УЛС ТӨР

Хот төлөвлөлтийг өөрчлөх “хувилбар”

Хотод амьдрах хүмүүсийн тоо өдөр бүр хэдэн мянгаар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр өдгөө Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Энэ хэрээр нийслэлийн хот төлөвлөлтөд асуудал үүсэж, Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэв. Улаанбаатар хотын дэд бүтцийг жилээс жилд сайжруулж байгаа ч гэрлийн хурдаар өсөж буй хүн амын шилжилт хөдөлгөөн улам ч түвэгтэй байдал руу шилжүүлж байна. Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр дөрвөөс илүү хувиар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хот Монголын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын талаас илүү нь амьдарч буй юм. Энэ байдал улам өсөн нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 2045 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.8 саяад хүрэх бөгөөд үүнийг дагаад авто замын ачаалал эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын авто замд зорчих хурд 30 хувиар буурах тооцоо бий.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хотын иргэдийн эрүүл, цэвэр, амьдралын таатай орчинг бий болгохоор дэвшүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн нөхцөлийг сайжруулж, олон жил хог дарж булсан ландфилын талбайг үе шаттайгаар хэсэгчлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлж, бохир цуглуулж, тээвэрлэх, байгальд ээлтэй аргаар устгах арга технологийг нэвтрүүлэн хөрсний бохирдлыг багасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нийслэлийн Монгол Ардын Нам Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ тогтолцоог нэвтрүүлэх замаар нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлээд буй олон чухал асуудлыг шийдэхээр зорьж байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн тээврийн автобус, автобусны буудал, зогсоол, тохижилтын элементүүдэд угаалга, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, цэвэр, амьдрахад таатай орчинтой болгохоор Нийслэлийн Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Монгол Ардын Нам өндөр өндөр шилэн барилга, ганган хээнцэр автомашин, үйлдвэр үйлчилгээний төвүүд байрласан хот бус амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоосон хот байгуулахаар зорьж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайг 10-аад га-гаар нэмэгдүүлэв. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам, Богд хааны ордон музей, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн өмнөх талбай, Ахмадын холбооны нэртэй газар гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг хувийн хэвшлийнхэнд эзэмшүүлчихсэн, заримыг нь бүр банкны барьцаанд тавьчихсан байсныг нийтийн эзэмшилд авав. Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайг хот буцааж авахдаа ногоон байгууламжийн автомат усалгааны системтэй, усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулав. 2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1.7 ам метр байсныг өнгөрсөн 4 жилд алхам алхмаар нэмэгдүүлсээр 2019 он гэхэд 4.3 ам метрт хүргээд байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх хотууд хүн амьдрахад ая тухтай, эрүүл, цэвэр, аюулгүй хотыг бүтээх ажиллаж байна. Жишээ дурдахад, дэлхийн хамгийн ая тухтай хотоор шалгарсан Австрийн Вена хотын хувьд нийтдээ 90 гаруй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хамгийн таатай хотоор шалгаруулахад гол нөлөө үзүүлсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button