Нийгмийн

МИАТ: ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг тээвэрлэж явахад 5 хүнээс халдвар илэрсэн

БНХАУ-ын зарим мэдээллийн сайтад энэ оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн онгоцонд сууж явсан таван зорчигчоос коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. Улмаар Монгол Улс дотооддоо халдвар алдчихлаа гэх айдас иргэдийн дунд үүсээд буй.

Харин Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өчигдөр уг асуудалд тайлбар хийжээ.

Тэд “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн.

Энэхүү нислэгийг Боинг 767 агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан боловч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна.

Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон.

МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болно” гэсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button