О.Цогтгэрэл: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ардчиллын институцийг аврах чухал тулаан байх болно

АН-ын ХVIII их хурлаа “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор өнөөдөр зохион байгуулж байна. Тус хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1800 төлөөлөгч оролцож байгаа аж.
Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдож буй залуусаар Ардчилсан Нам хүрээгээ тэлэв.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Анхан шатнаас эхлүүлэн бүх түвшиндээ бүрэн шинэчлэгдсэн АН яваагүй зам, очоогүй оргилдоо хүрэх шинэ тэмүүллийг тээн өнөөдөр энд хуралдаж байна. Энэ их хурал бол өнгөрснөө дүгнэж, хүрэх ирээдүйгээ цэгнэх ёстой ажил хэргийн хурал, олон ялалтаа угтах шинэ замын эхлэлийн хурал юм. Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал юм" гэлээ.
Түүнчлэн "Өнгөрсөн 10 жилд эдийн засаг төржиж, эрх мэдэл төв рүү тасралтгүй төвлөрсөн. Үр дүнд нь бүхнийг дарга мэддэг, даргын гарын үсгээр шийдэгддэг улс болсон. Энэ 10 жилд иргэдэд эдийн засгийн өсөлт очоогүй. Бизнесүүдийн орлого ашиг өсөөгүй. Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүү ч хангалттай хүрээгүй. Харин ордон дотор МАН-ын дарга нарын зарцуулах төсөв нэмэгдсэн. Мафижсан засаг, авлигажсан тогтолцооноос бид шударга ёс, хөгжил дэвшил, хүний төлөө бодлого хүлээх утгагүй. Ийм нөхцөлд Ардчилсан Намын сонголт бол дуугүй сууж хамтрах биш хүчтэй цөөнх байж хянах. Даган дуурайх биш тэмцэх. Дасан зохицох биш шинэчлэх явдал юм. Бид 36 жил тэмцээд тэмцээд дангаараа олонх болсонгүй, дараалан ялсан ч үгүй, давхарлан бүх шатанд ялаа ч үгүй гэх “бодит” үнэн бас бий. Энэ бол та бид гэрийн даалгавраа хангалттай хийгээгүйн үнэлгээ гэж би ойлгодог. Бодлого, хөтөлбөрөө цэгцтэй төлөвлөж тайлбарлаж, хийх ажлаа хангалттай сурталчилж, хүрээ оролцоогоо хүссэнээрээ нэмж, үе хоорондын холбоосоо сайн хийж чадаагүйн “шийтгэл” гэж боддог. Тиймээс шинэ арга зам, шинэ тэмүүлэл хэрэгтэй. Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс зөвхөн үг биш. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын институцийг аврах чухал тулаан байх болно” хэмээв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн ацны тулаан байх бээ..сандал ширээ хулгайгаа булаацалдаж ухаалаг сөрөг хүчин байж чадаагүй АН бол үхсэн сөнөсөн нам болсын..МАН тай өрсөлдөх ямарч хүчин алга..ногоон нам нь хүний гургалдайг сунгалж аманд чихэж шаадг солиотой авгайн нам гэдэгээ зарласан...ХҮН нам гэж хүний сүгнүүд...Тиймээс иргэд нийтээрээ МАН ыг сонгоно мөн МАН тай цусаа гартал үзэлцэх болтой..
Хэлээд юүгхэв. Хулгайч ч гэсэн таньдагаараа МАН-аа л сонгосон нь дээр. Танихгүй бурханы оронд таньдаг чөтгөр нь дээр гэж Монгол ардын зүйр цэцэн үг бий.