Түлээний модны үнэ ₮1000-2000 мянгаар нэмэгдсэн ч эрэлт их байна
Хоногийн хоолоо арай гэж залгуулж буй нийслэлчүүдийн толгойн өвчин болсон өвлийн улирал эхэллээ. Өөрөөр хэлбэл, хоолоо залгуулахын хажуугаар түлш, түлээний үнэ тэнгэрт хадаж, гал алдчихгүйн тулд байдгаа барж буй.
Манай Улсын хувьд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаад нэлээд хэдэн жил боллоо. Гэвч өнөөдрийг хүртэл сайжруулсан шахмал түлш нь чанар, илчнээс эхлээд л асуудал дагуулж, үнэ өртөг, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа нь нууц биш юм. Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш угаарын хийн хордлого эрс нэмэгдэж, олон ч хүн амиа алдсан даа. Угаартахгүй байх боломж нь яндангаа хөөлөх, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаах гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж буй. Иймдээ ч иргэд сайжруулсан түлшнээс гадна модны хэрэглээгээ эрс нэмээд байгаа юм.
Иймд бид та бүхэнд Дэнжийн 1000 орчимд мод борлуулдаг С.Лхагваас модны үнэ, эрэлт хэрэгцээний талаар тодрууллаа. Тэрбээр, “Сайжруулсан шахмал түлш 25 кг шуудайтай нь өнгөрсөн жилийнхтэй ижил буюу 3750 төгрөг. 1 тн шахмал түлш 150 мянган төгрөг. Харин шуудай модны үнэ өнгөрсөн жилээс 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 10 килограммын шуудайтай мод 7500-8000 төгрөг бол 25 килограммын шуудайтай модыг 10000 төгрөгөөр худалдаалж байна. Бидний авдаг мод олдоц ховор байгаа учраас нэмэгдэж байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.