"KhurenBaavgai"-н Б.Бат-Эрдэнэ: Хэн нэгний амьдралд тохиодог хэзээ ч хуучиршгүй сэдэв сонгодог

Контент бүтээгчид бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэдэн дунд нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, хөрсөн дээр буудаггүй шийдвэрүүдийг үзэгчдэд уншиж өгч, олон нийтэд хүргэдэг залуус бол "KhurenBaavgai"-ынхан. Eguur.mn агентлаг энэ удаагийн зочноор контент бүтээгч Б.Бат-Эрдэнэ, Л.Халиун нарыг урин оролцуулж, ярилцлаа.
-Та хоёрыг хүмүүс "KhurenBaavgai" пэйжийн контент бүтээгч гэдгээр л танина. Юуны өмнө уншигчдадаа өөрсдийгөө танилцуулаач?
-Намайг Болдбаатарын Бат-Эрдэнэ гэдэг. "Brown" студийн үүсгэн байгуулагч мөн дээрээс нь цахим орчинд "KhurenBaavgai" пэйж ажиллуулдаг, контент хийгээд жил болж байна.
-Намайг Л.Халиун гэдэг. Моделийн чиглэлээр нийтдээ 10-аад жил явсан байна. Анх ажил хайх групп дээр “Model searching” гэдэг зарыг харж байсан. Тиймээс өөрийгөө фото чиглэлээр хөгжүүлэх гээд зорьж байсан учраас очиж уулзсан. Тухайн үед ажил олгогчоос “Манайх зураг авалтын студиэс гадна контент руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Чи дан ганц фото моделиор ажиллахад ийм давуу болон сул талтай. Контентод орвол олон давуу талтай учраас хослуулаад ажиллах санал тавьж байна гэж баавгай ах хэлсэн. Тухайн үед саналыг нь сонсоод их зүйл бодолгүй шууд л зөвшөөрсөн. Ингээд "Brown" студид модель хийхийн хажуугаар давхар контент хийгээд явж байна.
-"KhurenBaavgai" пэйжийг хэдэн онд, ямар зорилгоор ажиллуулж эхэлсэн бэ?
-Б.Б: "KhurenBaavgai" пэйжээ анх 2023 онд “Brown студи” нэртэй нээж байсан. Миний хувьд пэйжээ хөгжүүлэх зорилгоор анх "Эксийн хурим" гэсэн богино бичлэг хийж байсан. Уг бичлэг цацагдсан даруйдаа 12 мянган дагагчтай болохын хажуугаар үзэлт нь нэг сая давчихсан. Тухайн үед бид зүгээр л “Их хандалт авч дээ” гээд хаячихсан юм л даа. Гэхдээ хүмүүс манайх руу "Дахиад контент хийгээч ээ" гээд нэхээд эхэлсэн. Тэгээд л үргэлжлүүлээд идэвхтэй контент хийдэг болсон.
-"KhurenBaavgai" гэдэг нь таны хоч юм уу. Энэ нэрийг анх хэрхэн бодож олсон бэ?
-Б.Б: Хамгийн эхэнд хүнд амархан хүрэх нэрийг бодож олоход "Хүрэн баавгай" гэдэг нэр санаанд орсон. Биднийг бага байхад Солонгосын "Гурван марал од" гээд кино гардаг байсан л даа. Тэр киноны эхний анги дээр "хүрэн баавгай" гээд надтай тун адилхан хүн сууж байдаг байсан юм. Тэр дүрээс санаа аваад энэ нэрээ өгчихсөн. Одоо бол зарим хүмүүс таниад "баавгай" ах явж байна гэдэг болсон байна лээ.
-2020 онд ХУД-т хоёр охин хөтлөлцөөд барилгын дээврээс унасан харамсалтай хэргээс эхлээд нийгэмд нөлөөлсөн контент хийхээр зорьж эхэлсэн-

-Ингэхэд та ямар мэргэжлээр сурсан юм бэ?
-Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Тухайн үед миний сонирхол бол зураг, видео, аудио төрлийн студид ажиллуулах байсан. Уг нь энэ чиглэлээрээ сурах хүсэлтэй байсан боловч ар гэрийн шаардлагаар нийгмийн ажилтан мэргэжлээр сурсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ сурсан мэдсэн зүйлсээ хоббитойгоо холиод нийгэм рүү чиглэсэн контентыг хийж эхэлсэн.
Хэрвээ би мэргэжлээрээ ямар нэгэн сургуульд нийгмийн ажилтнаар орсон бол зөвхөн тэр сургуулийн асуудлыг л хариуцна. Харин түүний оронд би пэйж дээрээ контент хийж эхэлбэл арай илүү өргөн хүрээнд нийгэм рүү чиглэсэн зүйлүүдийг хийж чадахаа ойлгосон.
-Нийгэм гэхээр маш өргөн хүрээний ойлголт шүү дээ. Тэр дундаас эмзэглэх сэдэв бишгүй их байсан байх?
-Миний хувьд нийгэмд маш их эмзэглэдэг. 2020 онд ХУД-т хоёр охин хөтлөлцөөд барилгын дээврээс унасан харамсалтай хэрэг гарсан. Тэр үед “Амиа хорлолт бол шийдэл биш ээ, хүүхдүүд ээ” гэсэн утгатай видео хийсэн боловч хэн ч намайг тоогоогүй. Харин арай өөр аргаар пэйжээ хөгжүүлээд, хандалт сайтай болоод ирэхээр өмнө хэлж байхад тоогоогүй тэр асуудлуудыг өөрөөрөө дамжуулж хүмүүст хүргэхийг хүссэн.
Нийгэмд үнэхээр болохгүй байгаа зүйл гэвэл “Гэр бүлийн харилцаа, хосуудын салалт, үе тэнгийн дээрэлхэлт” зэрэг асуудлууд байна. Эдгээрээс хамгийн анх контент хийж эхлэхдээ залуучуудад хандаж араар тавилтын тухай анхааруулах бичлэгүүдийг хийсэн.
-“Хариулж амжаагүй чат” контентод нь их олон хүн ханддаг юм билээ. Тань руу хандаж байгаа тэр олон хүмүүсийн нийтлэг асуудал нь юу байдаг вэ?
-Над руу маш олон хүн ханддаг. Үнэнийг хэлэхэд заримынх нь чатыг уншиж ч амждаггүй үе бий. Чатаа нэг бүрчлэн уншиж байгаад зарим ижил төстэй асуудлуудыг базсан нэг сэдэв гаргаж ирээд контент хийдэг.
Мөн түрүүн хэлсэнчлэн надад ирсэн чат бүрийг харж амждаггүй үед зарим нэг нь залгаад “Хамт суугаад ууя, Та надад сэтгэлзүйн зөвлөгөө өгөөч, Танилцаад сайхан ах дүүс болъё” гэдэг хүмүүс их байдаг.
Хүмүүсээс ирдэг хамгийн их түгээмэл ханддаг асуудал нь “Насанд хүрээгүй буюу 14-16 насны охидууд жирэмсэн болчихсон. Мөн намайг жирэмсэн болгосон хүн ч гэсэн насанд хүрээгүй. Намайг анх найрахдаа маш гоё үгнүүдийг хэлдэг байсан. Гэхдээ бэлгийн харилцаанд ороод алга болчихсон" гэх нь хамгийн наад захын асуудал гэж болно. Бидний хувьд эдгээр бодит нийгмийн асуудлуудыг хэрхэн бусад хүмүүст ойлгуулж хүргэх талаас нь аль болох хичээж ажилласаар л байна.
-Танд хандаж байгаа тэр олон хүмүүсийн асуудлыг уншиж, контент хийхээс гадна хэрхэн туслах боломжтой гэж харж байна вэ?
-Би эдгээр чатуудыг эхэндээ бол уншаад л өнгөрдөг байсан. Гэхдээ бидний төсөөлж байгаагүй асар олон асуудлуудыг чатаар ирүүлж байсан л даа. Тийм учраас үнэхээр хэцүү байдалтай байгаа хүмүүсийг холбогдох байгууллагад хандаж холбож өгөх, хамтарч ажиллаж байгаа байгууллагадаа холбож өгөх зэргээр авах ёстой арга хэмжээг нь аваад дамжуулах үүргээр ажилладаг болсон.
-Бид хосууд биш, ажлын хамтрагч ах дүү хоёр-

-Л.Халиунаас асууя. Контентод анх удаа ажиллахад хэр санагдав. Мэргэжлийн хүн биш шүү дээ?
-Би хөдөлгөөнт fashion биш зохиолтой жүжигт амьдралдаа анх удаа л орж үзсэн. Тэгээд л бичлэг цахим хуудсанд тавигдсаны дараа төсөөлж байгаагүй хандалт авсан. Мөн бичлэгийн доор муутай, сайнтай олон сэтгэгдэл хөвөрч байсан. Түүнийг хараад л заримдаа баярлана, заримдаа гуниглана. Энэ бүгдээс харахад хүмүүсийг илүү ойлгож эхэлж байгаа.
-Яг юу ойлгосон талаараа дэлгэрэнгүй яриач?
-Залуусын хамгийн тогтворгүй байдаг зүйлс нь сэтгэлзүй. Сэтгэлзүйгээрээ хүн өөрийгөө ч бусдыгаа ч, ажлаа ч алж чаддаг. Өөрт нь хийж чадах авьяас байгаад байхад өөрийгөө басдаг. Магадгүй гаднын хүмүүсийн нөлөөнөөс болоод болчихсон байж магадгүй л дээ. Манай үеийн 20 гарчихсан залуус хамгийн түгээмэл байгаа асуудал сэтгэлзүй, амиа хорлолт асар их болсон. Мөн дээрээс нь архи, тамхи, хар тамхи гэх зэргээр донтож байна. Энэ бүгд чинь цэвэр сэтгэлзүйн асуудал шүү дээ.
Миний бодож явдаг ганцхан үзэл баримтлал байдаг. Тэр нь юу вэ гэхээр, “Дэлхий дээр найман тэрбум хүн байгаа. Тэр найман тэрбум хүн чам руу чичилж байсан ч чи өөр рүүгээ чичлэхгүй, чи амьдралдаа ганцхан удаа энэ насан дээр байна. Чи ганцхан удаа энэ амьдралаар амьдарч үзэж байна” гэж бодоод өөрийгөө хайрлаж чадах юм бол дээшээ гэрэлтэх хүч хэнээс ч гарч ирнэ.
-Та хоёрын контентыг үзэж байгаа хүмүүс жинхэнээсээ хосууд шиг л хүлээж авч байгаа харагдсан?
-Б.Б: Тийм ээ. Би түрүүн хэлсэн эхлээд эрэгтэй дүү нар залуучуудад зориулж богино бичлэгүүд хийдэг байсан бол саяхнаас зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүс рүү чиглэсэн контентыг хийж эхлэхээр шийдсэн. Тэгээд л Л.Халиун дүүдээ санал тавьж контентоо хийж эхэлсэн. Манай бүх контент тус тусдаа зохиолын дагуу хийгддэг. Тийм учраас бид хоёр бол ажлын хамтрагч ах дүү шүү дээ.
-Нэг бичлэгийн ард хэдэн хүнтэй баг ажилладаг вэ?
-Манайх гурван зураглаач ажиллаж байгаа. Зураглаачид маань давхар контентод ороод явдаг. Одоогоор бол тавуулаа л ажиллаж байна. Бид тавуулаа дор бүрнээ зохиолоо ярилцаад тус тусын үүргээ гүйцэтгээд явдаг.
-Та дээр сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд их хандах болсон талаар ярьсан. Тэгвэл та бүхний зүгээс эдгээр хүүхдүүдийн асуудлаар цаашид ямар нэгэн газартай хамтарч нийгмийн ажил хийх хүсэл бий юу?
-Мэдээж байгаа. Бидний одоогийн зорилт бол өсвөр насныхан руу чиглэж контент болон бусад ажлуудаа чиглүүлж ажиллах гэж байгаа. Өсвөр насны хүүхдүүд аав ээждээ хэлж чаддаггүй бүх зүйлээ над руу бичиж орж ирдэг. Манайх хамгийн эхэнд авч үзэх асуудал бол бэлгийн боловсрол. Хэн нэгнээс зөвлөгөө аваагүй, хэн нэгэнтэй сайн ярилцдаггүй хүүхдүүд юугаа ч мэдэхгүй бэлгийн харилцаанд ороод хүүхдээрээ ээж, аав болчхоод байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр боловсрол олгох тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахыг зорьж байна. Мөн сэтгэлзүйн асуудлын тухайд бол бас л адилхан мэргэжлийн сэтгэлзүйчдээс тусламж үйлчилгээ авах талаар ярьж байгаа.
“Хариулж амжаагүй чат” контентыг сэтгэлзүйч, хуульч, khurenbaavgai миний бие гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй гурван талт өнцгийг барьж авсан албан ёсны нэвтрүүлэг болгох гээд яригдаад ажил хэрэг болгох гээд явж байна.
-Танд маш олон хүн ханддаг юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийнхээ хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
-Яг энэ асуудал бол маш анхаарал хандуулах асуудал. Учир нь би хувьдаа нууцлалын зэрэг хамгаалаад хүмүүсийн чатыг хамгаалдаг. Гэхдээ миний пэйж алдагдчихвал яах вэ гэдэг асуудал тулгарч байсан. Одоогоор миний хийж чадах зүйл бол их ноцтой кэйс бичээд орж ирдэг хүмүүсийн чатыг баримтжуулж аваад шууд устгачихдаг. Мөн одоогоор цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа болохоор харьцангуй эмээх зүйл байхгүй гэж бодоод байгаа.
-Нийгмийг соён гэгээрүүлэх, сайн тал руу иргэдээ хөтлөх даацтай контент байхгүй байна-

-Сая бол өсвөр насныхны тухай ярилцлаа. Харин насанд хүрсэн залуус ямар асуудлаар илүү хандаж байна вэ?
-Бүх насныхны хувьд хүмүүжлийн асуудал л байгаад байна. Хүүхдийг бага байхаас нь насанд нь тохирсон боловсролыг эзэмшүүлэх ёстой. Гэхдээ манайхан боловсрол эзэмших их дургүй болчихсон байна. Жишээлбэл саяхан хичээлээ тараад явж байсан хүүхдүүдийн яриаг сонсоход, “Сургууль нураасай, сургууль шатаасай” гэж байгаа юм. Хүүхдүүд ийм сэтгэхүйтэй байж болохгүй. Уг нь бол боловсрол гэдэг зүйл хүн төрөлхтөнд асар хэрэгтэй зүйл шүү дээ. Хүний толгойдоо хийсэн зүйлийг хэн ч булааж авч чадахгүй.
Зарим хүмүүс мэдлэг, боловсрол дээр төвлөрөхгүй зүгээр л нэг хар амьдрал гэдэг дээр ач холбогдол өгөөд байдаг. Энэ нь магадгүй нийгмийг соён гэгээрүүлэх, сайн тал руу иргэдээ хөтлөх даацтай контент байхгүйн нэгэн тод жишээ гэж боддог. Тийм ч учраас бидний зүгээс бага ч гэсэн ухаарлыг ойлгуулах юм сан гэсэндээ л нийгмийн олон талт асуудлыг гаргаж ирээд байгаа хэрэг.
-Тэгвэл хүйсийн хувьд авч үзвэл?
-Над руу ханддаг хүмүүсийн 63 хувь нь 23-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг. Сүүлийн үед орж ирж байгаа дагагч нарын дийлэнх дан хүүхдэд, залуучууд байгаад байна. Тэгэхээр нийгэм бол эмэгтэйчүүд болон хүүхэд залууст хамгийн их асуудал байгаа гэдгийг харуулаад байна гэж ойлгож болно.
-Таны хувьд маш олон асуудлуудыг өдөр болгон уншдаг шүү дээ. Эдгээр өдрүүдэд хааяа ч гэсэн болъё гэж бодоогүй юу?
-Би бага байхаасаа зовлон үзсэн хүн л дээ. Тэгэхээр хүний зовлон, жаргал надад их ойрхон. Бас миний хувь хүн хэн нэгэн хүнтэй ярилцаад суух дуртай. Тэр утгаараа энэ асуудлууд огтхон ч тээртэй санагдаж байгаагүй. Магадгүй бид ирээдүй сайн сайхан болоход нь тусалж чадах ч юм билүү гэж бодоод байгаа. Чадахын төлөө л зорьж байна.
-Энэ талын контент хийдэг олон залуус байдаг. Та бүхний хувьд тэдгээрээс юугаараа ялгарах вэ?
-Манай контентууд дандаа бодит кэйснээс сэдэвлэгдсэн. Мөн яг тэр асуудлууд дээр чин үнэнчээр гаргаж ирж чаддаг юм болов уу гэж боддог. Ингээд бодохоор бидний хувьд бусадтай л адилхан контент хийдэг. Гэхдээ их олон хүнд хүргэж чаддаг нь л нэг том ялгарал гэж хараад байгаа.
-Миний контентын давуу тал “Хүн болгоны амьдралд заавал аль нэг нь тохиолдсон байсан зүйлсийг хөндөж, хэзээ ч хуучиршгүй сэдвүүдээр” хийдэг-

-Тэгвэл та хоёр шиг цахим орчинд контент хийдэг хүмүүсээс таалагддаг хүн бий юу?
-Б.Б: Би ерөнхийдөө бусад контентыг үздэггүй. Учир нь тэр хүмүүсийн хайрцагт орчих гээд байдаг юм. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн хийсэн бичлэгийг үзээд байвал адилхан сэтгэж, тэр хүмүүсийн бодож байгааг л давхар бодоод өөрийн гэсэн өнцөггүй болчих гээд байдаг болохоор үздэггүй.
Л.Х: Миний хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Гэхдээ зарим нэгэн контентыг тодорхой хэмжээнд үзэлгүй яах вэ. Гэхдээ манай контент бусдаас жанжин шугам нь өөр харагддаг. Өөрт контент бүтээгчид баавгай ах шиг ярилцлага биш дан жүжигчилсэн контент хийдэг. Миний хувьд манай ялгараад байгаа гол давуу тал нь “Хүн болгоны амьдралд заавал аль нэг нь тохиолдсон байсан зүйлсийг хөндөж, хэзээ ч хуучиршгүй сэдвүүдээр” хийдэг учраас илүү их хүнд хүрээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа.
-Өөрсдийн хийж байгаа орон зай дахь зах зээлийг хэр ирээдүйтэй гэж харж байгаа вэ?
-Би элдэв янзын өрсөлдөөнийг бодоогүй. Миний бодож байгаа зүйл гэвэл нийгэм рүү гэрэл тусгах. Надад өөр зорилго юу ч байхгүй. Бидний нүдэн дээр өсвөр насны хүүхдүүд үхлийг сонгоод байгаа учраас буруу зүйл рүү битгий яваасай гэж чин сэтгэлээсээ хүссэн учраас л энэ зүйлээ хийж байгаа. Тийм ч учраас ямар нэгэн ашиг хараагүй. Харин дэмжиж орж ирдэг хүмүүстээ маш их баярлалаа.
Энэ бүх хугацаанд миний ойлгосон зүйл бол хүн болгон заавал боловсрол эзэмш. Тэгээд ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ бүх төрлийн боловсролыг ойлгуулж, эзэмшүүлэх, маш сайн үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй байна. Мөн хүмүүс “Нийгэм болохгүй байна” гэж харааж байхаар бид өөрсдөө нийгмээ сайхан болгохыг илүүд үзэх хэрэгтэй.
Хэрвээ ямар нэгэн зүйлийг хийе гэж зорьж байгаа бол яг тухайн салбартаа хангалттай хэмжээнд үнэлэгддэг болсон хойноо өөрсдийгөө илүү үнэлүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Үзэгч, уншигчдадаа зориулаад үг хэлэхгүй юу
-Манай контентыг үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хүмүүсийн эерэг сэтгэгдлүүдээс бид маш их урам зориг, цааш ажиллах эрч хүчийг авдаг. Тиймээс биднийг дэмждэг, үздэг, сэтгэгдэл үлдээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Цаашид олон олон контентоор бэлэг барина.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зев юм хийхээр зорьж буй з�##�уучуудад амжилт хусье. Гадны уг битгий оруул нийтлэлдээ.
egvvr.mn Khuren baavgai Б.Бат Эрдэнэтэй үнэхээр цаг үеэ олсон сайхан ярилцлага хийжээ.Нийгэмд гэрэл түгээж, зөв нөлөөлөл болж ажиллаж буй Хүрэн баавгайд маш их ТАЛАРХАЖ байна. Сайн уран бүтээлч гэрэлтэж яваарай.
Олон сайхан з�##�уусд тулгамдсан асуудлаар нь чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг энэхүү контентууд, бүтээлүүдээс зөв замдаа орж байгаа з�##�уус зөндөө байгаа.Маш их БАЯРЛАЛАА.Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.