Ц.Баатар: "Шинь шинь" ХХК байгаль орчинд 672 сая төгрөгийн хохирол учруулсан

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК-тай холбоотой болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Ц.Баатар мэдээлэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Ойн ангийн дарга, инженер зарим сумдын засаг дарга нартай холбоотой үйлдлийг илрүүлж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шалгалтын ажиллагаа явуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 13 хүний буруутай үйлдлийг илрүүлэн Авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Экологийн цагдаагийн албанаас иргэд болон аж ахуй нэгж байгууллагад урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран нэгдсэн ойн ангийн дарга инженерүүдэд анхаарах ёстой асуудлын талаар хурал хийж, мэдээлэл өгсөн. Мөн гарал үүслийн гэрчилгээг цахим хэлбэрээр олгох ёстой гэсэн дүгнэлт гарган НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд цахим гарал үүслийн гэрчилгээг олгох нэгдсэн апплейкэшн, вэбсайтуудыг турших үйл ажиллагаа явагдаж байна.
Мөн Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-д холбогдох Эрүүгийн хэргийг шалгаж байна. Шинжээчдийн гаргасан шинжилгээний хариугаар хөрсөн дэх хүнд металлын тархалтад учруулсан хохирлыг 427 мянган төгрөг, хаягдал усанд учруулсан нөхөн төлбөр нь 245 мянган төгрөг болсныг тогтоосон. "Шинь шинь" ХХК-ийн байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
2021 оны аравдугаар сараас эхлэн тус компанийг Эрүүгийн хуульд заасан "Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэгт буруутай болох нь бүрдсэн" гэж үзээд яллагдагчаар татах санал гаргаж, прокуророос энэ оны гуравдугаар сард "Шинь шинь" ХХК-ийн Монгол талыг хариуцсан захирлыг яллагдагчаар татаж, тавдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг шилжүүлсэн" гэв.
Ж.ДАВААДУЛАМ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.