УЛС ТӨР

АН дахиад Ж.Батзандангийн “хор”-нд хордох вий

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

УИХ-ын сонгуулиар навс “зодуулсан” АН орон нутгийн сонгуулиар хоёр “суг таяг”-тай гарч ирсэн. Тэр нь Ж.Батзандан, Н.Энхбаяр хоёр.  Улс төрийн шийдлийн хувьд энэ тийм ч муу шийдвэр биш.  АН 37 нэр дэвшигчээ нийслэлд дэвшүүлсэн. Тэр дунд ШИНЭН-ын 4, 5 хүн байгаа. АН-ын гишүүн болоод нэр дэвшиж байгаа юм. Харин МАХН 8 хүнээ нэр дэвшүүлсэн. Энэ 8 хүний нэр дэвшиж буй тойргийг АН тэр чигээр нь хаясан гэсэн үг.  Харин АН-ын 37 хүн нэр дэвшиж буй тойрогт МАХН-ынхан очиж, “шавар хаахгүй”, санал хуваахгүй. Эцсийн эцэст АН-ын нэр хүнд хаах нь байна вэ гэдгийг ч шалгах нэг шалгуур болох нь.  Гэхдээ энэ шийдвэр АН-ын ахмад гишүүдийн дургүйг хүргэсэн. Байж болох хамгийн оновчтой шийдэл гэж өмөөрч болох нь дагаж гарах үр дагавар нь нөхөж болохооргүй байвал яана. Уг нь АН гэдэг чинь үндэсний хэмжээний том нам.

Намаас гарч, тэрсэлсэн Ж.Батзандан, АН-ын ахмадуудын хэлдгээр ардчиллыг нухчин дарж байсан Н.Энхбаяр хоёроор “суг таяг” хийтлээ дор орчхоогүй улс төрийн хүчин байлтай. Яаж ч зодуулсан өндийж босоод, өрж зогсоод, эцсээ хүртэл тулалдах чадалтай шийртэй эрийн хэмжээнд энэ нам байх ёстой. Гэвч тэгж чадсангүй. Одоо бүр нэг сугандаа тулсан Ж.Батзандан нь нохойтож эхлэв бололтой.  УИХ-ын сонгуулиар салан тусгаарлаж, өөр нам байгуулж, хөөрхөн хорлосон “попын хаан”-тан дахиад ч бөгсөн дор нь зүү тавьчихаж мэдэхээр болоод явчихлаа. 

Хэдхэн хоногийн өмнө ШИНЭ намын Л.Болд “Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ. Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН хоёр нэгдэх үйл явц өрнөнө” гэж ярьсан. Гэтэл өчигдөр Ж.Батзандан огт өөр байр суурь илэрхийллээ. Мөн Баянзүрх дүүрэгт ШИНЭН-ынхан хэнтэй ч “тулалдахад” бэлэн гэдгээ зарлаж гарч ирэв. Нийслэлд нэгдсэн учраас Баянзүрхэд ч нийлэх ёстой гэсэн юм байхгүй байх л даа. Гэхдээ л нэг эрх ашгийн төлөө нэгдэж байгаа бол хаана хаанаа л асуудлаа ярилцсан байлтай. Гэвч АН-тай тохиролцоонд хүрч чадаагүй гээд ШИНЭН-ын төлөөлөл бухимдалтай өнгөөр ярьж байна билээ.

Нөгөө талаар өчигдөр ШИНЭН-ын дарга Ж.Батзандан хэвлэлийн бага хурал хийж “ШИНЭН АН-тай нэгдээгүй. Сөрөг хүчний намууд, сонгуулиа луйвардуулсан улс төрийн хүчнүүд хамтран ажиллах ёстой. Юу юугүй өвөр түрийдээ давхиж орох нь өнөө маргаашдаа зөв зүйл биш. ШИНЭН-ын даргын суудлаа өгөх тухайгаа мэдэгдсэн боловч намын Төв зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж шийдвэрлээгүй байгаа” хэмээн ярилаа. Сонгуулийн дараа гарч ирээд, даргын албаа өглөө гэж зарласан Ж.Батзандан эр хоёр загал шиг ижилсэж явсан Л.Болдынхоо “өгзөг” рүү өшиглөв үү дээ гэж ойлгохоор мэдэгдлийг хийлээ. Нөгөө талаар АН-тай өвөр, түрийдээ орохгүй хэмээн хэлж, Баянзүрхэд хүртэл хөөрхөн бужигнаан үүслээ. 

Орон нутгийн сонгууль дөхөж байхад ШИНЭ намын гол хоёр хүн нь эсрэг, тэсрэг зүйл ярьж эхэллээ. Хэдхэн хоногийн дараа Ж.Батзандан гарч ирээд “Л.Болд хүсэл зорилгоосоо ухарч, ШИНЭ намыг АН-тай нийлүүлэх гэлээ. Тэр бол ердөө намын нэг гишүүн. Бид намаа яахаа олон гишүүнийхээ саналаар шийднэ. Ер нь бид орон нутгийн сонгуулиар АН-тай нэгдэж орохоо болилоо.  ШИНЭН-ыг дэмждэг хүмүүс АН-д саналаа битгий өгөөрэй” гэж хэлээд зогсож байж өлхөн чадах хүн. Ердөө л өчигдрийн мэдэгдэл нь жижигхэн хор хутгачхаж байна. Тиймээс АН эхнээсээ л “суг таяг”-гүй, өөрийнхөө хүчинд найдаж сонгуульд оролцох байсан юм. Тийм хүчирхэг АН Монголд хэрэгтэй байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button