УЛС ТӨР

Т.Доржханд: Таван салбарт яаралтай шинэчлэл хийх хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын Анхдугаар чуулган өндөрлөж буйтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Намрын чуулганаар манай эвслээс хэд хэдэн шаардлагыг тавьж  ажиллана. Манай эвсэл нэг суудал авсан хэдий ч үүний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байгаа. Тиймээс намрын чуулганаар таван салбарт шинэчлэл хийх ажлыг эхлүүлж байна.

-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл өргөн барина.

-Санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг хийнэ

-Боловсролын шинэчлэлийг эхлүүлнэ

-Улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлнэ

-Хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийн төслүүдийг намрын чуулганаар өргөн барина” гэв.

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл “Гадаадад гацаад байгаа Монголчуудын хувьд нөхцөл байдал маш хүнд болж байна. Сүүлийн саруудад нийтийн байраар хоноглож байгаа, орох оронгүй болсон гээд маш олон хүн байна. Гадаадаас ирэхийн тулд нэг иргэнээс хичнээн төгрөг шаардагдаж байгаа ил тод болгомоор байна. АНУ-аас ирэх гээд хүлээгдэж буй 2600 гаруй иргэн бий. Нэг иргэн 7 орчим сая төгрөгийн зардал гаргах болоод байна. Гэтэл хилээ хэзээ нээх мэдээллээ ил тод болгомоор байна. Аль улсад хэдэн иргэн ямар нөхцөлд байгаа талаар ил тод мэдээлэх талаар цахим хуудас үүсгэх боломжтой гэдгийг нэг компани илэрхийлсэн байна лээ. Есдүгээр сар хүртэл энэ байдал үргэлжлэх магадлалтай. Тэр хүртэл хичнээн Монгол хүний амь нас эрсдэлд орох вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй байна. Хүнээ дээдэлсэн ил тод бодлого хэрэгжүүлээсэй. Муугаар бодоод дотоодод цар тахал алдлаа гэхэд ямар төлөвлөгөө авч хэрэгжүүлэх вэ. Үүнийг ил тод болгохыг бас шаардаж байна” гэв.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа “Асуудалд орсон иргэддээ тусалж дэмжих нь Монгол төрийн үндсэн үүрэг. Бид шинэ Засгийн газраас шийдэмгий, тодорхой, үр дүнтэй арга хэмжээ авах байх гэж найдаж хүлээж байна. Хүн бол гэнэт ачдаг мал биш. Тиймээс хэзээ, хаанаас хэдэн иргэнээ авах төлөвлөгөөг ил тод мэдээлэх хэрэгтэй байна. Төлөвлөгөө нь ил тод баймаар байна. Хэрэв авчирч чадахгүй бол тухайн газар нутагт нь тусламж үзүүлмээр байна. Дотооддоо алдах вий гэсэн айдас, тусгаарлах байр болон эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ гээд асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг бид тодорхой төлөвлөгөөтэй байж даван туулна. Тиймээс бид энэ тал дээр дэмжиж ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button