ХӨСҮТ: Менингококк халдварын 2 дахь тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт халдварын дахин нэг тохиолдол батлагдсан талаар мэдээллээ.
Тодруулбал, сэжигтэй тохиолдлоос авсан шинжилгээ лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байгаа аж. Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг юм байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Менингококкт халдвар нь өндөр халуурах /39-40/, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах бөөлжих, ухаан самуурах, таталт өгөх, хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох, гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Энэхүү халдвар нь агаар дуслын замаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин. Түүнчлэн, халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог. Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ.
Үүнд:
- Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих
- Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
- Бага насны хүүхдүүдийг нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх
- Хоолой, амны хөндийг сод, царвангийн зэрэг уусмалаар зайлах
- Улиралд тохируулан дулаан хувцаслах
- Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх зэрэг багтана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.