Х.Баасанжаргал ₮50 тэрбумаар шүгэл үлээсэн нь Н.Учралын Япон руу айлчлал хийх мэдээнд дарагдах уу?

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын вайбер чат дэлгэгдэж Сангийн яамнаас ₮50 тэрбумын дүнтэй төсөв бүхий хувийн сургуулиудын excel файлыг ирүүлсэн гэх мэдээллийг баталлаа.
2026 оны төсвийн тодотголын хүрээнд “Гэрт ойр сургууль” төсөлд ₮50 тэрбумын санхүүжилт товлосон байсны ₮12 тэрбум буюу 24 хувь нь 5 хувийн сургуульд зориулагдсан байсан тухай Сангийн яам, Боловсролын яам аль аль нь залруулаагүй байсан юм.
Тэгвэл өглөөхөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг нь Ерөнхий сайд Н.Учралын холбоо хамаарал бүхий "Их засаг кингс" төрөлжсөн ахлах сургуульд төсөвлөгдсөн ₮3.5 тэрбумын нарийн задаргааг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүлнэ гэдгээ олон нийтэд мэдэгдэхийн сацуу Боловсролын сайд Л.Энх-Амгаланг "Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр " хэмээн шүүмжилсэн. Түүний дараахан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын Сангийн яамнаас ирүүлсэн ₮50 тэрбумын excel файл бүхий вайбер чат дэлгэгдэж, ийм тайлбартайгаар цахим сүлжээнд нийтлэгдээд байна.
Тэрбээр:
"УИХ төсөвт хяналт тавих бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлж чадаж байна уу Гишүүд яагаад чуулгандаа суухгүй байгаа вэ? гэсэн асуултад хариулья.Үүний тулд өнгөрсөн хэд хоногийн хугацаанд болсон явдлыг тодорхой баримтад тулгуурлан эргэн санаж байж энэ бүхний “жинхэнэ” хариултыг мэднэ.Тухайн үед төсвийн задаргааны 3 төрлийн баримтыг Сангийн яамнаас шаардсаны дагуу тус яамнаас ирүүлсэн мэдээллийг Байнгын хорооны референт оруулсан /баримтыг анх хэн, хаанаас оруулсныг доорх баримтаас харна уу/ байдаг. Энэ баримт нь нөгөө маргаан бүхий хувийн 5 сургуульд 12 тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөсөн баримт юм.Жил бүрийн төсөв хэлэлцэхэд яг ийм файлыг гишүүдэд вайбараар тараадаг бөгөөд Сангийн яамнаас ирсэн файл гэж хэлсэн учраас бид үнэн, худлыг нь шалгах шаардлагагүй. Тэд ч худал мэдээлэл өгөх ёсгүй.Монголын бүх сургуульд, бүх хүүхдийн боловсролд зарцуулах ёстой мөнгийг хэдхэн хувийн сургуульд өгөхөөр төсвийн тодотголд хавчуулан оруулж ирсэн “НО”-г гишүүд илрүүлсэн.УИХ бол алдаатай, буруу төсвийг хянаж, алдааг нь засч байх үүрэгтэй. Яагаад гэвэл гишүүд ард түмнээс сонгогдсон төлөөлөл учраас татвараар цугларсан /төрийн мөнгө гэж байхгүй/ мөнгийг Монголын бүх иргэн, улсын хөгжлийн төлөө ЗГ зарцуулж байгааг хянаж, төсвийг баталдаг.Хэрэв энэ мэт төсвөөр халхавчилсан “хувийн төсвийг” гишүүд анхаарахгүй эсвэл харсан ч хараагүй мэт баталбал “УИХ-ын гараар ЗГ могой бариулсан” хэрэг болно.ЗГ-аас тэтгэвэр, цалин нэмэх гэхээр “30-нхан” “Ардчилсан нам” төсөв батлахгүй байна гэж байгаа ч иргэдийн нэрийг барьж хувийн төсвөө хамт батлуулахаар гишүүдийг дарамталж байна. Ийм учраас чуулганд суухгүй /ирц бүрдүүлэхгүй байх нь “ард түмний мөнгийг” хамгаалах арга болж байна. Хэрэв ирц бүрдэж, чуулган эхэлбэл олонхиор хүч түрэн НО-той төсөв батлах нь илэрхий байгаа.“Буруу” файл оруулсан гэх өдрөөс хойш 19 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл энэ 50,000,000,000 төгрөгийн задаргааг өгч мэтгэлцээн өрнүүлэхгүй, харин асуудлыг өөр тийш нь эргүүлж, иргэдийг төөрөгдүүлсээр байна" хэмээлээ.




Харин Х.Баасанжаргалын уг мэдэгдэлтэй зэрэгцэн цахим орчинд Ерөнхий сайд Н.Учралын Япон руу хийх айлчлалын тухай мэдээ олноор орж байгаа нь магад Х.Баасанжаргалын үлээсэн шүглийн чимээг "намсгах" гэсэн оролдого ч юм шиг...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цавчааны төлөө