Түүх соёл, уламжлал

Редакцын зурвас: Монголчууд энэ цаг үеийнхнээрээ БАХАРХАН нэгдэхийн үнэ цэнийг ойлгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг "Монгол бахархлын өдөр" хэмээн тэмдэглэж байхаар болсон билээ.

Бахархал гэх ойлголт нь өргөн утгаараа хамтын үнэт зүйл болох түүх, өв уламжлал, хэл, соёл, эх орон, үндэсний язгуур ойлголт зэрэг бид тээн, хамгаалж хойч үедээ уламжлуулах тэр л үнэ цэнтэй зүйлсээс ирэх ухамсрын илэрхийлэл. Хүн соёлын онцлогоо үнэлж, “бид хэн бэ” гэдгээ бүрэн дүүрэн таньж, мэдрэх үед бахархал төрөх нь бий.

Монголчууд өнөөг хэр түүхэн буюу өнгөрсөнд үнэлэгдсэн нийтлэг язгуур ойлголтуудаар бахархсаар иржээ. Харин оршин буй энэ цаг хугацаандаа бид өнгөрснийг давах илүү агууг бүтээсний цаана л бахархал ирэх ёстой юу...

Сүүлийн сар гаруйн хугацааг монголчууд Нетфликс-ийн "Physical Asia" нэвтрүүлгээр амьсгалж, эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нараар бахархаж өнгөрүүлээ.

Уг нэвтрүүлгийн онцлог нь биеийн хүчний тэмцээнүүдэд тамирчдыг өрсөлдүүлж, эндээс тухайн улс орны оролцогчид ямар арга ухаан, сэтгэлгээний онцлогоор даалгаваруудыг давж байгааг нэг бүрчлэн харуулдаг.

Монголын багийн оролцогчид даалгавар бүр дээр монгол хүний сэтгэхүй, аливаад хандах зан байдал, сэтгэлзүйн төлөв, багийн нэгдэл, түүнд оролцох хүн нэг бүрийн хандлага гээд өнөөг хэр бидний мөн чанарт суучихсан тэр л үнэт шинжүүдийг бүрэн дүүрэн илэрхийлж чадсанаараа бидний бахархлын эзэн болцгоов. Төрж өссөн газар нутаг, ахуй соёл, байгаль, уламжлалдаа нийцэн амьдарч ирсэн сэтгэлгээнийхээ онцлогийг тэд хар зөнгөөрөө л илэрхийлж, ямар ч хиймэл дүр байдалгүйгээр харуулсан нь монголчуудын хамгийн сайн мэдэх, ойлгох зүйл юм. Энэ л чанарыг олж харж, үнэлэх чадамж нь бидэнд бахархлаар ирж буй.

Дан ганц монголчуудын сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй манай оролцогчдын төрөлх натурал чанар нь даалгавар бүр дээр илүү тодорч, энэ нь гадны үзэгчдийн ч бахархлыг төрүүлэв. Олон тодорхойлолт дундаас "Монголын багийн оролцогчид хэвшмэл бус сэтгэлгээтэй" гэсэн нь одоо цагийн даяарчлагдсан, нэг хэл соёлоор л ойлголцох гэсэн дэлхийн хүмүүсийн хүсэл сонирхлын дундаас өөрсдийн ондоошил, мөн чанараараа байхын давуу талыг илэрхийлж байна гэлтэй.

"Монголчууд зөөлөн аядуу дуутай, эцсээ хүртэл сөрөн тэсвэрлэх чадвартай, биеийн хүчийг биш ухаан, сэтгэлийн хүчийг илүүд үздэг, сэтгэл хөдлөлөө тогтоон барьж чаддаг" зэрэг олон орны үзэгчдийн ижил энэ үнэлэмжүүд нь бидний аливаад хэрхэн ханддаг арга ухаан болоод ерөөс монгол хүний зан төлвийн онцлогийг ч мөн дахин сэргээн сануулсан юм.

"Бид чинь уг чанартаа ийм л онцлогтой хүмүүс" гэдэг үнэлэмж монгол хүн бүрийн дотор энэ цаг үед сэрэв.

Манай оролцогчдын давуу талыг түүхтэй маань холбон тайлбарлаж буй нь өнөө цагийн бид өнгөрсөн цаг үеийн тэр л бахархалт шинжээсээ тийм ч хол алсраагүй бололтой. Энэ цагийн монголчууд нэгнээрээ ийн бахархаж, эл бахархлаараа бид нэгдэж чадаж байгааг харлаа.

Өөрсдийнхөө хэн бэ гэдэг уг чанар руугаа өнгийж, үүнийг таниулан, мэдрүүлсэн бүхэндээ бид сэтгэл оюунаараа татагдан биширч байгаагийн цаана монголчуудад цаг ямагт өөрсдийнхөө ондоошлыг мэдрэх хүсэл, хэрэгцээ байсаар ирсний илрэл гэж болно. Ийм хүсэл олон биелэх болтугай.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэр
Нэр

Өмхий кимчинүүд луйвардаж л байна лээ ш дээ! Хуурамч залиар авсан ялалт!

Холбоотой мэдээ

Back to top button