Саяхан дайтсан Тайландын шинэ ерөнхий сайд улс төрийн тогтвортой байдал авчрах магадлал бага

Тайланд улс төрийн хувь эмх замбараагүй байдаг. Харин сүүлийн хоёр долоо хоногт болсон үйл явдлууд нь тус улсын хувьд хүртэл онцгой замбараагүй байв. Тус улс саяхан Камбожтой хилийн маргааны улмаас богино хугацаанд "дайтсан" билээ
Хэдхэн хоногийн дотор тайландчууд Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватраг Үндсэн хуулийн дээд шүүх огцруулахыг харсан юм. Үүний дараа улс төрийн олон хэлэлцээ, тохиролцооны эцэст шинэ ерөнхий сайдаар Анутин Чанвиракул сонгогдсон.
Консерватив үзэлтэй бизнес эрхлэгч Анутин парламентын санал хураалтаар, прогрессив чиг хандлагатай Ардын намын гэнэтийн дэмжлэгийг авч сонгогджээ.
Тайланд шинэ удирдагчаа томилсон ч улс төрийн хувьд тогтвортой байх магадлал бага байна. Анутин цөөнхийн, тогтворгүй засгийн газар удирдах юм. Түүний баримталдаг ихэнх үзэл бодол болон бодлого нь Ардын намынхны байр суурийн эсрэг чиглэж байна.
Мөн тохиролцооны дагуу дөрвөн сарын дотор Анутин ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай. Үүнээс өмнө зарим Үндсэн хуулийн асуудлыг шийдэх ёстой юм.
Ардын нам түүнийг дэмжсэнийхээ хариуд Анутиныг Үндсэн хуульд шинэчлэл хийх ажлыг урагшлуулахыг шаардсан байна. Ингэснээр тус улсад ардчилсан өөрчлөлт гарах боломж бий болж байгаа ч Анутин эрх мэдэлд хүрмэгцээ гэрээг зөрчих, өөр намаас хангалттай гишүүд татаж аваад засгийн газраа дангаар тогтоон барих эрсдэл ч бий.
Үндсэн хуулийн дээд шүүхийн эрх мэдэл
Энэ улс төрийн драм наймдугаар сарын 29-нд консерватив чиг баримжаатай Үндсэн хуулийн дээд шүүх Паэтонгтарн Шинаватраг ёс зүйн стандарт зөрчсөн хэмээн албан тушаалаас нь огцруулснаар эхэлжээ.

Паэтонгтарн бол 2006 онд цэргийн эргэлтээр огцорсон Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн охин юм. Улс төрийн эмх замбараагүй байдал үүссэн ийм нөхцөлд 76 настай Таксин Шинаватра пүрэв гарагт /2025.09.04/ хувийн онгоцоороо гадаад руу зугтсан нь нөхцөл байдлыг даамжруулсан байна. Тэр Дубай дахь харш руугаа явсан гэх мэдээлэл байгаа юм.

1997 онд Үндсэн хуулийн дээд шүүх байгуулагдсанаасаа хойш Шинаватрагийн гэр бүлтэй холбогдсон таван ерөнхий сайдыг огцруулсан юм. Мөн ардчиллыг дэмжигч улстөрчидтэй холбоотой 111 намыг татан буулгасан байдаг.
Тус шүүх Шинаватратай холбоотой гурван намыг, мөн Ардын намын өмнөх хоёр намыг татан буулгажээ. Үүнд 2023 оны сонгуулиар хамгийн олон суудал авсан ч эрх мэдэлд хүрэх эрхээ хаалгасан “Move Forward” нам ч багтаж буй.
Ийнхүү Үндсэн хуулийн дээд шүүх нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдгээс гадна Тайландад хэд хэдэн удаа цэргийн эргэлт явагдаж байсан нь нөхцөл байдлыг даамжруулж иржээ. Сүүлийн зуун жилд дор хаяж 12 удаа цэргийн төрийн эргэлт болсон юм. Таксин Шинаватрагийн Засгийн газар унаж, түүний эгч Инглак Шинаватрагийн Засгийн газар ч 2014 онд төрийн эргэлтээр унасан.
Ардын нам юу шаардсан бэ?
Паэтонгтарыг огцруулсны дараа Шинаватрагийн гэр бүлийн Пхэу Тай нам, Анутингийн Бумжайтай намын байгуулсан эвсэл задарсан. Ийнхүү засгийн эрхийн түвшинд үүссэн хоосон орон зайд Ардын нам шийдвэрлэх хүч болж гарч ирсэн юм.
Ардын намын ард иргэдийн дэмжлэг байгаа ч тус намын Үндсэн хуульд шинэчлэл хийх оролдлого бүрийг Тайландын нийгэм дэх хүчирхэг консерватив хүчин зогсоож ирсэн.
Анутин Ерөнхий сайд болохын тулд Ардын нам дараах нөхцөлүүдийг тавьжээ:
- Дөрвөн сарын дотор парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах
- Үндсэн хуулийн дээд шүүх шаардвал парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал асуулга зохион байгуулах
- Хэрэв санал асуулга шаардлагагүй бол шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах үйл явцыг Ардын намтай хамтран түргэвчлэх
Мөн Ардын нам шинэ эвслийн Засгийн газарт нэгдэхгүй, сайдын албан тушаал авахгүй гэж амласан.
Ингэснээр Ардын нам ээлжит бус сонгууль явагдах үед нэр бүхий гишүүдээ ерөнхий сайдын албан тушаалд санал болгох боломж гарна. Харин одоогийн Үндсэн хуулиар тус нам ерөнхий сайдад улстөрчөө нэр дэвшүүлэх эрхгүй.
Одоо юу болох вэ?
Хэрэв Анутин болон Ардын намын тохиролцоо хүчин төгөлдөр үлдвэл, Тайланд Үндсэн хуулийн шинэчлэлийн зүг урагшилж дараа нь ээлжит бус сонгууль явуулах боломжтой.
Ардын нам ээлжит сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр ч тус намын удирдагчийг Ерөнхий сайд болохыг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Энэ эмх замбараагүй байдлын дунд өөр нэг асуулт гарч ирж байна. Тэр нь өмнөх тохиолдлуудын адил зэвсэгт хүчин дахин оролцож, төрийн хяналтыг авах эсэх юм.
Одоогийн улс төрийн хэлэлцээрт цэргийн оролцооны талаар асуухад Хоёрдугаар армийн командлагч “цэргийн эргэлт хийх ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн байна. Гэвч энэхүү мэдэгдэл нь цэргийн эргэлтийг хэд хэдэн удаа харсан тайландчуудын сэтгэлийг тайвшруулахгүй нь мэдээж.
Эх сурвалж: The Conversation
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.