"Оюу Толгой"-н хэлцлээр хөөрцөглөх зуурт АМНАТ-ийг бууруулах хуулийг наадмын өмнө машиндахаар товложээ
Н.Учралын Засгийн газар Оюу Толгой дээр түүхэнд үлдэх хэлцэл хийсэн гэж хөөрцөглөх зуурт АМНАТ-ийг бууруулах хуулийг наадмын өмнө машиндахаар товложээ. Тухайлбал, маргаашийн |2026.07.02| УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалалд багтсан байна.
Хэрвээ уг хууль дэмжигдвэл бид Оюу Толгой дээр тогтворжуулах гэрээгээр 5 хувийн АМНАТ авсаар ирсэн алдаагаа засах нь байтугай улам дордуулж байгаа хэлбэр болно.
Рио Тинто 2030 он хүртэл зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн зарласан энэ үед цаашид ч дэлхийн зах зээл дээр ханш нь өсөх боломжтой энэ талбарт Монголын төр, Засгийн газар ингэж найр тавьж, Баялгийн санд хуримтлагдах өгөөжийг бууруулж болохгүй. УИХ энэ хуулийг сайтар нягтлах нь зүйтэй.
Өчигдөр "Оюу Толгой"-н хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Н.Учрал "100 хоногийнхоо босгон дээр Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор бууруулж чадлаа. Ингэснээр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум доллар буюу ₮22 их наядыг хэмнэж чадлаа. Монголын талын хүртэх өгөөж ₮8 тэрбум орчмоор нэмэгдэх боломж бүрдэж байна.
Хоёрт. Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутамд бууруулах байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг байхаар шийдэж чадлаа.
Гуравт. Бид энэ жил Оюу Толгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар "Рио Тинто"-той хамтарч ажиллахаар боллоо. Хэлэлцээрийн үр дүнд баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтарч ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаана ч хамгаалж чаддаг гэдгээ харууллаа. Энэ бол түүхэнд тод мөртэй үлдэх ажил" гэж мэдээлсэн.
Эл найртай тохирооны ард АМНАТ бууруулах хуулийг дэмжих агуулга яригдсан байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс мэдээлж байна.
Өнөөдөр манай улс суурь АМНАТ 5 хувь дээр олон улсын зах зээл дээрх зэсийн ханштай уялдуулж, тухайлбал зэс тонн нь 5000 ам.доллар бол суурь 5 хувь, 5001-6000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 16 хувь, 6,000–7,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь, 7,000–8,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь, 8,000–9,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь, 9,000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь, зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэх байдлаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ өсөлт Оюу Толгой төсөлд буюу Рио Тинто-д хамаагүй.
Харин Оюу Толгой ордын хувьд АМНАТ-ийг 5 хувьд тогтворжуулсан. Тогтворжуулсан гэдэг нь АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй гэсэн үг. Ийм алдааг "Орано майнинг"-тай хийх гэрээн дээр давталгүй, олон улсын жишгийг дагах үүднээс АМНАТ-ийн 5 хувийг таазыг тухайн үед өөрчилж байв. Ингэхдээ олон улсын жишгээр ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх бүрд суурь 5 хувь дээр 19 хувь хүртэл нэмэгдэх боломжийг нь тусгаж өгсөн юм. Оюу Толгой дээр 5 хувиар Рио Тинто-той тогтворжуулах гэрээ хийсний ард олон улсын ийм гэрээ нь дотоодын хуулийг давдаг учраас өнөөг хэр Монголын тал тогтворжуулах гэрээг өөрчилж чадахгүй хэвээр буй.
Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн юмнууд нэр зүүхээс өөр юм чадахгүй яанаа энэ Учралын засгийн газар