НийгмийнҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Балчир үрсэд хайраа шингээн, уламжлалыг урладаг "Boo" брэнд

Eguur.mn сайт “Үйлдвэрлэгч” буландаа “Boo” брэндийг онцолж байна. ЖДҮ хөгжүүлж, экологийн цэвэр түүхий эдээр хүүхдэд зориулж нүүдэлчин монголчуудын соёлын онцлогийг тоглоом, наадгайдаа шингээн  урладаг энэ брэнд хил хаалттай хүнд цаг үед дотоодын үйлдвэрлэгч болохыг зорьж байна.


  • Компани ба брэнд: “Boo”
  • Үйлдвэрлэлийн чиглэл: Хүүхдийн тоглоом, хувцас үйлдвэрлэл
  • Үүсгэн байгуулагч, удирдлага: Ерөнхий захирал С.Тамжид
  • Үүсгэн байгуулсан он: 2021 оны тавдугаар сараас төлөвлөж, есдүгээр сараас үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн
  • Сошиал холбоос: Вэб сайт- https://boo.mn/
  • Фэйсбүүк хуудас- https://www.facebook.com/boo.mongolia

ХӨРӨГЛӨЛ: ХҮН, БАЙГАЛИЙГ ХАМТАД НЬ ХАЙРЛАЖ, ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН С.ТАМЖИД

20 дөнгөж гарч яваа ганц бие залуу “Boo” хайраар бүтээв үйлдвэрлэл эрхлэхээр санаачилжээ. Өмнө нь аав болж үзээгүй ч хамгийн сайн аав, ээж байхад чиглүүлэн бяцхан үрсийг халамжилж чадах  бүтээгдэхүүнийг урлаж буй. Түүнийг С.Тамжид гэдэг. Тэрбээр олон найз нөхөд, ах дүүтэй. Тэд нь гэр бүл зохиоход С.Тамжидыг нялх үрд нь “Юу авч очих вэ, хэрэгтэй л юм өгөх сөн” гэх бодол тээснээр “Boo” брэндийн санаа улбаатай хэмээв.

Тэрбээр Соёл судлаач мэргэжлээр 2016 онд ШУТИС-ийг төгссөн нь эл бизнесээ эхлүүлэхэд том дэм болжээ. Хүний өгсөн бэлэг цаад хүндээ хэрэглэгдэж байж үнэ цэнтэй бэлэг болно. Тиймээс бэлэглэсэн ч үнэ цэнтэй, хэрэглэсэн ч эдэлгээ сайтай байлгахыг зорьдог аж.

Байгалийг хайрлах хайр түүнийг нөмөрдөг гэж болно. Учир нь алхам тутамдаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань хүнд хэрэгтэй байгаасай гэх бодлоос урьтаж "Яавал байгальд ээлтэй бас хоргүй бүтээл хийх вэ гэдэг бодол толгойд нь эргэлддэг" гэлээ. Тиймээс байгалийн өөрийнх нь бүтээгдэхүүн болох модоор тоглоомоо бүтээхээр болжээ. Одоо ч бусдад ээлтэй байлгах дадлаа орхиогүй бөгөөд "Үйлдвэрлэе" хэмээн жагсаасан 100 нэрсээс үүнд нийцэхгүйгээ балаар дарж, хассаар суудаг гэнэ.

Хийж бүтээхийн хүслэнд автаж амралтын өдөр өөртөө чөлөөт цаг гаргалгүй өдөр бүр ажилладаг. Ингэхдээ огт ялархдаггүй бөгөөд "Энэ бүхэн миний болоод Монголын маань ирээдүй" хэмээн боддог байна.


БЛИЦ ЯРИЛЦЛАГА: ТҮҮХИЙ ЭДЭЭ ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БОЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХӨД БЭРХ

"Boo" брэнд цахим вэб хуудас болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа тул одоогоор өөрийн гэсэн нэрийн дэлгүүрээ нээж амжаагүй. Гэвч цахим худалдаагаараа аль эрт үйлчлүүлэгчдээ татаад, танигдаад эхэлчихсэн. Тиймээс тэдний оффиссын байранд нь очиж товч ярилцлаа.

-Үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээ дотоодоосоо бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?

-Даавууг Монгол Улс үйлдвэрлэдэггүй учраас гадаадын улсаас энэ төрлийн түүхий эдийг импортоор оруулж ирдэг. Ингэхдээ чанар хангахуйц зөөлөн, хөвөн даавууг сонгоно. Харин модыг дотоодоос авч үйлдвэрийн аргаар хатаалгад оруулж боловсруулсны дараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн харшлах ёсгүй. Бидний хувьд зарим дээрх шалтгааны улмаас импортын хамгийн чанар хангасан түүхий эдийг сорчилдог. Бидэнд хэрэгтэй түүхий эдийг дотоодод үйлдвэрлээд эхэлбэл импортоос авахгүй. Үйлдвэрлэгч оронтой болохыг зорьж байгаа учраас дэмжиж түүхий эдээ хангана.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхол иргэдэд бий. Гэвч үнэ нь хэт өндөр байх тохиол их. Танай бараа бүтээгдэхүүн нийгмийн аль нэг давхаргад чиглэдэг үү?

-Хэрэглэгчдэдээ ухаалаг үнийг санал болгоно. Хүүхдэдээ эрүүл ахуй талыг нь бодоод модон тоглоом авъя гэхээр үнэтэй байдаг. Тэгвэл бид үнэтэй гээд авч чадахгүй байгаа тэр нийгмийн хэсэгт ч өндөр чанар амлаад бололцоот үнээр нь санал болгодог. Мөнгөтэй хүмүүс үнэтэй, чанартай бүхнийг хэрэглээд л дундаж болон түүнээс доош амьдралтай хүмүүс пластик, хуванцар эдээр хүүхдээ тоглуулах ёсгүй шүү дээ. Бид ашиг олохыг нэг их горилохгүй. Хамгийн гол зорилго маань үйлдвэрлэгч болж, брэнд үүсгэх юм.

Хуванцар, пластик тоглоомууд хагарч хугарч хүүхдэд бэртэл учруулах эрсдэлтэй. Мөн химийн найрлагатай. 0-1 насны бүх хүүхдүүд гартаа барьсан зүйлээ амандаа хийдэг. Тэр зүйлд химийн найрлага байх ёсгүй.

-Хүүхдийн тоглоом зах зээлд хангалттай их байдаг. Импортын бараануудтай өрсөлдөхөд хэр хүндрэлтэй байна вэ?

-1990 оноос хойш Монголын зах зээлд импортын тоглоомууд хангалттай байр сууриа эзэлчихсэн. Ковидын хөл хорионд хил хаалттай байхад ч дэлгүүрийн лангуун дээрээс хүүхдийн тоглоом татраагүй. Тэгэхээр маш их нөөц байгааг илтгэж байна.

Бид тоглоом хийхийн хажуугаар хүүхдийн контентыг хөгжүүлж, өв уламжлалын агуулгыг шингээхийг зорьж байгаа. Гэхдээ өнгөн талдаа орчин үежсэн, дэвшилтэт байдлыг шингээсэн. Бидний зорилго үнэ цэнтэй. Хүүхдийн бүтээгдэхүүн эрүүл аюулгүй байх нь чухал гэдгийг лавхан барьж авсан нь хамгийн чухал. Үүнийгээ хэрэглэгчдэдээ түгээж, хүргэж чадах юм бол импортын бараануудтай энэ зах зээлд хангалттай өрсөлдөж чадна гэж хардаг.

-Үйлдвэрлэл эрхэлж буй та бүхэнд улсаас хэрхэн дэмжлэг, туслалцаа үзүүлж байна вэ?

-Бид одоогоор үйлдвэрлэлдээ анхаараад энэ талаар төвлөрч ажиллаж чадахгүй байгаа. Ямартай ч сургалт, зөвлөгөөг өгч аль болох дэмтэй байхыг улс маань хичээдэг юм билээ.

-"Boo" гэх нэрийг яагаад сонгох болсон бэ?

-Бага насны хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнтэй учраас хэлд ороогүй хүүхдийн гаргадаг авиагаар нэрлэсэн. Тэд “Boo, boo, da du” гээд л шулганадаг шүү дээ. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн учраас өхөөрдөм нэртэй байлгахыг зорьсон нь энэ.

-Танай вэб сайт кирилл үсгээр биш латин үсгээр бичигддэг. Үүнээс харахад гадаад улс уруу алсдаа экспорт хийх зорилготой юм болов уу гэж харлаа.

-Тийм зорилгыг бид 2023 онд гэж төлөвлөж байгаа. Гэхдээ хил гаалийн нөхцөл хүнд байгаа учраас хугацаа хойшилж мэднэ. Хилийн чинад дахь монголчууд, монгол өв судлаач, монгол угсаатан гээд олон олон хүнд бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсэж буй.

Импорт эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй. Мөн бараагаа таниулахын тулд сурталчлах, цахим байдлаа өшөө хөгжүүлж, төрөлжүүлэх, судалгаа хийх гээд маш олон ажил байна.

-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Ах, аав, найзууд, хуурай ахтайгаа хамтраад эхлүүлсэн. Одоогоор манай баг зургуулаа, үйлдвэрлэл дээр хамтардаг хүмүүстэйгээ нийлээд 15 хүн байдаг.

-Анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ авах болон бусдад борлуулах мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Огшмоор мэдрэмжийг авч байсан. Анхны багц бүтээгдэхүүнийг маань ойрын хүрээллийн маань хүн авсан. Орлого орох мэдрэмжээс илүү үүний ард гарчихлаа гэж л их хөөрцөглөсөн. Одоохондоо орлого олох бидэнд чухал биш бүтээгдэхүүнээ брэнд болгоход анхаарч байгаа.

Бүтээгдэхүүнээс маань авсан хүн тэр даруйдаа "баярлалаа" гэж хэлэхээс илүүтэй хоёр, гурван жилийн дараа өнөөх тоглоом, баривч, хүүхдийн гутал маань яг хэвээрээ элэгдээгүй байгаа, баярлалаа гэж хэлэх болов уу хэмээн битүүхэн бодож явна. Тэрнээс ч урт хугацааны өвлөгддөг тоглоом, хувцас гаргасан гэж боддог. Учир нь бидний хайраа шингээж, маш их судалгаа шинжилгээ хийж бүтээсэн эд юм шүү дээ.


ТӨГСГӨЛ: ҮЙЛДВЭРЛЭГЧ БИД УЛСАА ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛОХООС ӨРСӨЛДӨГЧИД БИШ

Түүнтэй ярилцан суухад "Бид орлогын төлөө энэ бүхнийг эхлүүлээгүй" гэдгийг дахин дахин ярьж байв.

Иймд түүнээс "Тэгээд юуны төлөө гэж..." гэхэд "Манай улс модоор үйлдвэрлэл эрхлэх хэмжээний баялаг модтой улс биш. Гэхдээ хүүхдийн тоглоом, жижиг эдлэл хийхэд хангалттай хүрэлцэнэ. Модыг түлээ болгох, гадагш гаргах, барилгын туслах материал зэрэгт ашигладаг. Ингэснээрээ мод гэдэг зүйлийг үнэгүйдүүлээд байгаа юм шиг санагддаг. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад үйлдвэрлэл болгох чухал. Тэгвэл бидний зүгээр л зуухандаа хийгээд шатаачихдаг, ямар нэг юмны нөхөөсөнд чигжчихдэг байдал өөрчлөгдөнө. Манай улс дотооддоо байгаа түүхий эдүүдээ эцсийн бүтээгдэхүүн болгож үнэ цэнг бий болгох маш чухал. Манай багийнхны туулийн зорилго үүнд чиглэдэг. Учир нь бидний зорилтот хэсэг бол хүүхэд. Хүүхэд бол бидний ирээдүй" гэлээ.

Тэрбээр бизнес эрхлэгчдэд хандан "Импортын бараа авч ирээд зарах бус үйлдвэрлэгч үндэстэн болохын төлөө хөдөлмөрлөөсэй. Сэтгэл зүрхээ зориулаасай. Үндэсний үйлдвэрлэл гэхээр "Хөөх, монголчууд хийсэн юм уу" гэж гайхаж хүлээж авдаг байдлыг халж, энгийн өдөр тутамдаа таардаг болгох хэрэгтэй. Үйлдвэрлээд эхэлчихвэл иргэд импортын биш дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэдэг соёл тогтох болно" гэв.

Эцэст нь тэрбээр "Ямар нэгэн том зүйлийг хийхэд золиос, бэрхшээлтэй үргэлж тулгарна. Миний хувьд өдөр бүр шантардаг. Азаар эргэн тойронд маань сайн хүмүүс олон учраас урмыг сэргээж, хүчийг сэлбэж дэмнэдэг.

Алхам бүрт бэрхшээл тулгардаг гэвч яг хажуу талд нь гарц гаргалгаа нь байдаг юм шүү. Мухардана гэж үгүй" гэлээ. Тэрбээр шантрах үедээ өөрийгөө эрчимжүүлэх зүйлийг заавал олоорой хэмээсэн юм. Түүний хувьд баг хамт олон нь шантрах бүртээ эргэн босох тэнхлийг тэднээсээ авдаг аж. Энэ талаар "Хамгийн сайн багийг бүрдүүлж чадах юм бол чи ганцаархнаа зүдэрч, шөнө нойргүй зүтгэх нь буурна. Бүхий л зүйлд хамтдаа болчихно" гэсэн юм.

"Boo" брэндийн хамт олон "River garden"-д хоёрдугаар сараас дэлгүүрээ нээх юм. Харин нөөцөө бүрдүүлсэн хойноо орон нутагт салбараа нээх бөгөөд цаашид бүтээгдэхүүнийхээ төрлийг улам өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР


ӨМНӨХ КОНТЕНТИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Тахлын үед бүх салбар дэлгүүрээ алдсан ч “Mayara Mongols” нүүдэлчин соёлыг бүтээгдэхүүн болгосоор

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 08:34

undesnii uildverlel yamar ih heregtei baigaag ta hed maani odo gaduur delguur yvj bhda anzaarchil baiga bhda

Зочин
Зочин
2022-01-18 08:39

mongolchuud bid odoo tuuhii ediig l uildverledeg boloh heregtei baina

Зочин
Зочин
2022-01-18 09:08

bid undesnii uildverlelee demjih heregtei

зочин
зочин
2022-01-27 10:00

Мундаг з####уус байна. АМЖИЛТ ХҮСЬЕ. Иймэрхүү з####уусыг дэмжиж байж л улс хөгжинө. Гэхдээ бүх юм хоорондоо холбоотой. Үндэсний үйлдвэрлэл. дээл хувцсаа хийнэ гэхээр даавуу. утас нь гаднаас болохоор ба л гадны хараат болоод байна. Иймд ядаж л эхлээд даавуу. утасаа өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна даа

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x