов-

Өчигдөр бүлгийн хурлын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар уулзсан. Үүний дараа С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар Ерөнхийлөгчтэй дахин уулзаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд засгийн газрын гишүүд цуглах зэргээр нэлээд уулзалтууд болсон.

Гэвч уг уулзалтуудаар тодорхой шийдэлд хүрээгүй гэгдэж байна. Үндсэндээ Удирдах зөвлөл рүү орохоос өмнө МАН-ын томчууд нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага үүсээд байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөгийн бүрэлдэхүүн "ерөнхийлөгчийн" талын хүмүүсийн дийлэнх олонх бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар "Тохирооонд орохгүй" гэдэг байр сууриа нээлттэй илэрхийлчхээд байна.

Харин Төрийн тэргүүний тухайд Засгийн газрыг Н.Учралаар толгойлуулах эсэх дээр тодорхой байр суурь хэлээгүй. Дотооддоо эв түнжингээ сайжруулмаар буйгаа ярьсан гэгдэж буй юм. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тухайд уулзалтуудад орохоос татгалзсан аж.

Г.ИТГЭЛ

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

uls tur bur l dotoroo temtseed bh shig sanagdaj bn

Зочин
Зочин

ерөнхийлөгчийн байр суурь тодорхойгүй байгаа нь сонин байна

Больцгоо
Больцгоо

Тарцгаа, өмхий хулгайчууд

Зочин
Зочин

ингэж тодорхойгүй байдал үргэлжлэхээр улс төр бүр будлиантай харагдаж байна

Зочин
Зочин

ene buh uulzaltuud yagaad shiidelgui duusdag yum bol sonin bn

Зочин
Зочин

томчууд нь өөрсдөө нэгдэж чадахгүй байхад улс яаж урагшлах вэ

Зочин
Зочин

ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн нь зөв ч үр дүн нь юу болох бол

Зочин
Зочин

yagaad ingej olon uulzalt hiigeed neg shiideld hurehgui bgaa yum be

Зочин
Зочин

улс төрийн тогтворгүй байдал улам нэмэгдэх шинжтэй

Зочин
Зочин

улс төрд ил тод байдал үнэхээр дутагдаж байна

Зочин
Зочин

ene buhniig harahaar dotood asuudal ih hund bga ni oilgomjtoi

Зочин
Зочин

улс төрийн шийдвэр гаргах процесс удааширч байна даа

Зочин
Зочин

Дор дороо зүгээр ажлаа хийгээд явж байсан залуусыг Хүрэлсүх л самарсан. Одоо төрийнхөө байгаа царайг хар Хүүкээ

Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

126 г зайлуулж байж зөв шийдэлд хүрнээ

Зочин
Зочин

Маанаг туучий!!

Зочин
Зочин

ер нь дотроо эв түнжинтэй байж л улс урагшилна шүү дээ

Зочин
Зочин

улс төрийн итгэлцэл улам багасаж байна даа

Зочин
Зочин

uls turiin togtvorgui baidal ediin zasagt bas nuluulnu shuu

Зочин
Зочин

хурал нь болох эсэхийг хүртэл хүлээгээд сууж байна даа

Зочин
Зочин

иргэдийн хувьд ойлгоход улам л хэцүү болж байна

Ккккк
Ккккк

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үнэн үг байна шүү

Зочин
Зочин

Анхнаасаа л сонгуулийн үр дүнд бүрдсэн засаг биш Хүүкийн тоглоомын засаг байсан. Одоо Учралынх бас адилхан тоглоомын засаг

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

МАН АН 126 хулгайчидыг тараах хэрэгтэй

Зочинолдо
Зочинолдо

Гай болохоор зай болоод өгдөг ч болоосой энэ ан

Дэл
Дэл

Ойрох Дорнодоос дутуугүй хоорондоо зодолдох юмаа тарцгаа новшнуудаа их хурал тарах хэрэгтэй байна даа

Холбоотой мэдээ

Back to top button