УЛС ТӨР

Орон зай үл хамааран боловсрол эзэмшинэ

Дэлхий даяар дэгдсэн цар тахал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг тэр аяар нь өөрчлөв. Оффистоо очилгүйгээр ажил хэргээ удирдах, биечлэн оролцолгүй хурал зохион байгуулах, дуудлагаар дэлгүүрээс хүнсээ авчруулах, танхимд суулгүй боловсрол эзэмших гэхчлэн хүний өдөр тутмын амьдралыг илүү хялбарчлах шийдлүүд эргэлт буцалтгүй та, бидний амьдралд нэвтэрч, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж эхлэв.

Эдгээрээс боловсролын салбарыг энд онцлон дурдъя. COVID-19 цар тахлын улмаас дэлхийн нийт 186 улсад 1.2 тэрбум хүүхэд, залуус танхимын боловсрол эзэмших боломжгүй болж, үр дүнд нь орон зай үл хамааран суралцах боломжтой теле болон цахим сургалтын арга хэлбэрүүд хүчтэй нэвтэрсэн юм. Голдуу дижитал платформ ашиглан суралцагчдад хүрч буй энэ арга хэлбэр мэдээллийн хадгалагдах байдлын хувьд илүү урт хугацаатай төдийгүй аливааг богино хугацаанд суралцах боломжтой, орон зай, цаг хугацаа үл хамаарах боловсрол эзэмших гэхчлэн олон давуу талтай учраас цар тахлын дэгдэлт намжсаны дараа ч бидний өдөр тутмын амьдралд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Гэхдээ цар тахлаас ч өмнө дэлхий даяар боловсролын технологийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байсан бөгөөд эдтек хэмээн томьёологддог энэ салбарт 2019 оны байдлаар 18.66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг.

Улмаар онлайн боловсролын нийт зах зээл 2025 он гэхэд 350 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэйг Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан юм. Гадаад хэлний аппликейшн, виртуал сургалт, видео хичээл, хурал, онлайн сургалтын программ хангамж гээд өргөн цар хүрээг хамарч буй энэ салбар COVID-19 цар тахлаас үл хамааран хэрэглээ нь огцом өсөх хандлагатай байна.

Тэгвэл дэлхий дахины энэ хандлагыг мэдэрч, хүртээмжтэй, чанартай боловсролыг хүүхэд, залууст эзэмшүүлэхэд онлайн болон зайн сургалтыг хөгжүүлэх шаардлага нэн тулгамдаж буйг нийслэлийн Монгол Ардын Нам анзаарч, нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө онцлон шигтгэжээ.
Онлайн, зайн сургалтын нэгдсэн платформыг нэвтрүүлнэ хэмээн боловсролын салбарт баримтлах бодлогоо тусгасан мөрийн хөтөлбөртөө юуны өмнө онцолсон байна. Өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчийн хагаст Монголын багачууд ерөнхий боловсролын суурь хичээлүүдээ теле хичээлээр дамжуулан үзэж суралцсан ба эдгээр нь ирээдүйд Монголд дэлхий дахины адил онлайн, зайн сургалт хөгжих үндэс суурь, эхлэлийг тавьж чадсан юм.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөөрөө цахим боловсролыг шинэ түвшинд аваачихыг нийслэлийн Монгол Ардын Нам эрмэлзэж байна. “MasterClass”, “Edx.org”, “Coursera”, “Future Learn” шиг сургалтын нэгдсэн платформ Монголд бий болгох ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг. Стэнфорд, Пеннсильванийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллеж, Дьюк, Мичиганы их сургууль гээд олгож буй боловсролынхоо чанараар дэлхийд тэргүүлэгч сургуулиудын хөтөлбөрийг санал болгодгоороо эдгээр платформ онцлог. Тэгвэл ирээдүйд Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль ч дээд боловсролын хөтөлбөрөө танхимаар бус, цахимаар санал болгож, тэртээ хязгаар нутгийн залуус ч Улаанбаатарт ирэлгүйгээр дээд боловсрол эзэмших боломж бүрдэх бололцоотой гэсэн үг.

Тэрчлэн насан туршийн боловсролын онлайн болон явуулын сургалтын үйлчилгээг өргөжүүлж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн МАН бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Ерөөс цаг хугацаа, орон зай үл хамааран боловсрол эзэмших хандлага дэлхий даяар хурдацтай тархаж байна. Нэн шинэ энэ хандлагаас Монголын залуус ч хоцрох ёсгүй билээ.

ЭХ СУРВАЛЖ: МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button