Судалгаа: Каннабис буюу марихуан сэтгэцийн түгээмэл эмгэгийн үр дүнтэй эмчилгээ болдоггүй
Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх гэж каннабис буюу марихуан хэрэглэдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа. Гэвч каннабис хэрэглэх нь сэтгэцийн түгээмэл эмгэгүүдийн үр дүнтэй эмчилгээ биш гэх дүгнэлтэд "The Lancet Psychiatry" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаа харуулжээ.
Сэтгэл түгших, хоолны дуршил буурах эмгэг, сэтгэцийн өөрчлөлт, гэмтлийн дараах стрессийн эмгэг болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хамаарлыг эмчлэхэд каннабис үр дүнтэй гэдгийг нотлох баримт маш бага байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Австралийн Сидней, Брисбен, Мельбурн болон Английн Бэтийн их сургуулийн эрдэмтэд тус судалгааг хийжээ. Тэд каннабист суурилсан эмчилгээ нь сэтгэцийн эмгэг болон донтолтыг эмчлэхэд хэрхэн нөлөөлдөг талаар урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээтэй дүн шинжилгээг явуулсан аж.
АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улсууд каннабисыг эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Ийм учир дээрх судалгааг хийх шаардлага гэж тэдгээр эрдэмтэд үзжээ.
Эмчилгээний зориулалтаар каннабис олгодог эмнэлгүүдийн мэдээллээс харвал өвчтөнүүд ихэвчлэн сэтгэл түгших болон сэтгэл гутралын улмаас марихуан хэрэглэдэг аж. Харин гурав дахь хамгийн том шалтгаан нь архаг өвдөлт намдаах байжээ. Зарим хүн эдгээр зовууриуд хавсардаг тул каннабис ашигладаг аж.
Эмийн зориулалттай каннабис нь каннабисын хамаарлыг бууруулах, Туреттын хам шинжийн шинж тэмдгийг намдаах, нойргүйдлийг засахад тусалдаг гэдгийг зарим нотлох баримт харуулсан гэж эрдэмтэд судалгааны ажилдаа бичжээ. Мөн аутизмтай хүмүүсийн зарим шинж тэмдгийг бууруулахад тусалдаг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Гэхдээ аутизмын талаарх энэ дүгнэлт нь маш сул нотолгоонд суурилжээ.
Гэхдээ каннабис нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг гэж итгэх шалтгаан байхгүйг судлаачид онцолсон байна.
Эрдэмтэд "Каннабисын хэрэглээ сэтгэл түгших, хоолны дуршил буурах эмгэг, сэтгэцийн өөрчлөлт, гэмтлийн дараах стресс болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх эмгэгүүдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй" гэж судалгааны ажил дээрээ бичжээ. Тэд 2477 оролцогчийг хамарсан 54 судалгаанд дүн шинжилгээ хийсэн юм.
Мөн анхаарал дутмагшил ба хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD), хоёр туйлт эмгэг, албадмал үйлдлийн эмгэг болон тамхины хамаарлыг эмчлэхэд каннабис тусалдаг эсэхийг нотлох баримт маш хомс байжээ. Харин сэтгэл гутралыг эмчлэхэд үр дүнтэй эсэх талаар ямар ч нотолгоо олдоогүй байна.
Судлаачид "Нотолгоо хомс байгаа учраас сэтгэцийн болон донтох эмгэгүүдийг эмчлэхэд каннабисыг тогтмол хэрэглэх нь одоогоор үндэслэлгүй байна" гэж дүгнэлтдээ бичжээ.
Лондоны Хааны коллежийн сэтгэцийн судалгааны профессор Сэр Робин Мюррей хэлэхдээ “Каннабисын ашиг тус маш бага, гаж нөлөө нь их гэж над шиг хүмүүс үздэг. Гэвч дэлхий нийт үүнд итгэхгүй байна" гэв.
Тэр нэмж "Каннабисын сурталчилгаа болон Их Британид эмийн зориулалттай каннабис олгодог эмнэлгүүдийн нөлөөгөөр олон хүн төөрөгдөж байна. Олон хүн асуудлаа шийдэхийн тулд каннабис хэрэглэдэг болсон. Миний бодлоор Их Британийн эмнэлгүүд дундаж давхаргынханд хар тамхи зарж буй этгээдүүд шиг ажиллаж байна" гэж хэлсэн юм.
Гэвч каннабис худалддаг нэгэн байгууллага энэхүү судалгааны үр дүнг эсэргүүцжээ. Каннабис нь сэтгэл түгшилт болон гэмтлийн дараах стрессийг намдаадаг гэж тэд мэдэгдсэн байна.
“Cannabis Industry Council”-ийн гүйцэтгэх захирал Майк Морган-Жайлс хэлэхдээ "Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ авах нь маш чухал. Бодит амьдрал дээрх нотолгоо болон T21 явуулсан судалгааны үр дүн нь каннабис сэтгэл түгшилт, стрессийг бууруулдаг гэдгийг үргэлж харуулдаг. Харамсалтай нь энэ сүүлийн судалгаа нь асуудлыг тодорхой болгохын оронд маргааныг л нэмэгдүүлж байна. Тус судалгаа Их Британид эмнэлзүйн жорыг хэрхэн олгодгийг бодитоор харуулж чадаагүй" гэжээ.
Их Британийн засгийн газарт эмийн хэрэглээний талаар зөвлөдөг зөвлөл 2018 оноос хойш каннабисыг хуульчилсан нь ямар үр дүнд хүрсэн талаар шалгалт хийж эхэлжээ. Каннабисыг хуульчилснаар ямар нэгэн сөрөг үр дагавар гарсан эсэхийг судалж байгаа юм.
Сэтгэцийн эмч нарын Хааны коллежийн профессор Оуэн Боуден-Жонс "Энэ судалгаа нь нийгэм каннабисын ашиг тусыг хэтрүүлэн үнэлсэн байж магадгүйг тодорхой харууллаа. Каннабис нь зарим төрлийн донтолттой тэмцэхэд бага зэрэг эерэг нөлөө үзүүлдэг байж магадгүй. Гэвч хэрэглэхэд ямар ч ашиг тустай гэдэг нь тогтоогдоогүй байгаа сэтгэцийн өвчнүүдэд каннабисыг санал болгох ёсгүй. Өвчтөнүүдэд үнэн зөв мэдээлэл өгөх нь маш чухал. Ингэснээр тэд ямар эмчилгээ сонгох тал дээр зөв шийдвэр гаргаж чадна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд мэргэжлийн эмчилгээ л хамгийн зөв
Марихуан эмчилгээ биш гэдгийг олон хүн ойлгох хэрэгтэй
Судалгаагаар нотлогдсон зүйлд итгэх нь зөв шүү
Сэтгэл зүйн асуудлыг өөр аргаар шийдэх хэрэгтэй
Зөв эмчилгээ сонгох нь хамгийн чухал
Ийм судалгаа гарч байгаа нь сайн хэрэг
emchiin zaavar heregtei shuu ingej dur medej bolohgui
setgel zuin asuudal deer iluu anhaarah heregtei
sudalgaar notlogdson yum bol itgeh heregtei
ene medeeg olon hun unshaasai
setgel zuin emchilgee oor argaaar hiigdeh yostoi
Далд мөнгө явсан мөнгийг ил болгох гэж өвс татаад эрүүл болно гэж шаасаг болмой, мансуурч байгаад эрүүл болсон түүх байна уу
Хаха