НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Хуулийн цоорхойгоор иргэдийг хохироодог барилгын компаниудыг шинэчилсэн найруулгаар цэгцэлж чадах уу

Монголд хугацаандаа ашиглалтад ордог барилгын төсөл нүдний гэм болсон. Эсрэгээрээ баригдаж буй орон сууцны төсөлд байр захиалж, хохирсон иргэд цөөнгүй. Улмаар иргэдийн гомдолын дагуу залилангийн шинжтэй хэргүүдийг шалгахад эрх зүйн орчны сул талыг ашигласан байдаг аж. Тиймээс одоогийн барилгын тухай хуулийг илүү боловсронгуй болгож сайжруулах шаардлага үүсээд буй.

Монгол Улсын Их Хурлаас Барилгын тухай хуулийг 1998, 2008 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг 2016 онд баталсан. Түүнээс хойш уг хуульд нийтдээ 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 121-д “Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд боловсруулж 2026 оны тавдугаар сард УИХ-д өргөн барихаар зэхэж буй.

Нийслэлд 2023-2024 онд батлагдсан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө зөрчсөн байршилд 590 гаруй барилга байгууламж төлөвлөгдсөн байна. Үүний 43 хувь нь ногоон байгууламж, авто замын улаан шугам, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд баригджээ. Мөн техникийн хяналт, шалгалтаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл болон магадлалын дүгнэлтгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн зөрчил 2023 онд 2400 илэрсэн байна. Үүний дийлэнх буюу 61 хувь нь нийслэлд төвлөрч, батлагдсан зураг төсөлгүй, баталгаажаагүй барилга угсралт явагдаж байгаа аж.

Түүнчлэн барилгын салбартай холбоотой иргэний болон захиргааны шүүхийн хэрэг жилд 1100-1400 бүртгэгдсэн ба үүнээс орон сууцны захиалгын гэрээний маргаан 45 хувь, барилгын ажлын чанар, хугацаатай холбоотой маргаан 25-30 хувь, тусгай зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой маргаан 12 хувийг тус тус эзэлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зөрчсөн эрүүгийн хэрэг жилд 40-50 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл шинэчилсэн хуулийн төсөлд барилгын компаниуд тухайн төслийнхөө 30 хүртэлх хувийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсний дараа захиалга авах эрхтэй болох зохицуулалтыг тусгасан байна.

Харин иргэдийг эрх зүйн сул тал ашиглан залилж буй барилгын салбарын компаниудад тооцох хариуцлагыг ил тод тусгаагүй байгаа юм. Түүнчлэн хохирсон иргэдийн эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулах эсэх нь ойлгомжгүй байгаа нь дутагдалтай байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button