Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин "ОХУ ямар ч олон улсын гэрээнд захирагддаггүй" хэмээн газрын тэсрэх бөмбөгийн конвенцоос гарав

Фронтын шугамыг хамгаалахад хангалттай тооны цэргүүд элсүүлж чадахгүй байгаа учраас Украин Оттавагийн конвенцоос гарахаа зарласан. Тэрхүү конвенц нь газрын тэсрэх бөмбөгийг хориглодог. Украинд хүн хүчний асуудлаас гадна мөн АНУ-аас их буу болон сумны шинэ нийлүүлэлт авахад хүндрэл учир фронт дээр бага багаар ухарсаар байгаа юм.

Цэргийн шинжээчид болон Украины нэгэн цэргийн салааны командлагч хэлэхдээ тус конвенцоос гарснаар ОХУ-ын довтолгоог удаашруулахад тус болж магадгүй гэжээ. Киев дэх нөхөн сэргээх эмчилгээний төвд хэвтэж буй Олексий нэртэй цэрэг хэлэхдээ “ОХУ ямар ч олон улсын гэрээ, конвенцод захирагддаггүй. Тийм байтал  бид яагаад дагаж мөрдөх ёстой гэж” хэмээсэн байна.

Олексий нэмж хэлэхдээ "Бид энэ алхмыг хийх хэрэгтэй. Бид өөрсдийн газар нутгийг газрын тэсрэх бөмбөгөөр хамгаалбал довтолгоонд алдахгүй байх магадлал бий" гэсэн юм.

ОХУ Оттавагийн гэрээнд нэгдээгүй. Цэргийн шинжээчид, хүний эрхийн байгууллагууд болон Украины цэргүүдийн хэлснээр ОХУ явган цэргүүдийн эсрэг газрын тэсрэх бөмбөгийг өргөн хүрээтэй хэрэглэж байгаа аж. Харин Москва ийм төрлийн тэсрэх бөмбөг хэрэглэж байгаа гэдгээ баталж мэдэгдэл хийгээгүй. Харин Украин ОХУ-ыг газрын тэсрэг бөмбөг ашигладаг гэж буруутгаж байгаа.

2023 оны арваннэгдүгээр сард АНУ Украинд явган цэргийн эсрэг тэсрэх бөмбөг нийлүүлэхийг зөвшөөрсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн. Тухайн үед АНУ-ын албан тушаалтнууд газрын тэсрэх бөмбөгийг зөвхөн нутаг дэвсгэртээ л хэрэглэх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Мөн Украин энгийн иргэд амьдарч буй бүсэд газрын тэсрэх бөмбөг суурилуулахгүй гэж амласан хэмээн АНУ-ын албан тушаалтнууд хэлсэн юм. ОХУ одоогийн байдлаар Украины газар нутгийн тавны нэгийг хяналтдаа аваад буй.

Украины газар нутгийн ойролцоогоор дөрөвний нэг нь газрын тэсрэх бөмбөг болон дэлбэрээгүй сум, тэсрэх хэрэгслээр бохирдсон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Фронтын шугамууд болон ОХУ-ын Курск мужийн хил орчмын хэсгүүдэд дээр нь гишгих, чичиргээ мэдрэгдэх, эсвэл утсанд хүрэхэд дэлбэрдэг жижиг тэсрэх бөмбөгнүүдийг их хэмжээгээр, нягт байршуулсан байна.

Цэргийн шинжээчдийн хэлснээр явган цэргийн эсрэг газрын тэсрэх бөмбөг байрлуулах нь нь ОХУ-ын шинэ тактикийг эсэргүүцэхэд үр дүнтэй хэрэгсэл болж өгөх аж. Сүүлийн үед ОХУ бага бүрэлдэхүүнтэй довтолгооны нэгжүүд ашиглах болсон. Эдгээр нэгжүүдийг уламжлалт хамгаалалтын шугамаар зогсооход хүндрэл учирдаг аж.

Украины Үндэсний стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Микола Белесков хэлэхдээ “Фронтын шугамд манай талд явган цэрэг цөөн байгаа тохиолдолд ийм төрлийн тэсрэх бөмбөгнүүдээр саадын үүсгэх нь хамгаалалтыг бэхжүүлдэг. Ингэснээр бид зөвхөн дрон болон их буунаас хамааралтай байхаа болино” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button