УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН: Оюутолгойгоос орж ирэхээр яригдаад байгаа мөнгө ногдол ашиг юм уу, нэг удаагийн төлбөр үү гэдэгт Засгийн газар хариулах ёстой

АН-ын “4:11” мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

АН-ын дарга О.Цогтгэрэл “Оюутолгойн ногдол ашиг ₮3 их наядыг тойрч монголчууд бид улсаараа дээр дооршгүй маргаж, талцаж байна. Ард нь маш олон ойлгомжгүй зүйлүүд байгаа. Яг үнэндээ энэ яригдаад байгаа мөнгө ногдол ашиг мөн юм уу гэдэг асуултад Засгийн газар хариулах ёстой. Мөн юм бол ногдол ашиг жил бүр орж ирэх нь тодорхой, эсэх дээр нөгөө тал буюу “Рио тинто”-гийн албан ёсны байр суурь харагдахгүй байна. Хэрэв ногдол ашиг биш, нэг удаагийн төлбөр байвал Монголын Засгийн газар ямар тохироо хийсэн бэ. Магадгүй Оюутолгойн нөөцийн 30 хувь нь байдаг “Онтре”-гийн хоёр лицензээ өгөхөөр тохирсон юм биш байгаа гэдэг асуудлыг АН-ынхан бид ч, сэтгүүлчид та бүхэн ч анхаарлаа хандуулж, хяналт тавих хэрэгтэй байна" хэмээв.

Дэлхий дахинаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээдэг гол арга зам нь “Баялгийн сан” бөгөөд түүгээрээ дамжуулж л хувьцаа, ногдол ашиг хэлбэрээр өмчлүүлж, хөрөнгө оруулалт хийж өсгөдөг. Гэтэл манайд Ерөнхийлөгч, Засгийн газар нь өөр өөр юм яриад, иргэдийг талцуулж, төөрөлдүүлж байгааг мөн онцолсон. Түүнчлэн тэрбээр "Төрийн тэргүүнтэй холбоотой асуудал, хөрөнгө орлогынх нь талаар маргаантай мэдээлэл их гарч байна. Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй. Тиймээс Ерөнхийлөгч парламентын өмнө, ард түмнийхээ өмнө тайлангаа тавих ёстой” хэмээн ярилаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Оюу толгойгоос ногдол ашиг авахыг ямар ч монгол хүн, аль ч нам дэмжинэ. Гэхдээ манай эрх баригчдын яриад байгаа шиг ногдол ашгийг төсөв рүү хийнэ, санал асуулга авна, тараана, тараахгүй гэж нийгмийн сэтгэл зүйг савлуулж, талцуулж болохгүй. Ногдол ашиг орж ирэх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, мөнгө тараах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж болохгүй. Ногдол ашгийг хэрхэх талаарх манай намын байр суурь анхнаасаа тодорхой байсан. Мөнгө орж ирвэл улсын төсөв рүү татаж, олон жил гацсан хөрөнгө оруулалтын ажлууд руу хийх гэж байсныг АН-ынхан эсэргүүцэж, болиулсан. Цаашдаа ч бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж, ногдол ашгийн талаарх гэрээ хэлэлцээ нь хууль ёсны дагуу, албан ёсных мөн үү гэдэгт хяналт тавина” гэлээ.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
худлаа ярилт гүйцэгдэхээгүй боллоо
худлаа ярилт гүйцэгдэхээгүй боллоо

бараг дахиад зээл биз

Холбоотой мэдээ

Back to top button