СУРВАЛЖИЛГА: Сумандаа очсон зарим иргэд өөрийн хүсэлтээр илүү гэр барьж ТУСГААРЛАГДЖЭЭ

УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 12-р сарын 01-нээс эхлэн 10 хоногоор нээгээд байсныг сунгаж ирэх даваа гариг буюу 12-р сарын 14-ний өглөө 06:00 цаг хүртэл сунгасан.
Эхний 10 хоногийн байдлаар Улаанбаатар хотоос 30 гаруй мянган иргэн орон нутгийг зорьжээ. Орон нутгийг зорьсон иргэд 21 аймаг, 365 сумд руу явж буй бөгөөд халдвартай бүсээс очиж буй энэ олон мянган хүний хөдөлгөөн маш их эрсдэл дагуулж, санаа зовоож буй юм.
Тэдгээр иргэд оршин суугаа орон нутагтаа очоод 14 хоног өөрсдийнигэртээ тусгаарлагдах ёстой. Үүнд нь холбогдох албаныхан хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. Аймаг, сум бүр өөр өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж, эрсдэлт бүсээс очсон иргэдээ тусгаарлах, халдварын эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ.
Бид Улаанбаатараас баруун хязгаарт 1500 орчим км-т байрлах Увс аймгийн Өмнөговь суманд очсон иргэдийг тусгаарлах, хянах ажил ямар зохион байгуулалтаар хийгдэж буй тухай тодруулан сурвалжиллаа.

С.ЗОЛЗАЯА: СУМЫН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮСИЙН ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮСИЙГ ТУСАД НЬ ТУСГААРЛАЖ БАЙНА
Тус суманд одоогийн байдлаар 200 орчим иргэд очиж, гэрийн тусгаарлалтад орсон талаар Намир багийн Засаг дарга С.Золзаяа мэдээлсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танай суманд очсон иргэдийг ямар байдлаар сум руу нэвтрүүлж байна вэ?
-Сум руу орж ирдэг пост дээр сумын онцгой комиссынхон ажиллаж байна. Ирсэн машин бүрийг гадна, доторгүй ариутгаж, хүмүүсийг нь нэг бүрчлэн бүртгэж, шинжилгээний бичгийг нь шалгаж байна. Мөн хаана, хаана очихыг нь асууж, тухайн газар нь онцгой комиссынхон дагаж очоод тусгаарлаж байна.
-Иргэд нь гэрийнхэнтэйгээ хамт тусгаарлагдаж байгаа биз дээ?
-Ер нь тийм. Гэрийнхэнтэйгээ тусгаарлагдахгүй гэж өөрсдөө санал гаргаж байгаа хүмүүсийг нь тусад нь тусгаарлаж байна. Мөн зайлшгүй гэрийнхнээс нь тусад нь тусгаарлах шаардлагатай хүмүүсээ өөр газар тусгаарлах байдлаар зохицуулж байна.
-Гэрийнхнээс нь тусад нь тусгаарлах шаардлагатай гэхээр ямар хүмүүс юм бэ?
-Олон хүнтэй харьцаж ажилладаг, сумын эмнэлэгт ажилладаг хүмүүс дээр хотоос ирсэн гэр бүлийнхнийг нь өөр газарт тусгаарлаж байна. Зайлшгүй ажлаа хийх шаардлагатай, өдөр тутам хүмүүстэй харьцдаг учраас эмнэлгийн ажилтнууд эрсдэлд орох ёсгүй гэж үзсэн.
-Өөрсдөө гэрийнхнээсээ тусгаарлагдах саналтай хүмүүс бас байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Манай зарим иргэд ухамсартай байна. Гэр бүлийнхнээ эрсдэлд оруулахгүй гэж хашаандаа илүү гэрээ бариад тусгаарлагдаж байгаа хүмүүс бий. Ингэснээр гэр бүлийнхэн нь айж эмээх зүйлгүй гадуур гарч, нийгмийн харилцаанд оролцоод явах боломжтой болж байгаа юм. Харин гэр бүлийнхэнтэйгээ хамт тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд гэр бүл нь ч гэсэн давхар эрсдэлтэй учраас аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
-Тусгаарлалтын дэглэмээ мөрдөж байгаа эсэхийг шалгаж, хянаж байгаа юу?
-Хянаж байна. Ээлж ээлжээр байнга явж шалгаж байгаа. Хашааных нь гадна таних тэмдэг хадсан учир хэрвээ гарч орсон тохиолдолд сумын бусад иргэд мэдээлж, мэдэгдэж байна. Зарим нэг хүмүүс тусгаарлалтын дэглэмээ сахихгүй гарч явж байгаа гэх мэдээллүүд ч ирж байна. Тиймээс хотоос ирж тусгаарлагдаж байгаа иргэддээ хандаж хэлэхэд ухамсартай байж, 14 хоног дэглэмээ сайтар сахихыг хүсч байна. Бүхэл бүтэн сумын аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг сайтар анхаармаар байна.

Д.ЭРДЭНЭЧИМЭГ: БИЕ ЗАСАХААР Л ГЭРЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА
Ингээд сумандаа очоод тусгаарлагдаад буй тус сумын иргэн Д.Эрдэнэчимэг бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сум руу орох постонд очиход хамгаалалтын хувцастай сумын онцгой комиссынхон болон цагдаа нар тосч авсан. Ингээд бүртгэж, шинжилгээний бичиг шалгаад, биднийг очих газарт хүргэж өгсөн. Миний хувьд нөхөр маань сумын эмнэлэгт ажилладаг учраас гэртээ тусгаарлагдаагүй. Ээжийнхээ гэрт ирээд тусгаарлалтад орсон. Манай дүү нар бас хотоос хамт ирсэн учраас нэг гэртээ тусгаарлагдаж байна.
Хашаанд тэмдэглэгээ наасан. Байнга ирж хяналт шалгалт хийж байгаа учраас бие засахаар л гэрээсээ гарч байна. Хэрвээ тусгаарлалтын дэглэм зөрчих юм бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн гэрээ байгуулсан” хэмээсэн юм.
Ийнхүү аймаг, сум бүр, дараа нь иргэд бүр энэ сумынхан мэт дор бүрнээ хариуцлагатай байж чадвал коронавирусийн аюул, эрсдэл холуур тойрч одох билээ. Иргэн бүр хариуцлагатай байцгаая.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.