УЛС ТӨР

Амьдралын боловсролыг эзэмшсэн хүмүүс л ард түмнээ ойлгодог юм

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Францын хатан хаан Мария Антойнетад тариачид  идэх талх, хоол хүнсгүй болоод  бослого гаргалаа гэхэд  “Тэгвэл тэдэнд  бялуу өг”  гэж хэлсэн гэдэг. Язгууртан, ихэс дээдсүүдийг тодорхойлдог байсан энэ үг одоо ч ядуу борог амьдралыг ойлгож, мэдрээгүй баячуудыг төлөөлөх  нь  бий. 

Сайхан хослол, хуурамч инээмсэглэл,  хоёр гурван  сургуулийн дипломын цаана жинхэнэ төрхөө нуусан тийм  улстөрчид төрд орвол талхны мөнгөгүй ядууст бялуу идүүлээч гэж тохуурхаж байгаагаас ямар ч ялгаагүй болно.  

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд  оролцох намуудын нэр дэвшүүлэлтээс дээрх дүгнэлтийг хийхэд хүрлээ.  МАН-ыг хэний ч танихгүй 45 хүн дэвшүүллээ гэж шүүмжлэх  АН болон ХҮН нам нэр дэвшүүлэхдээ яг  ямар шалгуурыг тавив.  Р.Гончигдоржийн охин,  Ц. Элбэгдоржийн хүү,  Лу.Болдын зээ дүү, С.Эрдэнийн хүргэн, халзан Д.Баттулгын бэр дээр нэмэх  нь  сонгуульд  эвсэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар. Ардчилсан нам болон МАХН-ын эвсэл ийм. Улс төрийн хамаг өндөр дээд албан тушаалд сууж,  улсаасаа баян шахуу  болсон  томчууд өв залгамжлагчдаа буюу дараагийн үеэ  төр лүү  зүтгүүлж байна. УИХ-д суудалтай болоод буй ХҮН намын нэр дэвшүүлэлтийн шалгуур  бүр ч болгоомжилмоор санагдаж байна.  Тэд нэр дэвшигчдийнхээ имижийг боловсролоор бүрдүүлж, гадаад дотоодод  их  явж, галуу шувууны мах  идсэн хүмүүс хэмээн зарлаж байна. Сэтгүүлчийн хувьд  бусдад  зөвлөх хэмжээний мундаг биш  ч хоёр  гурван сургуулийн диплом гэдэг  төрд  ажиллах гол  шалгуур мөн үү  гэдэгт  эргэлзэж буйгаа энд  өгүүлье.  Харин ч хамгийн чухал шалгуур нь  ёс зүйн,  хүн байхын,  амьдрах ухааны боловсрол байх  ёстой гэж боддогоо ч мөн өгүүлье.  

Төрд зөв бодлого хэрэгтэй бол тэр бодлогыг баталдаг байгууллага буюу НИТХ-д ёс зүйтэй хүн олон байх нь чухал.  ХҮН нам анх байгуулагдсан хийгээд  өнөөдрийг хүртэлх  улс төрийн нүүдэл, шийдвэрүүдээс нь харахад жинхэнэ боловсорч, төлөвшсөн  шилдэг хүмүүсийн бригад гэж хэлэхэд ч эрт бас эргэлзээтэй.  

2016 оны сонгуульд  орохын өмнөхөн хүчтэй пиар явуулж, нийгмээрээ шахуу өндөр  боловсролтой хүмүүсийн нэгдэл хэмээн тус намыг үнэлж байв.  Гэвч тус нам С.Ганбаатарыг намын даргаараа сонгож,  өөрсдийн пиардсан имижээ баллан,  “ХҮН бол  хүмүүсийн нам  биш  хүний нам  юм байна” гэдгээ илтгэж байв.  Өөрөөр хэлбэл  тэд зөвхөн  С.Ганбаатарын рейтингэд найдсан. Гэвч угаасаа Монголд улс төрийн судалгаа,  бодит  байдал  хоёр зөрсөөр байдгийн баталгаа болж,  Монголын хамгийн өндөр рейтингтэй  улстөрчөөр тодроод байсан  С.Ганбаатар нь  өөрөө ч Дарханд өвдөг шороодон тахимаа өгч байсан юм. 

Амбиц,  амьдралын үнэн хоёрын ялгааг нэгэн сонгуульд орохдоо гаргасан стратегийн алдаагаараа ХҮН нам ойлгосон болов уу гэтэл бас  үгүй аж.  Тус нам өнөөх  л  “өндөр  боловсрол” гэсэн үгээрээ ТУГ хийн нийслэлийн парламентын  сонгуульд  орж байна.  Боловсрол гэдэг зүрх сэтгэл, оюун  ухаан,  амьдрах ухаан  болохоос хоёр гурван сургууль төгсчихсөн ч үзэл  бодол нь төлөвшөөгүй, дандаа хүнтэй дайсагнасан, юмыг үгүйсгэсэн хүмүүсийг хэлэхгүй.  Ардчилсан намын нэр дэвшүүлэлт шиг Монголын нийгмээ мэдрээгүй цэвдэг сэтгэлтэй элитүүд,  ХҮН намынхан шиг хөрсөн  дээрээ буугаагүй онол заагчид  шийдвэр гаргах түвшинд  олон болох  нь  төрд бүр  ч аюултай.  “Ер нь  ёс суртахуунтай хүмүүсийг л  сонго. Бусдыг  нь  бурхан зохицуулна” гэсэн үг  байдгийг  нь эцэст  нь дурдъя.  Өөрөөр хэлбэл амьдралын боловсролыг  эзэмшсэн хүмүүс л  ард түмнээ ойлгодог юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button