Төсөв 2026: Монгол Улс илүү их өр тавина

2025 оны төсөвт Засгийн газрын дотоод өрийн хэмжээг 610 тэрбумаар тусгасан бол ирэх оны төсвийн төсөлд 1 их наяд 40 тэрбумаар тусгажээ.
Дотоодын зээлийн хэмжээг энэ оны төсөвт 300 тэрбумаар тусгаж байсан бол 2026 оны төсөвт 562 тэрбум 230 сая болгож нэмэгдүүлэв.
Харин Засгийн газрын ашиглах гадаадын зээлийн хэмжээг энэ онд 1.5 их наяд, тусламжтайгаа нийлээд 1.9 их наяд орчим байхаар тооцсон билээ. Энэ онд гадаад зээлийн хэмжээг мөн л 1.9 их наядыг тусгасан байна. Өнөөдрийн байдлаар төсвийн гүйцэтгэлээс харвал гадаад зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт 53.7 хувьтай, нийт хөрөнгийн ашиглалт 1 их наяд 51 тэрбумд төгрөг байна. Өөрөөр хэлбэл 907 тэрбумын ашиглаагүй үлдэгдэл бий. Гадаад зээл тусламжийн хамгийн өндөр дүнг БНХАУ-аас нийт 9 төслийн 431 тэрбумын зээл эзэлжээ.
Засгийн газрын бусад өрийг 2025 оны төсөвт 6 их наяд 420 тэрбумаар тусгасныг 2026 оны төсөвт 10 их наяд 349 тэрбум болгож 4 их наяд орчмоор нэмэгдүүлсэн байна.
Засгийн газрын өрийн баталгааг энэ онд 3 их наяд 821 тэрбум гэж тооцсоныг ирэх оны төсөвт 7 их наяд 711 тэрбум буюу 3 их наяд 890 тэрбумаар нэмэгдүүлж оруулж ирэв. Энэ нь Засгийн газрын өр ДНБ-ий 43.8 хувийг эзэлнэ хэмээн ирэх оны төсвийн төслийн тайланд дурджээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улс ирэх онд Засгийн газрын өрийн баталгаагаа хоёр дахин өсгөж, гадаад дотоод өрийн хэмжээгээ ч нэмэгдүүлэхээр болсон байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.