ТОДРУУЛГА: "Айлууд эко нүхэн жорлонгоо өөрсдөө засварлах ёстой"

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны зарим айл өрхөд тэрбум гаруй төгрөгөөр Эко нүхэн жорлон улсаас хийж өгсөн байдаг. Тэгвэл зарим айлуудын жорлонд нуралт үүсэж, цөмөрчээ. Энэ тухайгаа цахим орчинд “ Манай эко нүхэн жорлон цөмөрчихлөө арга хэмжээ авч өгнө үү” хэмээн бичсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тухайлбал “Татварын 4.5 тэрбумаар тойрогтоо жорлон барьж буй гишүүд ирэх жил урсгал засвар гэж тэрбум, тэрбумыг төсөвлөхөд гайхах юм алга. Баахан мөнгө үрсэн жорлонгоо чанартай ч барьчихгүй. Иргэд нь ч гэсэн байгаа юм аа арчлаад тордоод явчихгүй. Бэлэнчлэх сэтгэлгээтэй” хэмээн шүүмжилцгээж буй.
Тэгвэл уг асуудлаар тус хорооны засаг даргаас асууж тодруулахад дараах тайлбар өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотын айл өрхүүдийн ундны усны эхэнд 250м зайтай байдаг айл өрхүүдийг ерөнхийдөө эко жорлонжуулсан. Мөн суурьшил нь удчихсан, хашаан дотроо хэд хэдэн удаа жорлонгоо шилжүүлсэн 1050 айлд тавьж өгсөн. Сорох боломжтой учраас дахин ухах шаардлагагүй. Харин хөрстэй холбоотойгоор нуралт үүссэн бол өөрсдөө засаж сайжруулах, соруулах ч ёстой. Айлууд өөрсдөө л зохицуулна шүү дээ. Надад хараахан тийм мэдээлэл ирээгүй байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.