Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёлыг хоёр Солонгосын хооронд дайн өдөөх гэж оролдсон гэж буруутгав

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг шалгаж буй прокуроруудын тусгай баг түүнийг шинэ зүйл ангид буруутгажээ. Өнгөрсөн жилийн сүүлээр цэргийн онц байдал зарлахдаа тэр эрх мэдлээ урвуулан ашиглаж, дайсан улсад тусалсан гэж прокурорууд буруутгасан байна.

Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлахын тулд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд дайн өдөөх гэж оролдсон хэмээн прокурорууд үзжээ.

Прокурорууд цэргийн онц байдалд оролцсон армийн албан тушаалтнуудын гар утас гэх мэт зүйлсийг хураан авсан. Хурааж авсан утаснуудаас хэд хэдэн баримт олдсон юм. Нотлох баримтууд дунд дрон, нарийвчлалтай цохилт өгөх гэх мэт Хойд Солонгосыг өдөөн хатгахаар төлөвлөж байсныг илтгэх үг хэллэг бүхий мессежнүүд байжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг огцруулах парламентын шийдвэрийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Одоо тэрбээр цэргийн онц байдлаараа бослого гаргах гэж оролдсон хэмээн буруутгагдан шүүгдэж байгаа. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял сонсох магадлалтай.

Зургийн эх сурвалж: Chosun

Юн Сок Ёл цэргийн дэглэм тогтоох зорилго байгаагүй гэх байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлсэн. Сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж буйгаас улсаа хамгаалахын тулд цэргийн онц байдал зарласан гэж тэр мэдэгдээд байгаа.

Прокуроруудын багийн төлөөлөгч Пак Жи Ён хэлэхдээ Юн Сок Ёл, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Цэргийн тагнуулын дарга асан Ёо Ин Хён нар Хойд Солонгосыг Өмнөд Солонгос руу довтлоход хүргэхээр төлөвлөж байсан гэсэн юм. Тэр гурав хурцадмал байдал үүсгэж, Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлах үндэслэл болгон ашиглах гэж байсан хэмээн прокурорууд үзжээ.

Ёо Ин Хён хэлэхдээ Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлах тушаал өгснийг эсэргүүцээгүйдээ гүнээ харамсаж байгаа гэжээ. Гар утаснаас нь олдсон мессежнүүдийг тайлбарлахдаа тэр авцалдаагүй шалтаг хэлсэн гэж прокурорууд мэдэгдсэн байна.

Ким Ён Хён, Ёо Ин Хён нар мөн адилхан зүйл ангиар буруутгагдаад байгаа. Прокуроруудын үзэж буйгаар Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлахаа зөвтгөхийн тул Хойд Солонгос руу дрон нууцаар нисгэх тушаал өгсөн аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард БНАСАУ мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгос суртал ухуулга бүхий хуудас тээвэрлэсэн дрон илгээсэн гэсэн билээ. Тухайн үед БНСУ-ын зэвсэгт хүчин дроны ажиллагаа явуулсан эсэх дээр тайлбар хийхээр эрс татгалзаж байсан юм.

Юн Сок Ёл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард зургаан цагийн турш цэргийн онц байдал зарласан. Үүний улмаас улс төр болон нийгмийн хямрал БНСУ-д нүүрлэсэн билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button