"Хамгийн анх "Надад ирээгүй хайр" УСК-ны найруулагчтай уулзаж, зохиолоо уншчихаад, н.Халиунаагийн дүрийг шууд л дотроо дүрсэлсэн. Энэ дүрийг тултал сайн гаргаж чадна гэдэгтээ ч итгэлтэй байсан. Халиунаагийн дүр тэр нийгэмд амьдрахын төлөө зүтгэж яваа, зүтгэх зүтгэхдээ арай өөр аргаар амьдрах гэж яваа нэгэн байсан. Түүнийг "хүн" гэдэг утгаар нь илүү тод харуулахыг л зорьсон" гэх МУСТА Э.Намуунтай ярилцлаа. Өөрийн дурлаж, хайрлаж, сонгосон мэргэжлээсээ арван жил хол байж байгаад энэхүү уран бүтээлээр эргэн ирж буй нь энэ юм.
Урлагийн анхны тайзаа нэгдүгээр сургуулийн урлаг заал, хүүхдийн ордноос эхэлсэн тэрбээр СУИС-т элсэн орж, "Мөрөөдлийн театр"-т албан ёсоор нэгдэж, өөрийгөө чамгүй авьяаслаг нэгэн болохыг баталсан.
Ийнхүү арван жил хол байсан урлагтаа шинэ продакшн, шинэ уран бүтээлтэй эргэн ирсэн түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
-Юун түрүүнд урлагийн хүн болох хүсэл эрмэлзлэл хаанаас эхлэв?
-Би багийн л дуу шуутай, гал цогтой галзуу хүүхэд байлаа. Хүүхдийн ордны бүжиг, төгөлдөр хуурын дугуйланд таван жил сурсан. Томчууд ч намайг "урлагийн хүн болно доо" гэдэг байлаа. Урлагийн үзлэгт их дуртай болохоор нэгдүгээр сургуулийн урлаг заал, хүүхдийн ордон дотор л өөрийнхөө авьяасыг нээсэн гэхэд болно. Арван жилээ төгсөх дөхөөд, жүжигчний мэргэжил сонгохоор шийдчихсэн. СУИС-ийг 2013 онд ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлагад төгссөн.
-Хэрхэн "Мөрөөдлийн театр"-т нэгдсэн бэ?
-Урлагийн салбар шалгуур өндөртэй учраас төгсөж гарч байгаа хүүхэд бүрт өөрийгөө таниулах боломж олдох нь ховор. Тиймээс гуравдугаар курст байхдаа “To be or not to be” гэх телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон. Мундаг шүүгч нарын зөвлөгөө, шүүмжийг сонссон. Тэгээд яагаад ч юм тухайн үед байгуулагдаад удаагүй "Мөрөөдлийн театр" сонирхлыг минь татсан. Анх гарч ирэхдээ шоу драм хийснээрээ олон хүний сонирхлыг татаж чадсан л даа. Тэр шоу драм нь надад сонирхолтой, шинэлэг санагдсан хэрэг байх. Зохиол дээр ажиллаж, мэргэжлийн жүжиг болгож тавьдаг. Драмын чиглэл. Зохиолыг байгаагаар нь тавихын сацуу эвдэж шинэлэг болгож чаддаг. Шинэ урсгал гэж харсан учраас "Мөрөөдлийн театр"-т орох юм сан гэх зорилгыг өөртөө тавьсан. Удалгүй зорилго маань биелж , “Мөрөөдлийн театр”-т уригдсан даа.
Хүмүүс хошин урлагийг шүүмжилдэг. Харин би эсрэгээрээ өмөөрмөөр санагддаг. Тайзан дээрх таван үзэгдэлтэй хошин урлагийн нэг номер, драмын театрын жүжиг гээд үзэгчидтэй ойр байх нь жүжигчнийг маш сайн задалж өгдөг. Өөрийн самбаачилгаа харуулж, нөхцөл байдалд нэмэлт хачир оруулах уу, үгүй юу гэдгээ сэтгэдэг. Тиймээс тайзны уран бүтээл жүжигчнийг хамгийн их шалгаж, сайжруулдаг.
Тэгэхээр СУИС-д дөрвөн жил суралцсан ч, "Мөрөөдлийн театр"-т буюу халуун тогоонд буцалж байж сайжирсан болов уу.
-Тэгэхээр тайзны уран бүтээлээс дэлгэцийн уран бүтээл асар ялгаатай байх?
-Дэлгэцийн уран бүтээл, кино урлагийн талаар мэдлэг мэдээлэлгүй хүн. Шууд л практик дээр гарчхаж байгаа юм. Тайзны уран бүтээл бол үзэгчидтэй ойр, амьд мэдрэмж илүү өндөртэй. Харин дэлгэцийн уран бүтээл бол тэс өөр. Эхлээд шууд л төгсгөлийн сцена авах ч магадлалтай. Тэгэхээр бүтээж байгаа дүрийнхээ сэтгэлзүйг өөртөө хадгалж байх нь чухал санагддаг.
-"Мөрөөдлийн театр"-аас өөр тайзан дээр гарч байсан уу?
-Үгүй ээ. Харин дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байсан. Театраасаа гарснаас хойш "Бурхны авралаар, чи ирлээ" нэвтрүүлгийн багт ажилласан. Бид зохиолыг нь мэдэж байгаа ч, орж ирсэн жүжигчин бидэнд хэрхэн уусаж, залах нь сонирхолтой. Яг л тайзны мэт мэдрэмж өгсөн. Амттай байсан даа.
-Та сая "театраасаа гарснаас хойш" гэлээ. Хэзээ гарсан бэ, энэ шийдвэрийг яагаад гаргах болов?
-2015 онд гарсан. Арван жил урлагт ажиллаагүй, гэртээ байлаа. 2024 онд "Яг түүн шиг" шоунд уран бүтээлчээр оролцсон, бас саяны хэлсэнчлэн "Бурхны авралаар, чи ирлээ" нэвтрүүлгийн албанд ажилласан. Албан ёсны уран бүтээл гэвэл энэ онд С.Баттулга ахынхаа "Ганц үнэн" УСК-нд туслах дүр бүтээсэн дээ. Ингэж биеэ халааж аваад л, "Ханхур" пикчерсийн эхний уран бүтээл болох "Галбингаа" УСК-ны ажилдаа орсон.
-Арван жилийн дараа эргэж ирэхдээ, гэр бүлийнхээ хүнтэй хамтран албан ёсны кино продакшнтай иржээ. Энэ хүрэх зам хэр байв?
-Хүүхдүүд маань нялх балчир байсан тул сайн ээжийн үүргээ л гүйцэтгэсэн. Хүүхдүүд өсөж, өндийх нь цаг хугацааны л асуудал. Тав, зургаан жилийн өмнөөс л нөхөртэйгөө хамт кино продакшнтай болохыг зорьсон. Их ч ярилцсан. Санхүү мөнгө бүтэхгүй, болохгүй үе ч байлаа. Ямартай ч бодсон юмаа эхлүүлэхийг зориод дотроо тээчихсэн. Тэгээд л цаг нь ирж, бид бодсон зүйлийнхээ эхлэлийг тавиад байна.
-"Галбингаа" УСК нээлтээ хийгээд хүмүүст нэлээн хүрлээ. Олон төрлийн сэтгэгдлүүд хөвөрсөн. Зохиолын санаа юунаас ундарч гарсан бэ?
-Ер нь уран бүтээл хийхэд сэдэл санаагаа, өөрийн мэдрэмж, эмзэглэлээ зохиолч, найруулагчидтайгаа мэдээж уулзаж ярилцана. Энэ бүтээл бол найзтайгаа уулзаад сууж байхад төрсөн эмзэглэлээс эхлэлтэй гэхэд болно. Надад нэг тийм эмзэглэл байсан юм. “Монголын үрс маш олон болтугай” гэдэг монгол хүний ерөөлийн үг мартагдаад байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмж төрсөн л дөө.
Бид нэг хүйтэн, хатуу хүмүүс болчихсон санагдсан. Арав, хорин жилийн өмнө ийм байгаагүй шүү дээ. Хүнээр хүн хийж, хүнийг хүн шиг л хайрладаг байсан гэж боддог. Одоо нэгнээ гэх тэр их хайр үгүй болчихсон санагддаг. Тэгээд л бие биеэ энэрэх, хайрлах, нандин сэтгэлийг сэргээх зорилгоор киногоо эхлүүлсэн. Одоо бусдад гай болохгүй гэх амьдралын хэв маягтай болчихож. Энэ нь буруу биш ч хүн хоорондын харилцааг хэт их холдуулаад байна. Хүмүүс нэгнээсээ алсраад өөр өөрсдийгөө тойглоод л хэт "аминч" болоод байна. Ямартай ч хүмүүс уран бүтээлийг маань өөр өөрсдийнхөөрөө л дүгнэсэн. Бүх зүйлийг суралцсаар л байна.
Нээрээ, ирэх оны гуравдугаар сард бас нэгэн шинэ уран бүтээлээ нээхээр төлөвлөж байгаа.
-Ёстой ширүүхэн дайрч байна аа. Нууц биш бол шинэ уран бүтээлийнхээ талаар ярьж болох уу?
-Шинэ уран бүтээлийн маань нэр нь "Эгч нь эр хүн".
-Сонирхолтой сонсогдож байна.
-Тэгэлгүй яах вэ. Ер нь эмэгтэйчүүд бид хайрлахаараа, хайраа асгахаараа өөрсдийгөө гээчихдэг юм шиг санагддаг. Толинд ч харалгүй олон хонодог. Нэг л мэдсэн арзайж, сэгсийсэн "би" л өөртөө үлдчихсэн байдаг. Дээрээс нь "хатуу" хүн болчихсон байдаг. Нуруундаа их ачаа үүрсэн хүмүүс хаа сайгүй. Шинэ кино маань инээдмийн жанрынх ч гэлээ сая хөндсөн зүйлүүдийн талаар л мессеж өгөх зорилготой.
-Урт хугацаанд бодсон продакшнаа нээж, уран бүтээлээ гаргасны дараах ирээдүйн зорилго нь юу байна вэ?
-"Ханхур" пикчерсын уран бүтээлүүд ямар ч жанраар хийгдэж магадгүй. Гэхдээ нийгэм дэх эмзэглэлүүдэд хүчтэйгээр дуугарах зорилготой.
-"Надад ирээгүй хайр" киноны Халиунаа бол тэр нийгэмд үлдсэн мөн чанартай "хүн" байсан-

-"Надад ирээгүй хайр" кинонд бүтээсэн дүр тань жинхэнэ "бүүм" боллоо.
-Хамгийн анх киноны туслах найруулагч холбогдоод, "Найруулагч чамтай уулзмаар байна гэнэ ээ. Гэхдээ кино дүр нь биеэ үнэлэгчийн дүр шүү" гэж их л болгоомжилж хэлж байсан. "Дунжаа гээч" гэсээр кино зохиолоо уншлаа. Зохиолтойгоо танилцчихаад н.Халиунаагийн дүрийг шууд л дотроо дүрсэлсэн. Энэ дүрийг тултал сайн гаргаж чадна гэдэгтээ ч итгэлтэй байсан.
Нэгэнтээ л дүрээ авахаар тохироод ажил эхэлчихсэн байхад ичиж, санаа зовох шаардлагагүй шүү дээ. Уран сайхны киноны дүр бүтээж байгаа юм чинь тултал л гаргана. Өөр яриа байхгүй.
-"Надад ирээгүй хайр" кино гарсны дараа Халиунаагийн дүр орж ирэхтэй зэрэгцээд, гарах хүртэл хүмүүсийн санал сэтгэгдэл хэдэнтээ өөрчлөгдсөн. Магтаад л эсвэл муулаад л ...?
-Уншилгүй яах вэ. Айхтар муулж, доромжилсон сэтгэгдэл бага байсан. Хэрвээ тийм сэтгэгдэлтэй таарвал "наалдахаа байсан" шүү дээ.
Гэхдээ би үүнийг хэлмээр санагдсан. Энэ киноны уран бүтээлчид дандаа залуу хүмүүс. Бүжингийн дүрийг бүтээсэн Н.Нархажид маань "Буруу юм хийчхэв үү" гэж эргэлзэж суусан. "Гэрэл байвал сүүдэр байна" гэдэг шиг муу ч бай, сайн ч бай анхаарлын төвд байна гэдэг чинь тийм ч муухай зүйл биш.
Би ч олон нийтээр олон жил "нүдүүлсэн". Одоо бараг дасаж байна. Гэхдээ хүмүүсийн боловсролоос их зүйлс шалтгаалдаг юм билээ. Утасны цаанаас бичээд л байдаг. Угтаа бол уран бүтээлийг нь шүүмжилж болохоор байтал гэр бүл үр хүүхэд, удам угсааг нь хамруулан халддаг. Энэ чинь байж боломгүй зүйл шүү дээ.
-Халиунаагийн дүрийг бүтээхдээ, ямар хүн гэж тодорхойлж байв?
-Халиунаа бол тэр нийгэмд амьдрахын төлөө зүтгэж яваа, зүтгэх зүтгэхдээ арай өөр аргаар амьдрах гэж яваа нэгэн байсан. Түүнийг "хүн" гэдэг утгаар нь илүү тод харуулахыг л зорьсон. Хэсэгхэн зуур ороод гардаг ч нэг, тэр нийгмийн төлөөлөл нь байх ёстой. Үрээ алдсан эх хүн, амьдрахын тулд буруу замаар явчихсан тухайн нийгэмд тохирсон Халиунааг зөвтгөх зөвтгөл хэрэгтэй байсан юм. Зүгээр л "хүн" шүү дээ. Хэдий муу хүн мэт байсан ч Бүжинг шоронгоос гараад ирэхэд нь замаа олчихсон, сайхан амьдарч байгаа юм. Хүн чанарын хэлтэрхий байгааг харуулахын тулд Халиунаа гэх дүрийн хөгжүүлэлтийг хийсэн. Найруулагчтайгаа ярилцаж байгаад л зохиолдоо хачир нэмсэн гэх үү дээ. Мөн чанар, хүн чанар сайтай тэр нийгэмд үлдсэн "Хүн" юм уу даа.
-Эсрэг талын дүрд тоглож, тэр дүрээрээ үзэгчдэд хоногшихыг хүсдэг-

-Жүжигчид тоголсон дүрээсээ гарахгүй байх тохиолдол байдаг уу?
-Олон ангит киноны гол дүр ч юм уу урт удаан хугацаанд тухайн дүрдээ байсан тохиолдолд дүрийнхээ мэдрэмжийг тавьж, явуулж чаддаггүй байх. Хүний бие чинь давтаж хийсээр дасдаг даа. Түүн шиг л байх. Надад одоохондоо дүрдээ хэт ороод, гарч чадахгүй тохиолдол байхгүй ээ.
-Энэ асуултыг хүмүүс жүжигчдээс асуухыг их хүсдэг байх. Танд бүтээхийг хүссэн дүр байдаг уу?
-Хүмүүс яг нэг дүр бодчихсон байдаг даа. "Жульеттад тоглоно" гэдэг ч юм уу. Надад тийм дүр байхгүй. Харин цагаан сайхан дүр гэхээсээ эсрэг талын дүрд тоглох сонирхолтой. Гол дүр гэдэг чинь дандаа л энхрийлэгддэг, зөөлхөн. Зохиолын дагуу л оршдог. Харин эсрэг болон туслах дүрүүд бол эвдэж болдог дүрүүд. Тоглолт хийгээд л өөрчилж болно. Илүү характерууд гаргаж, ажиллаж болдог гэх юм уу. Тэгэхээр эсрэг талын дүрүүдэд илүү дуртай. Э.Намуун гэдэг хүн чинь ямар ч дүрд хувирсан Э.Намуунаараа л байна. Харин дүрээ өөрчилж, дүрдээ орж илүү их чадвар шаардагдсан эсрэг дүрийг бүтээхийг хүсдэг.
"Мандухай сэцэн хатан"-ы Исмэл тайш бол зууны алдарт эсрэг дүр шүү дээ. Түүн шиг л хүмүүс намайг Э.Намуун гэхээс илүү дүрээр минь таньдаг байгаасай гэж хүсдэг. Бас түүхэн киноны нэг хэсэг болох хүсэлтэй. Бидэнд юу байна, аугаа их түүх байна. Энэ түүхийг дэлхийд харуулсан бүтээлийн нэг хэсэг болох сон гэх бодол бий.
-Урлагийн хүмүүс илүү их сэтгэл хөдлөлтэй байдаг гэдэг. Нөгөө талаараа олны танил хүн олны дунд амьдрахдаа өөрийгөө барих, дарах тохиолдол гарах уу?
-Сэтгэл хөдлөлийн тал дээр ёстой сумтай шүү дээ. Эрхэмээ намайг "хэт уулгамч" гээд байдаг юм. Хөөрч баярлах, гуниж гутрахдаа амархан. Ер нь л савалгаатай.
Харин нөгөө талаараа олны танил хүн олны дунд байхдаа цензуртэй байхыг хичээдэг. Бид чинь бас нийгмийг соён гэгээрүүлдэг хүмүүс шүү дээ. Тэр ч утгаараа бие хаа, үг хэлээ цэгнэх тохиолдол байгаа. Учиргүй өөрөөрөө байна гээд л орилж, чарлаад байх нь зохимжгүй. Тиймээс тунг нь тааруулаад л биеэ цэгнэх үедээ цэгнэнэ.
-Урлагийн гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэж ярьдаг уу. Хэрвээ тийм сонголт хийвэл та дэмжих үү?
-Хүүхдүүдээ бага байхад нь урлагийн шалгалт өгүүлж байсан. Ер нь тэнцээгүй л дээ. Гэхдээ том охин маань БНСУ-д анимейшн дизайнераар суралцаж байгаа. Урлагийн хамааралтай л хүн болж байгаа юм. Харин бага охин маань яг урлагийн хүн болно.
-Яаж байна?
-Ерөөсөө л тэгж харагддаг. Биднийг жаахан байхад томчууд "Энэ яг урлагийн хүн болно" гэж ярьдаг байсан даа. Анзаарагддаг юм билээ. Хэрвээ бага охин маань урлагийг сонговол аавтай нь хамт хөтөлж байгаад л их тайз руу нь гаргана даа.
-Бүх юм байгаа хэрнээ нэг л юм дутуу санагдвал өөрөөсөө уучлалт гуйгаад үзээрэй-
-Та өнгөрсөн арван жилийн хугацаанд сайн хань, сайн ээж байсан. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө олох, гээх тохиолдол бишгүй л тохиолдсон байх. Өөрийгөө юунд бэлтгэж, хэрхэн сайжруулах вэ?
-Нэн түрүүнд хэлээ сайжруулна. Гадаадад өөрийгөө аваад явахуйц хэл байгаа ч илүү мэргэжлийн түвшинд ахиулах зорилготой. Нэг үеэ бодвол манай уран бүтээлчид дэлхийд гарч байна. Цаг үеэсээ хоцролгүй эзэмших ёстой чадваруудаа эзэмшинэ гэж бодож байна.
Бас сэтгэл дотор байгаа зүйлийг цаасан дээр буулгаж, хүмүүст хүргэхийн тулд зохиолчийн чиглэлээр мэргэжил ахиулах төлөвлөгөөтэй. Дотроо нэг юм төсөөлчхөөд түүгээрээ зохиол бичүүлэхэд сэтгэлд хүрэх эсэх асуудал гарна. Өөрөө оролдоод, сураад, биччихдэг болчихвол илүү амар байх.
-Та маш олон удаа нэгнээ хайрлах, энэрэх гэж ярилаа. Ер нь таны хувьд "хайр" гэж юу вэ. Хайр илүүдэж, дутуудах тохиолдол байдаг уу. Энэ амьдралын явцад хайрыг хэрхэн мэдэрч байна?
-Нэг өнцгөөс харахад, хайр гэдэг нь өөрөөсөө илүүд тавихыг хэлэх байх. Гэхдээ хайр гэдэг зүйл асар их эмзэг юм билээ. Асгарахаараа маш ихээр асгарна, асгарахгүй бол огт гардаггүй. Хайрлаж байна гээд хамаг хайраа асгаад байвал үр дүн нь муу ч байж болно. Тиймээс тэнцвэрийг барих, тэнцвэртэй хайрлах юм билээ.
Хайр дундаас хамгийн чухал нь эмэгтэй хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй, үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид өөрөөсөө бүх зүйлээ өгсөөр байдаг юм билээ. Бусад руу асгах тэр их хайраасаа жаахан хэлтэрхийг аваад, өөрийгөө хайрлах хэрэгтэй юм билээ. Бүх юм байгаа хэрнээ цээжин дотор чинь нэг л зүйл дутуу санагдаад байвал өөрөө өөрөөсөө уучлалт гуйж, өөртэйгөө ярьж, өөрийгөө сонсох. Үнэхээр их тэвчээд байвал "Хэтэрхий их тэвчүүлсэнд уучлаарай" гээд өөрийгөө тэвэрч байх хэрэгтэй шүү.
-Ярилцсанд баярлалаа.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТВ-н электрон барааны рекламанд тоглоод байдаг авьяаслаг жүжигчин байна. Мундаг байна лээ, амжилт!
ЯДЖААХАД ЧИ БИТГИЙ ШААГААД БАЙЛДАА ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ГЭЭД АЛИНГАА АЛДАЖ БАЙНА ШҮҮ ГУСУУЛЖ ХҮРТЭЛ ҮЗЛЭЭ БАХЬ БАЙДГААРАА
Энэ нэг долир нүдтэй хүүхэн чинь юу билээ.
хуцхаа боль, яах гэж нэгнийгээ доромжилж байдаг юм. өөрийгөө соён гэгээрүүл. тэгсэн цагт бу�####�д атаархахаа больно.