Нийгмийн

“Ховд дэлхийн жишигт нийцсэн цогцолбор болох ёстой”

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт ажиллаж буй. Тэрбээр өчигдөр Ховд аймагт ажиллалаа.Энэ үеэрээ тэрбээр “Шүүх шударга болбол нийгэмд шударга ёс тогтоно, төр цэгцэрнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдлийг өгнө, орон нутгийн засаглалыг бэхжүүлнэ, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ. Ингэж байж орон нутаг бие даан хөгжих боломж бүрдэнэ. 1335 жилийн түүхтэй Ховд хот Жаргалант сум биш, хот болно. Дэлхийн жишиг төлөвлөлттэй, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох ёстой” гэжээ.

Ховд аймгаас сонгогдсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ховд аймгийн хөгжлийн 10 бодлогоо Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгуулсан гэдгээ хэлсэн байна. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, экспортлох боломж бүрдэх Эрдэнэбүрэнгийн УЦС, баруун бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах Цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эд боловсруулах Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг ажил эдгээр бодлогод тусчээ.

Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан. Тиймээс хөгжлийн бодлогыг ойрын болон дунд, урт хугацаагаар төлөвлөх ёстой гэж УИХ үзэж байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, дунд хугацаа буюу 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан нь энэ бодлого хэрэгжиж байгаа хэрэг юм” гэв.

ХОНОГТ 1500 ШООМЕТР БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажилтай танилцав. Энд нийтдээ 100 га талбайг хамарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор баригдах бөгөөд цэвэрлэх байгууламжаа эхэлж барьж байгаа аж.

“Цогцолбор бүрэн ашиглалтад орох үед арьс шир, хаягдал яс, ноос, ноолуур угаах, самнах, өлөн гэдэс боловсруулах, адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэрүүд баригдана. Түүнчлэн цогцолборыг дагасан оёдол, гутал, сүлжмэл, саван, сав баглаа боодлын зэрэг арав орчим жижиг, дунд үйлдвэр ажиллана гэж тооцож байгаа” хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ярилаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх, химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нь нэн чухал учраас хоногт 1500 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа юуны түрүүнд барьж байгаа аж.

Хэдийгээр орчин үеийн, шинэ техник, технологи ашиглах гэж байгаа ч үйлдвэрийн бохир гэдэг бол онцгой хариуцлага шаарддаг ажил. Тиймээс манай яам энэ байгууламжийн угсралт, технологид мэргэжлийн хяналт тавьж, тусалж дэмжиж ажиллах болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.    

Цементийн үйлдвэр ашиглалтад орчихвол одоо нэг ам метр нь дунджаар 1.1 сая төгрөг байгаа орон сууцны үнэ 850-870 мянга болж буурах нь

Цогцолборын дэд бүтцийн асуудлыг төр буюу аймаг хариуцах бөгөөд цогцолборыг барьж байгуулахад хөрөнгө оруулах хүсэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон байна.

УЛААНБААТАРААС ТОННЫГ НЬ 150.0 МЯНГААР АВСАН ЦЕМЕНТ ХОВДОД ИРЭХДЭЭ ЗАРДАЛ ШИНГЭЖ 310.0 МЯНГА БОЛДОГ

Тус аймагт өрнөж буй өөр нэг томоохон бүтээн байгуулалт бол жилдээ 300.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн эко үйлдвэр юм. Аймгаасаа 15 км-т, Буянт сумын нутагт баригдаж байгаа энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй хуурай аргаар, хаягдал хий, усаа дахин ашиглах шилдэг технологийн үйлдвэр юм байна.

Үйлдвэрийг “Вестерн холд” ХХК байгуулж буй бөгөөд гаднын оролцоогүйгээр зөвхөн монгол инженер, ажилчид барьж байгуулж байгаагаараа онцлог юм. Баруун бүсийн 5 аймаг нийтдээ 220.0 орчим мянган тонн цементийн жилийн хэрэглээтэй байгаа бөгөөд энэ үйлдвэр ашиглалтад орсноор бүсийн аймгуудын хэрэгцээг хямд үнэтэй цементээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Одоо Улаанбаатараас тонныг нь 150.0 мянгаар авсан цемент Ховдод ирэхдээ зардал шингэж 310.0 мянга болдог гэнэ.

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС МАХНААС БУСАД НЬ ҮНЭГҮЙДЧИХЭЭД БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Ховдынх тэгэхээр улстаа хоёр дахь нь гэсэн үг. Жилдээ 1.0 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл хөрөнгө оруулъя гэсэн дотоодын аж ахуйн нэгж олон байгаа юм байна. Тиймээс дэд бүтцийн ажилд шаардагдах санхүүжилтийг улсаас шийдэж өгөх нь зайлшгүй чухал гэж үзэж байна.

Сумын Засаг даргыг ард түмэн сонгодог, багийн Засаг даргыг сумын дарга нь томилдог болгох зэрэг санал хэлсэн

Цементийн үйлдвэр баруун бүс нутагт чухал ач холбогдолтой. Жишээ нь энэ үйлдвэр ашиглалтад орчихвол одоо нэг ам метр нь дунджаар 1.1 сая төгрөг байгаа орон сууцны үнэ 850-870 мянга болж буурах нь. Хоёр үйлдвэр малчин түмэн, иргэдийн амьжиргаанд маш том тус дэм болох юм байна. Ерөөсөө Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлж байж л хөгжил дэвшилд хүрнэ. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс махнаас бусад нь үнэгүйдчихээд байгаа. Тэдгээрийг үнэд оруулах, аймаг, сумын төвүүдийг орон сууцжуулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт хийж байгаа Ховдчуудад баяр хүргэх нь зүйд нийцнэ. Төр бодлогоор дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.

Иргэд төсвийн хуулиа чанд баримтлах, алдагдалтай төсөв батлахгүй байх, зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийн паркийг дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж өгөх, тэтгэврийн шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх, багийн нийтийн хуралд иргэдийн төлөөлөл, оролцоог хангах, орон нутагт баригдаж буй барилгын чанарт хяналт тавих, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зогсоолыг заавал шийддэг байх хууль гаргах, хот болсон тохиолдолд төсвийн эрх мэдэл, нутаг дэвсгэрийн асуудлыг нэг мөр шийдэх, бүсийн тулгуур төвүүдийн эрх, үүрэг, статусыг тодорхой болгох, сумын Засаг даргыг ард түмэн сонгодог, багийн Засаг даргыг сумын дарга нь томилдог болгох зэрэг санал хэлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button