Чуулган | "Нийт НЭГ ИХ НАЯД төгрөгийг зарчимгүйгээр төсөвт тусгаад өнөөдөр батлах гэж байна"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.12/ үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилж эхэллээ.
Шууд дамжуулалт:
Хуралдаанаар, "Монгол Улсын 2026 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай,Эрүүлмэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.
Дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулав.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа "Х.Ганхуяг гишүүн таны удирдсан ажлын хэсэг хариуцлага хүлээх үү. 2026 онд ямар нэгэн асуудал гарвал та хариуцлага хүлээх ёстой. "Та хэлэлцэж байна" гээд индэр дээрээс илтгэл тавилаа. Бид гуравдугаар хэлэлцүүлэг хийгээгүй шүү. Санал хураалт л явуулсан. УИХ-ын индэр дээрээс худлаа хэлэх нь хуулийн хариуцлагатай. Байнгын хороон дээр асуулт асуулгахгүй байсан юм бол ажлын хэсгийнхнийг яах гэж суулгасан юм бэ. Аудит болон Сангийн яамныхныг оруулсан юм бэ. Тайлбар авъя" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Хариуцлага үүрүүлэх сонирхолтой байх шиг байна. Энэ бол хамтын шийдвэр. Яам бүртэй хамгийн багадаа 3-5 удаа уулзалт хийдэг. Хамгийн галтай гэсэн салбаруудаас урсгал зардлын таналт хийгээгүй. Эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал гэхчлэн гол салбараас нэг ч төгрөг танаагүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: " Төсвийн хуулийг хуульд нийцүүлэн үр дүнд суурилсан байдлаар боловсруулж байх нь зүйтэй. Төсвийн төсөлд, жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 77 тэрбум, ТЭЗҮ-гүй 196 тэрбум, санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай нь уялдуулаагүй 409 тэрбум төгрөг орж ирсэн. Нийт НЭГ ИХ НАЯД төгрөгийг зарчимгүйгээр төсөвт тусгаад өнөөдөр батлах гэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Э.Шижир: "Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа УИХ-ын даргагүйгээр улсын төсөв батлах гэж байна. УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдоржид баяр хүргэе. МАН-ын хуваагдлаас болж төсөв 56 хоног гацсан. Анх удаа улсын төсвөөр бойкот хийсэн үйл явдал гарлаа. МАН-ынхан ямбийтал зодолдсоны үр дүнд УИХ-ын даргагүйгээр төсөв баталж байна. АН-ынхан л төсвийг авч гарлаа шүү. МАН-ынхан монголчууддаа хайртайдаа голын хоёр эрэг дээр гарчихаад нэг нэгэн рүүгээ чулуу шидээгүй. Эрх мэдлээ л булаацалдсан. Гартаа шатахуун барьчихаад гал унтраана гэж байхгүй. Ард иргэддээ худлаа хайр зарлаж болохгүй" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.