
Билгийн тооллын ХVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, нэг, хоёрын даваа өндөрлөсөн. Өнөөдөр гурвын даваагаар үргэлжилнэ.
Монголчуудын хувьд бөхийн барилдаан үндэсний эв нэгдэл, бахархал, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ хамгийн том баяр цэнгэл, наадмуудын гол нуруу нь болдог. Онцолбол, цагаан сарын барилдаан үргэлж л шударга, шуурхай болдог тул үзүүштэй байдаг. Энэ барилдаан цол олгодоггүй учир бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох гэж үнэн хүчийг үздэг. Тэр ч утгаараа чөлөөтэй, санаснаа хийж барилдсан бөх амжилт гаргах магадлал өсөж, таамаг эвдэгддэг.
Тэгвэл "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн барилдаанд түрүүлэх болон үзүүрлэх, шөвгөрөх магадлалтай хүчтэнүүдийн таамгийг уншигч танд хүргэж байна.
Бөхийн чансааг аль нутгийн, ямар бөхчүүд өнгөлж байна вэ

Монголын үндэсний бөхийн холбоо хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг энэ оноос хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, бөхийн холбооноос баталсан цаглаврын дагуу зэрэглэл өндөртэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Өөрөөр хэлбэл тухайн бөхчүүд дээрх барилдаануудад оролцсон болон давсан давааныхаа тоогоор оноо цуглуулж чансаагаа шинэчлэх боломжтой. Даваа хамаарахгүй оролцсон бол 10 оноо, харин 1-8 хүртэлх давааг 50-1500 оноонд дүйцүүлнэ. Одоогоор уг чансааг
- Өвөрхангай аймгийн харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон /3300 оноо/
- Архангай аймгийн харьяат, улсын заан С.Сүхбат /3000 оноо/
- Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин Ч.Батчулуун /2650 оноо/
- Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр /2450 оноо/
- Дундговь аймгийн харьяат, улсын харцага Э.Даш /2350 оноо/
- Хэнтий аймгийн харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож /2300 оноо/
- Ховд аймгийн харьяат, улсын аварга О.Хангай /2200 оноо/
- Булган аймгийн харьяат, улсын начин Д.Амарсайхан /2100 оноо/
- Баянхонгор аймгийн харьяат, Улсын начин Э.Батмагнай /2050 оноо/
- Завхан аймгийн харьяат улсын заан М.Лхагвагэрэл /2000 оноо/
- Ховд аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзий /1850 оноо/
- Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1600 оноо/
- Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин Б.Даваа-Очир /1550 оноо/
- Булган аймгийн харьяат, улсын начин Б.Түвшинтөгс /1500 оноо /
- Увс аймгийн харьяат, улсын начин Л.Энхсаруул /1400 оноо/ нар тэргүүлж байна.
Эдгээр бөхчүүд чансааг өнгөлж байна гэдэг нь нэг талаараа тэдний бэлтгэл сургуулилт сайн, өнгөтэй байгааг илэрхийлнэ. Гэсэн ч сар шинийн барилдаанд бүгд өндөр даваанд хүрч барилдах эсэх эргэлзээтэй. Учир нь заалны барилдаануудад ойр ойрхон зодоглохгүй ч формтой байгаа олон хүчтэн бий. Мөн аймгийн цолтой бөхчүүд жил жилийн энэ барилдаанд улсын цолтой бөхчүүдтэй хүч тэнцүү барилдаж, өвдөг шороодуулах нь олонтoo. Энэ тохиолдол бүр мөн л жил жилийн бөхийн таамгийг эвддэг онцлогтой.
2024 оны барилдаануудаас хамгийн олон үзүүр, түрүү хүртэж шөвгөрсөн, онцлох амжилттай бөхчүүд

Өнгөрсөн жилийн буюу модон луу жилийн цагаан сарын барилдаанаас хойш өнөө жилийн энэ барилдаан хүртэл сум, цэрэг, аймаг, улсын цолтой бөхчүүдийн нийт 82 барилдааныг зохион байгуулжээ. Үүний 74 нь аймаг, цэргийн болон улсын цолтой бөхчүүдийн барилдаан байна. Эдгээрээс улсын цолтой чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд дараах хүчтэнүүд өнгөтэй сайхан барилджээ. Луу жилийн тухайд олон аймаг, сумдын тэгш ой тохиосон гэдгээрээ онцлог байв.
- Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь /улсын наадамд түрүүлсэн/
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр /улсын наадамд үзүүрлэсэн/
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай / долоон түрүүлж, нэг шөвгөрсөн/
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий /гурав түрүүлж, хоёр үзүүрлэж, нэг шөвгөрсөн/
- Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва /хоёр түрүүлж, дөрөв үзүүрлэж, хоёр шөвгөрсөн/
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл /нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, хоёр шөвгөрсөн/
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон /нэг түрүүлж, нэг үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн/
- Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан /гурав үзүүрлэж, тав шөвгөрсөн/
Эдгээр найман бөх луу жилийн томоохон барилдаануудын үзүүр түрүү болон шөвөгт шалгарч, хоорондоо ч учраа таарч барилджээ. Өөрөөр хэлбэл улс, аймаг, сумдын тэгш ой, наадмын болоод заалны барилдаануудад тогтмол зодоглож ихэнх нь формоо хадгалж байгаа. Тэр ч утгаараа тэднийг бөхийн таамагт багтаан нэрлэж байгаа бөх сонирхогч, хорхойтнууд олон байна. Сар шинийн барилдаан улсын наадмын өмнөх хамгийн том гэж хэлж болох чухал, чансаа өндөр барилдаан учир бөхчүүдэд маш том сорилго болдог. Өмнө жил Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн бол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Д.Амарсайхан нар шөвгөрсөн юм.
Улсын харцага, начин цолтнуудад халгаатай могой жилийн барилдаан
Өнөө жилийн сар шинийн барилдааны нэг, хоёрын даваа үзүүштэй сайхан болж өндөрлөв. Учир нь могой жилийн барилдаанд улсын цолтой 67 бөх барилдахаар бүртгүүлснээс нэгийн даваанд 13, хоёрын даваанд 14 нь өвдөг шороодлоо. Тодруулбал, эхний даваанд найман улсын харцага, таван улсын начин аймгийн начин, харцага, заануудад унав. Харин хоёрын даваанаас онцолбол аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын харцага Б.Зоригтбаатар, Д.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Цэрэнтогтох, Ц.Сандагдорж нарын улсын цолтой бөхчүүд барилдаанаа өндөрлүүлээд байна.
Энэ жил аймгийн цолтой 179, сумын цолтой 10 бөх зодоглосон. Хоёрын давааны дараах байдлаар харвал 20 аймгийн арслан, хоёр аймгийн начин, хоёр аймгийн заан хоёр даваад байна. Тэдэн дунд шөвгийн 16 болон найм цаашлаад шөвгийн дөрөв рүү хүрч барилдах боломжтой арал чацтай, уран барилдаантай, хийцтэй бөхчүүд олон бий. Гагцхүү өнөөдрийн аз, од, хийморь түүнийг шийднэ.
Оноо, чансаа улсын аварга О.Хангай, улсын заан Бат-Өлзий нарын талд, олны ам улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин Э.Батмагнай нарын талд байна

Модон могой жилийн сар шинийн барилдаанд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэ гэвэл даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, А.Анар, Д.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан гэхчлэн нэрлэх хүн олон бий. Бөх сонирхогчид ихэвчлэн өөрийн дэмждэг, нутаг усны бөхчүүдээ таамагт нэрлэдэг. Сайн барилдаасай гэж хүсэж, ерөөж, дэмжиж буйгаа илэрхийлж байгаа нь энэ юм. Тиймээс дуу нэгтэйгээр энэ таамаг дээр санал нийлэх боломжгүй.
Харин жинлээд үзвэл энэ жил олны ам улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин Э.Батмагнай нарын талд түлхүү дуугарч байна. Өөрөөр хэлбэл тэднийг үзүүр түрүүнд үлдэнэ, түрүүлнэ гэх аяс давамгай байна гэсэн үг. Үндэсний спорт тул бөхийн хорхойтнууд хол зөрүүлэхгүй болов уу.
Харин оноо, чансаа, улирч буй луу жилийн бөхийн амжилтыг дүгнээд харвал нэн тэргүүнд Ховд аймгийн харьяат, улсын аварга О.Хангай яригдахаар байна. Тэрбээр энэ жил улсын наадмын шөвгийн дөрөв рүү шалгарч чадаагүй ч бусад барилдаануудад өнгөтэй сайхан барилдаж долоон түрүү авсны нэг нь цагаан сарын барилдаан байв. Хэрэв энэ жил түрүүлбэл хоёр дахь түрүүгээ хүртэнэ. Түүний хувьд чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байна.
Харин түүний араас амжилтаараа мөн л Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Бат-Өлзий бичигдэж байна. Тэрбээр гурав түрүүлж, хоёр үзүүрлэж, нэг удаа шөвгөрчээ. Ингээд чансааны 11 дээр эрэмбэлэгдэж байна. Б.Бат-Өлзий заан 2023 оны усан туулай жилийн болон 2018 оны шороон нохой жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байв. Энэ жил түрүүлбэл гурав дахь түрүүгээ хүртэнэ.
Тэдний араас улсын заан С.Сүхбат, М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, Л.Энхсаруул нарыг нэрлэж болохоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Unchaad turuulj bosch devdeg bulhai orohgui bol Hangai Batulzii naraas z##lshgui shuu !
Байнд ч гуй, банзанд гуй таамаг. Намайг таньж сууд�##�аа тавьж егсенгуй гэж ямарч хамаагуй хунийг бэртэтэл нь зоддог, бехийн жудаг, ЕС зуйгуй Орхонбаярыг барилдууллаагэж хумуус их дургуй байсан.