Нийгэм ярилцлага

Үхрийн эврээр нүдний шил хийдэг Ж.Бат-Орших: Гар хийц нь өөрийн сүнстэй илүү бодит байдаг

Нүдний шилний цаанаас хорвоо ертөнцийн юмс үзэгдэл ямагт өөрөөр харагддаг. Нүдний шил аливаа зүйлийн харагдах байдлыг өөрчлөөд зогсохгүй зүүсэн хүнийхээ бусдад хэрхэн харагдах, ямар сэтгэгдэл төрүүлэхэд гүнзгий нөлөөлдөг. Гэвч ихэнх хүмүүс байдаг л нэг түгээмэл загварын шил сонгож, зохисон ч бай зохиогүй ч бай зүүгээд явдаг гэхээр хайран. Тэгвэл жил гаруйн өмнөөс монголд анх удаа гар хийцийн шил хийдэг залуу гарч ирэн олон хүмүүст өөрийн гэсэн давтагдашгүй цор ганц шилний хүрээг хийж эхэлжээ. Түүнийг Ж.Бат-Орших гэдэг.

Тэрбээр оюутан байх үедээ хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр болоод энэ салбарт хөл тавьсан аж. Тэр одоо 13 дахь жилдээ энэ салбарт ажиллаж байна. Ингэхдээ жил гаруйн өмнөөс үхрийн эврийг боловсруулж нүдний шилний хүрээ хийх санааг олсон байна. Улмаар дээрх бодлоо бодит болгохын тулд "Хүчит шонхор" захын гадна хаягдсан үхрийн эврүүдийг түүж аваад туршилт хийх гэж оролджээ. Гэсэн ч санаснаар болсонгүй. Үйлдвэрлэлийн явцад үхрийн эвэрнээс гарах эвгүй үнэрийг дарж чадаагуй учир Тайланд, Энэтхэгээс нүдний шил хийхэд зориулан бэлтгэдэг одос үхрийн эвэр захиалдаг болжээ. Үнийн хувьд 360 мянган төгрөгөөс эхэлдэг бөгөөд гар хийц, одос үхрийн эвэрний өнгөт судлууд нь дахин давтагдашгүй учир энэ салбарт үнэтэйд тооцогдох аж.

Ийн Eguur News агентлаг Ж.Бат-Оршихтой гар хийцийн шилний хүрээний дахин давтагдашгүй байдал болон түүний 10 гаруй жилийн туршлагыг хуваалцсан ярилцлагаа хүргэж байна.

-Нүдний шилний салбарт 13 жил ажилласан. Тэгээд сонирхлоороо гар хийцийн шилний хүрээ хийж эхэлсэн-

-Яагаад энэ салбарт орох болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би багаасаа л загварт их сонирхолтой байсан. Тухайн үед өөр чиглэлээр сурдаг байсан ч загвар голчлон сонирхож яг аль чиглэлийн загвар руу орохоо шийдэж чадахгүй байсан. Оюутан хүүхэд хичээлийнхээ хажуугаар давхар ажил хийх шаардлагатай болоод энэ салбарт орж байлаа. Ингээд нүдний шилны салбар руу ороод ажиллаад үзсэн чинь үнэхээр сайхан санагдсан. Учир нь хүний хараа тааруулаад, тухайн хүний сонирхолд нийцүүлсэн шилний хүрээг санал болгоод их ярилцдаг болохоор тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй болсон.

-Их удаан тууштай ажилласан байна. Энэ хугацаанд шилний хүмүүсийн нүүрний бүтцийг хараад шууд л зохих үгүйг нь мэддэг болсон байх?

-Нүдний шилний тухайд маш олон загвар байдаг. Нэг дэлгүүрийн лангуун дээр очоод сонголт хийх гэхээр 200-300 орчим загварын шилний хүрээ байгаа. Дээрээс нь би тэр шилийг байнга зүүх учраас  миний стилл имиж, өнгө хийцлэл гээд бүх зүйл дээр сэтгэл хангалуун байх нь чухал. Гэтэл манайд загвараа зөв сонгож чадахгүйгээс өөрт зохихгүй хүрээтэй шил зүүх алдаа гаргаад байдаг талтай. Тийм ч учраас хүмүүсийн нүүрний бүтцэд таарсан шил их чухал юм байна гэдэг санаа төрөөд гар хийцийн шил хийхээр болсон.

10 гаруй жил ажиллахдаа хүмүүсийн сонгож буй загвар дээр их мэдрэмжтэй болдог юм билээ. Үнэнийг хэлэхэд манайд гаднаас орж ирдэг загваруудын дийлэнх нь монгол хүний нүүрний онцлогт тохироогүй байдаг. Тэр ч утгаараа нэлээн судалгаа хийсний үндсэн дээр гар хийцийн шилний хүрээ бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг илүү их ойлгосон гэхэд болно. Гэхдээ бас зүгээр л гар хийцээр хийчихэж болно. Гэхдээ загварыг нь гаргах их чухал юм байна. Тэр загварын харин яаж гаргах вэ гэдэг дээр бас их ажилласан.

-Одоо бол та тухайн захиалагчийнхаа толгойных нь 3D сканнерийг авдаг юм билээ?

-Нүдний шилний хүрээг гар хийцээр хийхээс өмнө загварыг 3D болгож захиалагчийн нүүрэнд шууд зүүлгэж зурснаар хэмжээ илүү нарийн, шилний суулт илүү тухтай болдог. Хүн бүрийн нүүрний хэлбэр, байгалийн өгөгдөл ондоо тийм учраас л үүнийг ингэж хийдэг. Загварыг ингэж гаргах нь ур чадвар, мэдрэмж, туршлага өндөр байх хэрэгтэй. Жишээ нь хамрын өндөр нам, чихний урт богино, нүдний хол ойр зэрэг төрхөнд хэрхэн нөлөөлж байгааг сайтар тохируулаад тухайн хүнд 100 хувь зохисон шилний хүрээг бүтээхийг л зорьдог.

-Хүмүүс хэзээ ч үнэтэй гэж хүлээж аваагүй. Гар хийцийн гэдэг утгаараа маш үнэ цэнтэйд тооцогддог-

 -Монголд гар хийцийн шил хийдэг хүн таниас өөр байдаггүй юм билээ. Хүмүүсийн хандлага их эерэг байсан байх?

-Хүмүүс хэзээ ч үнэтэй гэж хүлээж аваагүй. Гар хийцийн гэдэг утгаараа маш үнэ цэнтэйд тооцогддог. Хоёрдугаарт, миний хийдэг шилний хүрээний материаллаар гаднын том брэндүүд ч мөн хийдэг хамгийн чанартай материал байдаг. Мөн дээрээс нь эвдэрсэн ч нөхөн сэргээгдэх боломжтой. Тэгэхээр насаараа ч зүүсэн болно гэсэн үг. Ер нь бол олон улсад гар хийцийн шилний үнэ их өндөр. Хамгийн багадаа 500 ам.доллар түүнээс дээш үнэтэй байх жишээний. Гэтэл бид бол зах зээлийн судалгаа, боломж бололцоог анхаарч үзээд аль болох шил зүүх хүсэлтэй хүн болгонд тааруулж үнийн дүнгээ тогтоосон.

-Гар хийцийн шилний хүрээнд их олон давуу чанарууд бий. Түүнээс нь дурдаач

-Хамгийн эхэнд материал. Тэгээд загвараа хүссэнээрээ өөрчилж болдог. Бид дэлгүүрээс нэг шил авлаа гэж бодоход тухайн шилийг эвдэрсэн ч дахин засварлаж чадах эсэх нь эргэлзээтэй. Харин гар хийцийн шилийг дахин засварлаж зүүх боломжтой гэдгээрээ давуу тал болж байгаа юм. Мөн гуравдугаарт, хэрэглээ. Хүн нэг шилээ удаан хэрэглэхийн тулд тухайн шил нь өөрт тухтай, хөнгөн, дарамтгүй байх хэрэгтэй. Иймд хамгийн хөнгөн, эвлэгхэн байдаг учраас хэрэглээ тал дээр удаан хугацааны гэж ойлгож болно.

Намайг шилний газар ажилладаг байхад манай зарим үйлчлүүлэгчид шилний хүрээнээс харшил өгөөд байна гэсэн асуудлаар хэд хэдэн удаа хандаж байсан. Нүдний мэргэжлийн эмч нарын хувьд байгалийн гаралтай материалаар хийсэн хүрээг үйлчлүүлэгчдээ санал болгодог. Миний хийгээд байгаа үхрийн эвэр бол маш эртний материал буюу пластик, метал зэрэг материалуудаас өмнө шилний хүрээ хийдэг байсан юм билээ. Тийм ч учраас одоо бол дэлхийн том брэндүүд үхрийн эвэр ашиглаж загваруудаа гаргадаг.

-Хамгийн түрүүнд охиндоо шил хийж өгч байсан-

-Ер нь анх яг ямар алхмаар гар хийцийн шилний хүрээ хийж эхэлсэн юм бэ?

-Дээр хэлсэнчлэн загварын тал дээр их сонирхолтой. Дээрээс нь гар хийцийн зүйлсэд их дуртай байсан. Өмнө нь бол ажлынхаа хажуугаар юм оёж, сийлбэр оролддог байсан юм л даа. Шилний салбарт ажиллаж байхдаа гаднын гар хийцийн хүрээ хийдэг мундаг хүмүүсийг инстаграмаар дагаж, хийсэн бичлэгийнх нь арга барил, техник зэргийг харах их дуртай байсан. Магадгүй тэр ч их нөлөөлсөн байх. Хамгийн гол нь өөрийн гараар бүтээсэн загвараа үйлчлүүлэгчид зүүлгээд баярлаж байгаа сэтгэл хөдлөл нь их сайхан санагдсан л даа.

Манай улсын иргэдийн нүүрний хэлбэрийн онцлог их өргөн, том талдаа шүү дээ. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа хүрээнүүд зохих эсэх нь асуудалтай байдаг. Тийм болохоор миний зүгээс тэдгээр хүмүүст зориулж гар хийцээр өөрт нь төгс зохих шилний хүрээ хийж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг анзаарч харсан гэхэд болно.

 -Гар хийцийн шил хийхийг судлаад, сонирхоод хийгээд эхэлсэн нь хэр хэцүү байсан бэ?

-Эхэндээ дөнгөж сурч байсан болоод ч тэр үү их төвөгтэй. Манай улсад ч гэлтгүй гаднын улсуудад ямар нэгэн сургалт байдаггүй болохоор юүтүбийн бичлэгүүдийг их үзсэн. Ялангуяа инстаграмаар гар хийцийн хүрээ хийдэг Тайланд залуугийн бичлэгийг үздэг байсан. Тэр залуугийн хийж байгаа загвар нь их гоё бас үхрийн эврээр хүрээгээ хийдэг хүн л дээ. Тэр хүний бичлэгийг үзэж их олон талын мэдлэг мэдээлэлтэй болсон. Анх шилний хүрээг хийж эхлэхэд фэйлдсэн тохиолдол маш их байгаа. Хүн тэгээд алдаанаасаа суралцана гэдэг шиг аажимдаа сайжраад эхэлсэн дээ.

-Гар хийцийн шилний хүрээ нэлээн чимхлүүр ажил ихтэй харагдсан. Тэгэхээр анх хүрээ хийж эхлэхэд цаг хугацаа их шаардсан байх?

-Хамгийн анх нэг шил хийхэд 4-5 хоногийг зарцуулдаг байсан. Ингэхдээ өдөрт 5-6 цагийг зарцуулдаг байлаа. Гарт ороогүй, алдаа дутагдал ч их гаргана. Чимхлүүр ажил ихтэй учраас яг л 3D зургийнхаа дагуу хүрээгээ хийдэг.

-3D зураг гарахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Манай дээр бэлэн 130 гаруй төрлийн загварууд байгаа. Одоо жишээлбэл, нэг үйлчлүүлэгч ирээд захиалга өглөө гэж бодоход эхний ээлжид бэлэн загваруудаасаа санал болгодог. Харин өөртөө зохих шилний хүрээний загвараа мэддэггүй учраас 1-2 хоногт зургийг нь аваад зохих шилийг нь тааруулж өгдөг.

-Тэгвэл хамгийн анх хэнд зориулж шилний хүрээг хийж байсан бэ?

-Манай охин шил зүүдэг. Анх охиндоо хийж өгч байсан юм байна. Гэхдээ тухайн үед охин маань голоод зүүгээгүй л дээ. Одоо бол гар хийцийн шил хийгээд хэдийн нэг жил өнгөрчихсөн байна. Чадварын хувьд ч нэлээн дээшилсэн.

-Шилний хүрээ хийгээд жил гаруйн хугацаа өнгөрсөн гэлээ. Энэ хугацаанд хамгийн ихээр чадвар шаардсан хүрээнүүдийг хэр их хийсэн бэ?

-Ихэнх шилний хүрээнүүд чадвар шаарддаг. Учир нь тэр л хүнд цор ганц хүрээг хийж өгч байгаа шүү дээ. Гэхдээ үүнээс илүү чадвар шаардсан загвар гэвэл шилний хүрээндээ шигтгээ суулгах, хүрээнийхээ гарын хийцлэлийг онгорхой, авангард байдлаар хийлгэх зэргээр чимхлүүр ажил ихтэй хүрээнүүдийг хэд хэдэн удаа хийж байсан.

-Сайн материалаар л хийж байж, чанартай бүтээл гарах байх. Та ямар ямар материал ашиглаж байгаа вэ?

-Би үхрийн эвэр болон пластик гэсэн материалаар шилний хүрээгээ хийдэг. Үхрийн эвэр бол их олон янзын содон өнгөтэй, маш хөнгөн, чанарын хувьд эдэлгээ сайтай байдаг гэдгээрээ онцлог. 

-Жил гаруйн хугацаанд 130 загварын 360 орчим гар хийцийн шилний хүрээ хийсэн-

-Одоо бол зөвхөн монголдоо л загвараа хийгээд зарж байна уу. Гаднаас хүмүүс холбогддог уу?

-Гадаадаас хүмүүс сүүлийн үед их захиалах болсон. Гаднын улсуудад гар хийцийн шил хийдэг гоё гоё дэлгүүрүүд байдаг ч гэсэн их үнэтэй байдаг юм билээ. Гэтэл манайх ижил материал аваад загваруудаа хийдэг хэр нь маш боломжийн үнэтэй байдаг. Тэр ч утгаараа их захиалаад байгаа юм болов уу. Гэхдээ бас гаднаас захиалахад их учиртай. Тухайн хүн монголд ирээд зургаа даруулаад, загваруудаас зүүж үзэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүсээс хэмжээг нь цаасан дээр буулгаад наашаа явуулахад бас ч гэж асуудал байхгүй байдаг.

-Жил гарны хугацаанд хэчнээн шил хийв. Тоолж үзсэн үү?

-Мэдээж тоололгүй яах вэ. Эхлээд хийж байгаад бүтэлгүйтсэн хүрээнүүдээ оруулахгүй гэвэл одоогоор 360 хавьцаа шилний хүрээ хийчихсэн байна.

-Заримдаа захиалга ихтэй байхад ажил дээрээ хонох ч үе гардаг байх. Гэр бүлийнхэн нь хэр их дэмждэг вэ?

-Манай гэр бүлийнхэн их сайн дэмждэг. Тэр тусмаа манай ээж хүүхдүүдээ хараад, гэрийг маш сайхан авч явдаг хүн. Би захиалга их үедээ 7 хоногийн 2-3 өдөр ажил дээрээ хонодог. Харин захиалагагүй үе таарах юм бол шинэ загвар дээрээ ажиллах хэрэгтэй болдог. Учир нь одоогоор 130 орчим загвар байгаа ч гэсэн илүү шинэ, орчин үеийн, өвөрмөц загварын хүрээнүүдийг хийхийг эрмэлзэж ажилладаг.

-130 гаруй загвараа эхэлж судлахдаа хийчихсэн байсан уу. Эсвэл гар хийцийн хүрээ хийж байх явцдаа гаргасан уу?

-Өмнө нь их сонирхлоороо их олон төрлийн шилний хүрээнүүдийг хардаг байсан болохоор санаа авах зүйл загварууд их байсан. Өдөр тутам зүүдэг загвар гэж байна. Эсвэл онцгой үед зүүдэг шил гэж байгаа шүү дээ. Одоо надад загварууд бол төрөл төрлөөрөө л байгаа.

-Он оны тренд гэж байдаг шүү дээ. Манайхан зохихгүй ч гэсэн өмсөж, хэрэглэх гээд байдаг талтай шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Манайд бол хүн болгон л ориг, хулхи нь мэдэгдэхгүй “Gentle Monster” зүүж байна. Гэхдээ тэр бол байх зүйл. Учир нь том брэндүүд аль болох бүх хүмүүст зохих талаас нь хүрээтэй шил хийдэг болохоор аргагүй биз. Гэхдээ хүмүүс хүн бүрийн зүүдэг шилийг зүүх сонирхолгүй байдаг шүү дээ. Хүн өөрийн гэсэн хэв маяг, стиллтэй шилний хүрээг зүүх хүсэл эрмэлзэлтэй болчихсон. 

Ялангуяа манай оптикууд яг адилхан төрлийн шилний хүрээнүүдийг зардаг талтай. Нэг хүн их үнэтэй шил авчихсан зүүгээд явж байлаа гэж бодоход яг адилхан хямдхан шилнүүдийг зүүгээд яваад байвал их онцгүй мэдрэмж төрнө биз. Тэгэхээр хүн өөрт нь зориулсан ганцхан шил зүүнэ гэдэг гоё биш гэж үү. 

-Өөрт нь зохих шил олдохгүй таниар шилний хүрээ хийлгээд сэтгэл ханамжтай болсон хүмүүсийн мэдрэмж хамгийн гоё байх

 -Өдөр, оройгүй хичээн урлаж хийсэн шилийг минь үйлчлүүлэгч харж баярлаж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж. Миний урласан шилийг зүүсэн хүмүүс гаднах төрхөөс гадна өнгө үзэмж, хөнгөн байдал, хэрэглээний баталгаа зэрэг сэтгэл ханамж өндөр байдаг болохоор энэ салбараас шантрахгүй, зогсохгүй үргэлжлүүлсээр яваа минь энэ байх. 

-Шилний хүрээ хийхдээ хамгийн их ач холбогдол өгдөг хэсэг нь юу юм бол?

-Би шил хийхдээ хамарны нүх, гарын загвар дээр ихээхэн ач холбогдол өгдөг. Яг энэ хоёр хийцлэлийг гоё хийчих юм бол надад ч гэсэн тааламжтай санагддаг. Үйлчлүүлэгч нар бас шилныхээ гаран дээр хүссэн үгээ бичүүлж болдог. Тийм болохоор тухайн хүнд бас надад их ач холбогдолтой, дурсамжтай санагддаг даа. 

-Их олон үйлчлүүлэгчтэй болсон байх нь?

-Тийм ээ. Нэг ирсэн хүмүүс найзууд, гэр бүлийнхээ гишүүдийг дагуулаад л хүрээд ирдэг. Хийж байгаа шил болгоноо чанартай сайн хийгээд байвал олон хүний итгэлийг олж, байнгын үйлчлүүлэгчтэй болдог гэдгийг бас их ойлгосон. 

-Үйлчлүүлэгчдээ зориулсан урлантайгаа хамт байрладаг дэлгүүртэй болохыг зорьж байна-

-Олон үйлчлүүлэгчтэй болохоос гадна сургалт авах хүсэлтэй хүмүүс байсан уу?

-Яг сургалт авах хүсэлтэй хүн холбогдож байгаагүй. Харин стилистын газрууд хамтарч ажиллах санал хэд хэдэн удаа тавьсан. Гэхдээ яг энэ чиглэл рүү сонирхож байгаа хүмүүс ажлынхаа хажуугаар гар хийцээр хийнэ гэдэг их цаг хугацаа шаарддаг болохоор их хэцүү л дээ. Үнэхээр хүсэж, сонирхсон хүн л энэ салбарт орж ирнэ гэдгийг бас хэлмээр байна.

-Та дээр оюутан байхдаа энэ салбар руу орсон гэсэн шүү дээ. Таны яг үндсэн мэргэжил юу вэ?

-Би ШУТИС-ийн Уул уурхайн инжинер мэргэжлээр сурч төгссөн байдаг юм. 

-Уул уурхайн инжинер бол эрэлт ихтэй бас зах зээлийн хувьд ч маш өндөр цалинтай шүү дээ. Сонирхолгүй байсан хэрэг үү?

-Тийм л дээ. Манай ээж бас яг ингэж хэлж байсан. Хэдий ирээдүйтэй, цалин өндөр мэргэжил ч гэсэн тухайн үед сонирхолгүй байсан гэх үү дээ. Гэхдээ тухайн үед яг ч нүдний шилэнд хүртэл тийм сонирхолтой биш байсан шүү дээ. Тэгээд л ажилд ороод их сонирхох болсон. Мөн дээрээс нь тухайн үед ажиллаж байсан оптикийн маань захирал нүдний эмч, хүүхдийн мэргэшсэн их эмч н.Нансалмаа гэж хүн байсан. Тэр хүнээс л төрөл бүрийн загваруудын онцлог чанарууд, шилний бүтэц зэргийг ялгаж, салгаж сурсны хүчинд би гэдэг хүн өнөөдөр монголд байхгүй шинэ төрлийн бизнесийг эхлүүлээд явж байна даа. 

-Залуу хүний хувьд одооны байгаа зүйлийг илүү томоор харж, төсөөлж байгаа байх?

-Хийж байгаа шинэ загваруудаа нийлүүлээд жилдээ 1-2 удаа үзэсгэлэн гаргахыг хүсдэг. Бас олон улсад гар хийцийн шил хийдэг залуустай заримдаа холбоо тогтоодог. Тэдгээр хүмүүстэй нийлж юм хийх төлөвлөгөө бас байна. 

Мөн миний зарим үйлчлүүлэгчид намайг хэрхэн шил хийж байгааг харах хүсэлтэй байдаг л даа. Түүнээс нь шалтгаалаад урлан болон дэлгүүрээ хамтад нь байрлуулаад хүмүүст шууд ил тод бүх процессыг харуулахыг зориод байршлаа хайж байгаа. 

Дэлхийд бол хийц, загвараараа л өрсөлдөж таараа. Тэгэхээр аль болох бусдаас онцгой, давтагдашгүй загваруудыг бий болгохыг хүсдэг. Мөн гараар хийж болохгүй загвар гэж байдаг. Тэр загваруудыг 3D загвараар принтлех боломжтой. Нүдний шилний үйлдвэрлэл чинь их олон янз байдаг. Тэгэхээр 3D принтын үйлдвэрлэлийг их сонирхоод явж байна даа. 

-Энэ жилдээ багтах болов уу?

-Тийм ээ. Үүнийг бол тун удахгүй нээх бодолтой байгаа. Тэр үед нь олон нийтэд хэлж, түгээх байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
owner
owner
2024-09-20 11:20

Гое ах байна.

Зочин
Зочин
2024-09-20 11:59

Амжилт . Үнэхээр гоё юмаа

Зочин
Зочин
2024-09-20 13:05

???? Wow

Зочин
Зочин
2024-09-20 13:56

Хаана байдаг юм бол хаягаа бичээрэй

Baagii
Baagii
2024-09-20 21:39

Angiin naiz mani baina amjilt

Oogii
Oogii
2024-09-20 22:13

Mundag bna amjilt.

Зочин
Зочин
2024-09-21 16:22

Хэрэв нууц биш бол хаягийг оруулж баймаар юм

Зочин
Зочин
2024-09-21 19:46

Үхрийн эврээр шил хийнэ гэж юу байх вэ дээ.Шилний хүрээ юм болов уу?

Edwqr
Edwqr
2024-09-26 16:51
Reply to  Зочин

M#l min oilgomjtoi ymiig oilgohgui bnuu

Зочин
Зочин
2024-09-21 22:09

Nudnii shilnii huree gej bichih bsan
Hayagiig ni uldeene uu

Холбоотой мэдээ

Back to top button