УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

А.Амундраг ам ангайя гэсэн дээр нь гэрчээр авчраад, $110 саяын авлигын хэргийг нэг талд нь гаргаач, АТГ-ынхаан

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт ээлжит шууд дамжуулалтаа хийж улс төр, бизнесийн хүрээнийхэн хоорондоо хэрхэн сүлэрч, сүжирч, хамтын эрх ашгаа гүйцэлдүүлдэг тухай “бөмбөг тэсэлсэн” баримт мэдээллүүдийг дэлгэв. 

Тэрбээр “2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 км урттай төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь интернэшл”-ээр хийлгэхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж, энэ дагуугаа нууцын зэрэглэлтэй Засгийн газрын тогтоол гаргуулж, тендер зарлахгүйгээр шууд ажил гүйцэтгүүлэх үүднээс ТЕГ-аар Аюулгүй байдлын гэрчилгээ хүртэл “Бодь”-д гаргуулж өгсөн” хэмээгээд үүнийхээ төлөө нэр бүхий улстөрчдөд авлига тараасан тухай мэдэгдсэн юм. 

Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатараар дамжуулж 2020 оны сонгуулийн бэлтгэлд 22 сая ам доллар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 15, “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд мөн 15 сая ам.долларыг авлига болгож бэлнээр өгсөн гэж мэдэгдлээ. 

Түүнчлэн одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга, өдгөө Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан болон одоогийн Зам тээврийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт тус бүр 10 сая ам.доллар бэлнээр өгсөн талаараа “Бодь интернэшл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра гэрчилж, гэрчийн хамгаалалтад авбал Монголдоо ирээд уг хэрэгт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг “уламжлав”. 

Өдөр бүр бидэнд танил дасал болтол авлигын их, бага хэргүүдийн мэдээлэл хөвөрч, баргийн тоо, дүнг хүртэл тоохоо байсан хэдий ч энэ удаагийнх шиг "галтай" мэдээллийг хүртэл үл ойшоогоод дараад өнгөрвөл хойшид авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, өөгшүүлэх замыг засаж тордож өгөх болно.

“Бодь интернэшнл"-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра эдгээр эрхмүүдэд авлигын мөнгө өгснөө гэрчилнэ гэж буй

Нэгэн цагт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар “Би яагаад зоригтой ийм мэдээлэл хийж байгаа вэ гэвэл надад бодит гэрчүүдийн баримт, мэдээлэл байна. “Энканто” сауны ойролцоо УНЧ0047, УБЧ0079 зэрэг дугаартай машинд доллароор дүүргэсэн цүнхнүүд орхиод, “Бодь”-ийн Д.Баясгалан захиралд түлхүүрийг нь үлдээдэг байсан гэж гэрчүүд надад зураг явуулж, мэдээлэл өгдөг. Төгрөгөөр хийхэд маш овортой, олон цүнх хэрэгтэй болох учраас доллар нь илүү байсан. Нэг цүнхэнд ойролцоогоор 900 мянган ам.доллар ордог, сайн чихвэл 1.2 сая ам.доллар багтааж болдог тухай баримттай ярьдаг учраас би итгэлтэй байгаа юм” хэмээн гадаадаас мэдэгдэл хийж байна.

“Хятад компаниудад "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг зараад, мөнгийг нь оффшор бүсэд байгуулсан компаниар дамжуулан Монголд оруулж ирдэг байсан. Дампуурах гэж байсан “Бодь”-ийнхон “Виржиниа Айланд” дахь “Голомт инвестмэнт лимитед” компаниараа дамжуулан нүүрсний асар их мөнгө угааж өрөө дарсан. Асар их мөнгөнд хутгалдсан “Голомт инвестмэнт”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо сүүлд амиа хорлох оролдлого ч хийсэн” гэх мэтчилэн асар их мөнгө, авлига, албан тушаалын сүлжээтэй холбоотой но-той, ноцтой мэдээллүүдийг бид хоёр чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд зүгээр суугаад байх юм уу.

20 жилийн түүхтэй Авлигатай тэмцэх газар ажлаа жинхэнэ утгаар нь хийдэг л юм бол энэ асуудлыг яавч анхаарлын гадна үлдээх учиргүй. АТГ-ыг яагаад олон нийт “Барилаа, тавилаа”, “Шалгалаа, мартлаа” гэж шоолдог болов.     

Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Нэр бүхий улстөрчдөд 110 сая ам.долларын авлигын мөнгө тараасан хэргийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байна. Энэ хэрэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ч хамаатай” гэж мэдэгдсэн ч таван сарын дараа /2026.11.09/ Авлигатай тэмцэх газрынхан мэдээлэл хийхдээ “Энэ хэрэг тогтоогдоогүй”гэсхийгээд сэтгүүлчдийн асуултаас займчуулсан юм. Хэрэг хэзээ “хэргээ гаргах” тохиромжтой цагийг хүлээн, эрх баригчдын дохиурыг нүд цавчихгүй харуулдах биш, төрийн хууль сахиулах ажилдаа АТГ, шүүх, прокурорынхон жинхнээсээ анхаармаар байна.   

Ядаж тэр 110 сая ам.долларыг өөрийн биеэр, өөрийнхөө машинаар түгээлцсэн гэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, “Гэрчийн мэдүүлэг өгье, намайг хамгаалалтад аваад өгөөч. АТГ, прокурорын байгууллагатай энэ хэрэгт хамтран ажиллахад бэлэн байна” гээд байгаа А.Амундра гээч нөхрийг авчраад, байцаагаач. Яагаад хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаа юм.   

Х.Нямбаатарын лайвт нэр нь дурдагдсан хүмүүсийн хэн нь ямар ажил албатай байсан, одоо ямар нөхцөл байдалтай байгааг харцгаая. 

Тагнуулын ерөнхий газрын (ТЕГ) дарга асан Д.Гэрэл таг чиг

2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь интернэшл”-ээртендергүй шууд гүйцэтгүүлэхийн тулд Тагнуулын ерөнхий газраас “Аюулгүй байдлын гэрчилгээ” гээч сонирхолтой нэгэн бичиг баримтыг “Бодь”-д гаргаж өгч байсан байгууллагын тухайн үеийн дарга Д.Гэрэл2020 оны наймдугаар сарын 25-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг.

Улмаар 2020 оны есдүгээр сард тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнаж, чагнасан гэх гомдлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гарган, энэ дагуу АТГ-аас Д.Гэрэл болон ТЕГ-ын нэр бүхий албан хаагчдад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Гэвч тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа, төсөв зардалтай холбоотой хэргүүд нь "Төрийн болон албаны нууцын тухай хууль"-ийн дагуу маш нууцын зэрэглэлд хамаардаг тул АТГ болон прокурорын байгууллагаас уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хэвлэл мэдээллийнхэнд тодорхой мэдээлэл өгөөгүй, тэгсхийгээд замхарсан. Өдгөө тэрбээр нам гүмхэн аж төрдөг. 

Я.Содбаатар энэ хооронд Шадар сайд, МАН-ын генсек ч болов 

Тэрбээр 2018 оны аравдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдон 2019 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. Тухайн үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлтэй холбоотой асуудал сөхөгдөн, Я.Содбаатар өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд  даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2020 оны сонгуулийн дараа дахин У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдаар ажилласан байдаг. Одоогийн МАН-ын генсек Я.Содбаатараар дамжуулан тухайн үед 22 сая ам.долларыг сонгуулийн санхүүжилтэд зориулан өгч байснаа гэрчилнэ гээд байгаа хүмүүсээс ядаж мэдүүлэг авч, энэ асуудлыг хянан хэлэлцэж, нэг талд нь гаргах цаг болжээ. 

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болов 

Х.Нямбаатар “Б.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд Зөв электрат эвслээс нэр дэвших гэж байхад нь тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Бодь”-ийн Д.Баясгалангийн өрөөнд түүнийг дагуулж очоод сонгуульдаа хэрэглээрэй гээд 500 мянган ам.доллар өгсөн. Хоёр дахь тохиолдол нь Б.Энхбаяр нүүрсний сонсголын үед одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулж “Бодь”-оос 800 мянган ам доллар авсныг гэрчилнэ гэж А.Амундра хэлдэг” хэмээн лайваараа мэдэгдсэн. 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш Б.Энхбаяр ХЗДХ-ийн  сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж буй.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлига” гэхээр л хачин их цочдог хүн дээ” хэмээсний хариуд Б.Энхбаяр “Женко Х.Баттулгын овоолго байсан төмөр замыг төмөр зам болгож дуусгах санхүүжилт нь энэ. Энийг 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор шийдвэрлэсэн байгаа юм. Тухайн үеийн Уул уурхайн сайд нь Д.Сумъяабазар байсан бол ЗГХЭГ-ын дарга буюу 110 сая ам.долларын шийдвэрийг гаргасан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Тэр үед би энгийн иргэн байсан” хэмээгээд буй.

“Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн дарга байсан Б.Баярсайхан өдгөө Японд Элчин сайд хийж буй

2018-2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан өдгөө Монголоос Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж буй. Х.Нямбаатар лайвтаа дурдсанчлан Б.Баярсайхан тухайн үед “Бодь”-оос 10 сая ам.доллар аваад зогсохгүй, 2023 онд удаах “шагнал”-аа авсан нь Элчин сайдын сэнтий байсан гэх. Ямартай ч тэрбээр тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нарын эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал байхдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан юм.  

"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шоронд байна

 “Бодь”-оос 15 сая ам.доллар авсан гэгдээд буй "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өдгөө шоронд ял эдэлж буй. 2007 оноос “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж эхэлсэн тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018 оны тавдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон, 2022 оны аравдугаар сар хүртэл ажилласан. Б.Ганхуяг “нүүрсний” хэрэгт холбогдон шалгагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анхан шатны шүүхээс 5 жил 9 сар хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний шоронгоос бичсэн “Ил захидал” шуугиан дэгдээжбайв. 2026 онд түүнийг хугацаанаас нь өмнө суллах хүсэлтийг прокурор хүлээж авахаас татгалзсан юм.  

“Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал интерполоор эрэн сурвалжлагдаж буй    

“Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус төслийн бүтээн байгуулалтыг удирдаж, гавьяа байгуулсан хэмээн Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол өгч байсан удаатай. Гэвч удалгүй авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, олон улсад эрэн сурвалжлагдах болсон билээ. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт болсноос ердөө 11 хоногийн дараа буюу 2022 оны есдүгээр сарын 20-нд Н.Удаанжаргал БНСУ-ыг зорьсон бөгөөд түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй. АТГ-аас түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн. Мөн нүүрсний хулгайн хэрэг болон төмөр замын царигийн асуудалтай холбогдуулан шалгасанюм. Өдгөө “Бодь”-оос 15 сая ам.доллар бэлнээр авсан гэгдэж буй түүнийг хууль хяналтын байгууллагаас Интерпол болон Засгийн газрын “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд олон улсад эрэн сурвалжилж, гадаад паспортыг нь хүчингүй болгосон түүхтэй. 

Түүнчлэн нүүрсний хулгай, төмөр замын төслийн шахаа ид яригдаж, явагдаж байх үед “Бодь”-оос тус бүр 10 сая ам.доллар авсан гэгдээд буй Р.Мэргэн өдгөө Зам тээврийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албыг хашиж байгаа нь бас нэгийг хэлж буй бус уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button