“Z” үеийн дуу хоолойЯРИЛЦЛАГА

#GenZ | Д.Саранцэцэн: Нөгөө л нэг “саарал хот”-доо үлдчихгүйн тулд залуус гадны орон руу “зугтдаг”

Өнөөдөр Eguur.mn сайт үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож буй. Энэ өдөрт зориулж, “Z үеийн дуу хоолой” цуврал контентийн хүрээн дэх эхний ярилцлагаа уншигчдад хүргэж байгаадаа таатай байна.

Анхны зочин, “Universal” англи хэлний сургалтын төвийн багш, 18 настай Д.Саранцэцэн. 2017-2018 онд АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, 2019 онд Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэнээр өдгөө тус улсад онгоцны нисгэгч мэргэжлээр суралцаж байгаа амжилттай тэр Z үеийн нэгэн төлөөлөл. Багш алдрыг зүүж, нас насны олон өнгө хүмүүст англи хэл зааж эхлээд нэг жил хагасын нүүрийг үзэж буй түүнтэй бид Z үеийнхний гадны орныг зорих болсон шалтгаан, тэдний гэр бүлийн асуудлын сэдвээр ярилцлаа.


-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн шалтгаанаас нь ярицлагаа эхэлье гэж бодож байна. Уг нь Монголд сурч байсан юм билээ?

-Уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. Би 2018 онд ЕБС-иа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элсэн орж, нэг семестер суралцсан л даа. Тэгээд хоёрдугаар семестрээсээ чөлөө авчихсан. Үнэндээ ажлын цагтай давхцаад байсан учир надад аль нэгийг нь сонгох шаардлага тулгарсан юм. Тухайн үед намайг аз жаргалтай болгож байсан зүйл нь ажил байсан учир ажлаа сонгож, чөлөө авсан гэж болно.

Тухайн жилд нэг их гадны орныг зорих хүсэл байгаагүй гэмээр. 2017 онд “FLEX” сурагч солилцооны хөтөлбөрт тэнцэж, АНУ-д нэг жилийн хугацаанд амьдарч ирээд удаагүй байв. Тэр хөтөлбөрийн журамд заасны дагуу ойрын хоёр жилдээ дахин АНУ-д зорчих боломжгүй болсон тул ерөөс гадны орныг нэг их сонирхоогүй, МУИС-д элсэн орсон хэрэг.

Гэтэл тэр жилийн арваннэгдүгээр сард Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан. Яг тэр үед хэрвээ энэ боломжийг алдчихвал саарал аквариум шиг Улаанбаатартаа үүрд үлдчих гээд байх шиг санагдаж, бүртгүүлэхээр шийдсэн.

-Тэтгэлэг зарлагдахаас өмнө дотоодын их сургуульдаа сурч, төгсөх хүсэл хэр их байсан бэ?

-Байсан шүү. Би МУИС-ийг маш сайн сургууль гэж боддог. Нэг семестр сурахдаа багш нарыг нь их хүндэлдэг болсон. Гагцхүү аливаа зүйлийг олон талаас биш, нэг л талаас нь тайлбарлаж, түүнийгээ оюутнуудад тулгахаар оролдох хандлага дийлэнх харагддаг нь тиймхэн санагдсан. Бусдын хэлдэг шигээр МУИС-ийг би муулахгүй.

Яг үнэндээ Унгарт суралцах боломжтой мэргэжлүүдийн дотор онгоцны нисгэгч байсан нь нэг том түлхэц болсон. Энэ мэргэжлээр гадны тэтгэлэг маш ховор олддог, жилийн сургалтын төлбөр нь дор хаяж л 10 мянган доллараас эхэлдэг. Гэтэл ийм боломж байхад алдмааргүй санагдсан хэрэг. Манай ээж нисэхийн байгууллагад ажилладаг байсан учир, хол газраас онгоцоор нисээд гэртээ ирж байгаа хүмүүс ойр дотныхонтойгоо ямар их аз жаргалаар уулздагийг багаасаа мэдэрч өссөн. Ингээд “хол буй хүмүүсийг ойртуулж, уулзуулдаг” хүн болох сайхан санагдаж, энэ тэтгэлэгт хүчээ үзсэн.

-Унгарын тэтгэлгээс үүдэж мэргэжлээ гэнэтхэн өөрчилж ээ? Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав намайг анх олон улсын харилцааны мэргэжилтэн болоход тохирно гэж үзсэн хүмүүсийн нэг. Гэсэн хэдий ч онгоцны нисгэгчийн мэргэжлээр Унгарыг зорино гэхэд эсэргүүцээгүй, хориглоогүй. Аав, ээж хоёр маань миний сонголтыг зүгээр л хүндэтгэсэн. Ер нь тэд маань, “Чи ингэж, тэгж болохгүй. Заавал ингэх ёстой” гэх байдлаар миний сонголт, шийдвэрт хандаад байдаггүй л дээ.

Ингээд өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Монголоос ниссэн.

-Хамт нэг ч монгол оюутан яваагүй, ганцаар ниссэн гэсэн. Дөнгөж очоод төрсөн сэтгэгдлээсээ сонирхуулаач?

-Би Монголоос нэг л их яарсан, явахын түүс болсон хүн ниссэн л дээ. Тэгээд яг Унгарын Дебрецен хотод хүрч очход, зүгээр л Улаанбаатарын өөр нэг хэсэгт ирчих шиг мэдрэмж төрсөн. Байшин барилгууд нь яг л Улаанбаатарт байдаг шиг хэв загвартай. Харин хэд хоногийн дараачаас хүмүүсийнх нь соёлын ялгааг ажиглаж эхэлсэн л дээ.

Дөнгөж ирээд л байр луугаа орж явтал, цахилгаан шатнаас бууж ирсэн огт танихгүй өвөө надтай мэндэлсэн. Танихгүй ч мэнд мэддэг юм байна гэх анхны унгар хүний сэтгэгдэл тэгж үлдсэн. Хоёрт гэвэл, Унгарчуудын монгол хүмүүст хандах хандлага бусад орнуудтай харьцуулахад хавьгүй илүү юм билээ. Тэд Атилла хаан хүртэлх бидэнтэй холбогдсон үүх, түүхээ сайн мэддэг мэт санагдсан.

-Тэс өөр соёл бүхий газар ирсэн хүн Соёлын шок-той заавал ч үгүй тулгардаг гэлцдэг. Өөрийн чинь хувьд ямар байв?

-Өөрийнхөө туршлагыг харсан ч, бусад монгол оюутнуудыг ажигласан ч яг “Соёлын шок”-нд орсон зүйл тохиолдоогүй шүү. Монголчуудыг дасан зохицох чадвар өндөртэй гэж ярьдаг нь үнэн байх. Ирснээсээ хойш долоо хоноод л хаашаа явахын тулд ямар автобусанд суух хэрэгтэй зэрэг ойр зуурын бүх зүйлсээ гартаа оруулчихсан.

Миний хувьд оюутны байранд ороогүй, тусдаа байр түрээсэлж амьдарсан л даа. Ингээд л өөрөө хүнсээ цуглуулах, өөрөө интернэт, гар утасныхаа төлбөрийг төлөх гэх мэт бие даах эхний алхмуудыг хийж эхэлсэн. Эхэндээ хөргөгч дүүрэн, хангалуун амьдарч байгаа юм л даа. Яваандаа хоосрох нь элбэгшиж, гэрээсээ мөнгө гуйж залгах нь олширдог юм билээ. Ерөөс гадаадад сурдаг хүний амьдрал нүүр лүү алгадаад авсан. Бүх шийдвэрийг өөрөө толгой мэдэж гаргах болоод ирэхэд маш их хариуцлага мэдэрдэг. Гэхдээ бүх удирдлагыг гартаа авах мэдрэмж надад таалагдсан.

-МУИС-тай харьцуулахад сургалтын системийн хувьд хамгийн өөр, ондоо зүйлс нь юу байв?

-Энд шалгалтаас гадна бие даалт, ирц, идэвхийн оноо зэрэг нийлж эцсийн дүн гардаг шүү дээ. Харин Унгарт зөвхөн шалгалтын дүнгээр шууд тавьчихдаг юм билээ. Манай ангид суралцаж байсан Азербайжан эмэгтэй намайг үнэхээр гайхшруулсан. Тэр 30 настай, Туркэд амьдардаг хүн л дээ. Гэтэл семестрийн ихэнх үед нутагтаа ажиллаж, амьдарч байгаад шалгалт болохоор ирж өгчхөөд л буцаад яваад өгдөг. “Би ч гэсэн бараг ингээд сурчхаж болох юм биш үү” гэх бодол эрхгүй төрсөн. Гэхдээ Монгол оюутнууд хоорондоо, “Бид нар хавьгүй потенциал сайтай, хичээлээ тасласан ч 100 гарчихна” гэж ярилцах нь бий. Ёстой үүн шиг худлаа зүйл байхгүй шүү гэж хэлмээр байна /инээв. Сурв/.

Харин бусдаар яг л Монгол шиг. Багш нь яриад л, заагаад л байдаг. Практик талын мэдлэг олгох нь ховор. Эцсийн эцэст Монголд сурч байсан математикийг Унгарт л зааж байгаа байхгүй юу. Арай өөр, дэвшингүй байх болов уу гэтэл бараг л ижилхэн байсан. Ер нь бол Унгар, Монгол хоёрын сургалтын программ төстэй юм шиг санагдсан.

-Харин оюутнуудын сэтгэлгээний хувьд хэр өөр байсан бэ?

-Тэндхийн оюутнууд алдахаас айдаггүй юм билээ. Монгол оюутнуудад, “Би энэ хичээл дээр заавал онц гарах ёстой, тэгэхгүй бол амьдрал сүйрлээ” гэсэн түгшүүр байдаг. Тэдэнд бол үгүй. Давж л байвал хангалттай гэсэн сэтгэлгээтэй санагдсан.

Бас маш тайван, өөрийнхөөрөө. “Хэн намайг юу гээд бодчих бол” гэсэн айдас, хүлээсгүй. “Би ийм хүн, намайг иймээр нь хүлээж авах эсэх таны л сонголт” гэсэн байр сууринаас, яг л байгаагаараа биеэ авч явдаг. Бусдад таалагдахыг хичээдэггүй. Мөн материаллаг сонирхол багатай шиг анзаарагдсан. Автобусанд суулаа гэхэд үсрээд л нэг, хоёр хүн iPhone X барьж харагдана. Харин Монголд захын нэг кофе шопод ороход бараг бүгдээрээ iPhone X-тэй байгаа даа. Ер нь эдлэл хэрэглэл, өмссөн зүүснээрээ өрсөлдөөд байдаггүй юм билээ.

-Үүний өмнө АНУ-д мөн нэг жилийг өнгөрөөсөн шүү дээ. Америк хүмүүсээс хэр ялгаатай санагдав?

-Би сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Миннесота муж дахь 300-хан хүнтэй нэг тосгонд, “Host” айлд амьдарсан юм. Жижиг тосгон учир иргэдийнх нь сэтгэлгээ маш хумигдмал, боогдмол байсан. Тэр газраасаа гарч үзээгүй, хэдэн үеэрээ амьдарсаар байгаа дасчихсан. “Host” айл маань л гэхэд намайг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсдэг, шаарддаг байсан.

Харин Унгар пост-социалист орон ч гэлээ хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцоод байдаггүй, хүний эрх чөлөөг хүндэлдэг нь харагдсан.

-Хэдийгээр супер гэгддэг орон ч зах нутгийн иргэдийнх нь сэтгэхүй ийм л байдаг. Харин бид өөрсдийгөө нийт Америкчуудаас дорд үзэж, муучилдаг.

-Хэдийгээр АНУ-ын захын жижиг тосгоныг Монголынхоо Нийслэлтэй харьцуулах утгагүй ч гэлээ, би лав Улаанбаатарынхаа иргэдийг тэднээс хавьгүй ухаалаг, оюунлаг гэж хэлнэ. Тэд бүр гадаад ертөнцөд юу болж байгааг ч сонирхдоггүй, өвөө, аавынхаа өмнөх амьдралын циклийг дахин давтаж үргэлжлүүлэхээс уйддаггүй хүмүүс санагдсан. Харин бид хөгжиж, урагшлах шинэ боломж бүрийг цаг тутам эрэлхийлж байна.

-Ахуйн хэрэгцээнүүд нь ханачихсан нөхцөлд эргээд тогтоол ус шиг амьдрал бий болох магадлалтайг харуулах шиг.  

-Тийм шүү.

-Амралтаараа ирээд удаагүй байхад нь ярилцлага хийхээр уулзсан юм байна. Гэрээ хэр их санаж вэ?

-Ер нь санасан байна. Гэхдээ эндхээс илүү Унгарт хөлслөн амьдарч буй байр маань л жинхэнэ миний гэр юм шиг мэдрэмж төрсөн. Анх удаа тусдаа гараад, өөрөө бүх төлбөрийг нь төлж, арчилж тордож авч яваа болохоор ч тэр үү. Энд иртэл нэг л айлд байгаа юм шиг санагдаад байх юм.

Гэхдээ Америкт ч, Унгарт ч байсан ялгаагүй үргэлж санаж үгүйлдэг нэг зүйл бий. Би хаа ч явсан Улаанбаатар хотоо л маш их санадаг. Ажлаас гэр лүү алхдаг тэр зам. Энхтайваны гүүрэн дээгүүр алхаад л, хажуугаар машинууд зөрөлдөөд л. Яг энэ зураглал толгойд дахин дахин эргэлддэг. Ер нь бол гэрээ гэхээс илүү бүхэл бүтэн 18 жил амьдарсан Нийслэлээ л санадаг даа.  

-Унгарт байгаа жинхэнэ гэр лүүгээ буцах хүсэл хэр их төрж байх юм?

-Тэнд байхдаа Монгол очоод хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан. Гэтэл ирээд долоохон хоногийн дотор хийгээд дуусчихсан. Ингээд л буцаад явмаар санагдах эхэлсэн шиг /инээв. Сурв/.

Монголд дөнгөж ирээд зүв зүгээр байж байгаад танихгүй хүнд загнуулсан. Их дэлгүүрийн лифтэнд явж байсан юм. “Тэдийн тоон дээр дараад өгөөч” гэж хэлснийг нь чихэвч зүүчихсэн байсан учир сонсоогүй аж. Тэгтэл, “Чи чинь дүлий юм уу?” гэж намайг зандраад, нударч байна лээ /инээв. Сурв/. Дараа нь ногоон гэрлээр зам гарч яваад автобусанд дайруулах шахсан. Ингээд л, “Миний санадаг хайртай хотод маань нээрэн харанхуй талууд бий шүү дээ” хэмээн ухамсарлаж байгаа юм.

Гэхдээ амралтаараа ирсэн хамгийн том шалтгаан нь ажилдаа эргэж орох байсан. Багшийн ажил маань намайг үргэлж эргүүлэн татаад байдаг. Унгарт бүтэн 2 сар юу хийх вэ гэж бодоод, ажиллахаар нутаг буцсан хэрэг.

-Ер нь залуус ЕБС-иа төгсөөд л гадны оронд суралцахыг зорьдог болж. Боломж нь олдохгүй бол Gap Year авч завсарладаг байдал үнэхээр олширлоо. Өөрийн чинь хувьд Монголд ч, гадаадад ч сурч үзсэн, харьцуулсан ялгааг нь гаргаж ирэх бололцоотой нэгэн. Чухам яагаад тэд эх орноо голцгоох болов?

-Би гадаад руу сурахаар явсан, явахаар бэлдэж буй олон хүнийг танина. Ажиглаад, сонсоод байхнээ, тэд нөгөө л нэг саарал Улаанбаатар хотдоо үлдчих юм шиг санагдаж, “зугтдаг” шиг.

Миний хувьд Монголын боловсролын системийг муулахгүй, тэр дундаа их дээд сургуулиудын чанарыг муу гэж хэлэхгүй. Үнэндээ хүмүүсийн яриад байдаг шиг шалбааг болчихсон, ёроолдоо тулчихсан зүйл байхгүй гэж боддог.

Хоёрт, ер нь 10 жилийнхэн эцэг эхийнхээ хараа хяналтаас хол байхын тулд л гадны орон руу явахыг хүсдэг байх. Бас нөгөө талаар Монгол дахь ажил олгогчид гадаадад сургууль төгссөн залуусыг сонгож авах нь олонтаа шүү дээ.

Миний хувьд хүмүүсийг гадаад оронд суралцахаас илүү тухайн гадаад хэлийг нь сураасай гэж боддог. Тиймээс гадаадад сурах зүйлсийг хэлийг нь сурч, номыг нь уншсанаар эндээс олж авах боломжтой гэж хардаг.

Манайхан гадаадад очоод аягүй гоё эрүүл хоол идээд, гоё байранд амьдарна гэж төсөөлдөг. Бодит байдал дээр тэгэхгүй шүү дээ. Ер нь бид нарын тайван, аз жаргалтай гэж төсөөлдөг орнуудын нийгэм бодит байдал дээр өөр байх нь олонтаа.

Нөгөө л нэг саарал хотдоо үлдчих юм шиг гэлээ. Боломжийг алдахаас, бусдаас хоцрохоос айгаад байдаг гэсэн үг үү?

-Улаанбаатарын би гэрэл гэгээтэй ч гэхгүй, хар бараан ч гэж цоллож чадахгүй учир “саарал” өнгөөр тэмдэглэж байгаа юм. Үнэхээр залууст энд үлдчихвэл хөгжиж, урагшилж чадахаа байчих мэт санагддах байх л даа. Нөгөө л нэг уулздаг хүмүүс, нөгөө л ордог кофе шопууд. Иймээс хашигдмал байдлаасаа гарч, хувь хүнийхээ хувьд өсөж, томрохыг хүсдэг гэсэн санаа.

-Үнэхээр Монголд өсөж, томрох боломж байхгүй юм болов уу?

-Мэдээж хүн өөрөө хичээвэл боломжтой шүү дээ. Зүгээр л энд бакалаврын зэрэгт суралцаж төгсөөд, нэг ажилд ороод л, гэр бүл зохиогоод л таардаг ээж, аавынхаа амьдралын циклийг залуус давтахыг хүсэхгүй байна.

Бас бидний нийгмийн стресс залуусыг явахад хүргэдэг шалтгаануудаас нэлээд дээгүүр бичигдэх байх. Ихэвчлэн “Хэн нэгэн тэгж үхжээ, тийм гэмт хэрэг тэгж шийдэгдлээ” гэсэн хар бараан мэдээлэл мэдээллийн сайтуудад гардаг. Сүүлдээ хүмүүс ч өөрсдөө тэр хар бараан мэдээллүүддээ автчих шиг. Сайн сайхан юм болсон ч харлуулахыг хичээх боллоо шүү дээ. Ингэдэг хэсгийн 70 хувийг нь яг 35-с 50 насны хүмүүс эзэлдэг гэж хэлэх гээд байна л даа, барагцаагаар. Үлдсэн хэдэн хувьд нь 90-ээд оныхон болон манай үеийнхэн орох байх.

“Molpedia”-ын Н.Гансүхтэй ярилцаж байхад, 40-с дээш насныхан алга болж байж Монгол маань сайхан хөгжих юм шиг санагддаг гэж билээ.

-Үнэхээр тэр насныханд шинэ зүйлийг хүлээж авах чадвар сул байх шиг санагддаг. Тэгээд хуучнаасаа салах дургүй, энэ байдлаа бусдад ч шууд тулгадаг.

-10 жилийнхэн гэр бүлийн хараа хяналтаас зугтахыг хүсдэг гэлээ.  Ер нь юу аав ээж ба хүүхэд хоорондын харилцааг халуун дулаан болгодог юм бол?

-Халуун дулаан болгодог гэхээс илүү, анхнаасаа халуун дулаан байсан харилцааг сүйтгэдэг шалтгааны талаар яримаар байна. Нэгдүгээрт, эцэг эхчүүд өөрсдийнхөө гаргасан алдааг хүүхдүүдээ битгий давтаасай гэж хүсдэг. Мэдээж хүн үр хүүхдээ битгий алдаасай л гэж бодно, тийм л дээ. Гэхдээ хүн алдаж байж сурдаг. Хүүхдүүд өөрсдийгөө олох аялалд гарч яваа, харин энэ аяллыг нь ихэнх эцэг эхчүүд ойлгодоггүй. Үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг ч, сайн сайхны төлөөх замынхаа явцад алдахыг нь харахаас айдаг. Хоёрт, хүүхэддээ сонголт олгохгүйгээр өөрсдийнхөө гаргасан сонголтыг тулгадаг байдал.

Мөн хүүхдүүдтэйгээ тодорхой хэдэн сэдвүүдээр огт яриа өрнүүлдэггүй. Жишээ нь сэтгэлзүйн эмгэг, амиа хорлолт байна. Үнэндээ залууст ийм зүйлс тохиолдвол хандах, очих газар нь ховор шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Унгарын ’80 оны оюутан. Унгарт \мажарт\ сайхан. Гэхдээ усанд нь орж өссөн Туулын эрэг, Богд уул, өвөрт минь унтдаг асан дүүгээ санадаг бсан.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button