Эргэн саная: Г.Занданшатар тус бүрд БЭТ томилно хэмээсэн стратегийн 16 орд хэн, хэнийх вэ

Ерөнхий сайд Г.Занданшатарт тавигдсан хамгийн том хүлээлтүүдийн нэг бол стратегийн ордууд, Үндэсний баялгийн сан. Л.Оюун-Эрдэнэ огцрохын өмнө тухайлбал Тавантолгойн бүлэг орд, тэр дундаа Ухаа худгийн хувь эзэмшлийн асуудал хүчтэй сөхөгдөж байсан. Түүний “нэрийн хуудас” болсон ажил ч Үндэсний баялгийн сан байв. Иймд чухам энэ агуулга дээр шинэ Ерөнхий сайд хэрхэн ажиллах вэ гэдэг хүлээлт нэгэнтээ үүсэж өдийг хүрсэн.
Тэгвэл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Засгийн газрын дэргэд ажлын хэсэг байгуулснаа өнгөрсөн амралтын өдөр зарлалаа. Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулжээ.
Ингээд албан мэдээндээ, “Улсын төсвөөр хайгуул хийсэн бол өгөөжийг баялгийн санд төвлөрүүлэх хэлцэл хийх, шаардлагатай бол ЗАХИРГААДАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна” хэмээн дурдуулсан байна.
Түүнчлэн, стратегийн орд газрууд хэрхэн хувьд шилжсэн, үүнд хууль зөрчигдсөн эсэхийг судлах ажлыг өргөжүүлэхийн тулд цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд ажлын хэсэг ч байгуулжээ.
Эндээс дэд ажлын хэсгийн үйл ажиллагаанаас гадна 16 орд тус бүрд томилох БЭТ-ийн асуудал маш их анхаарал татах юм.
Л.Оюун-Эрдэнийн үед стратегийн орд эзэмшигчидтэй хэлцэл хийх төр төлөөлсөн БЭТ-өөр Ж.Батзанданг томилж байсан.
Стратегийн 16 орд гэдэгт юу, юу хамаарах вэ. Тэдний онцлог, хувь эзэмшил ямар байна вэ гэдгийг нэхэн сануулъя.
1.“Оюу толгой”-н зэс, молибдени орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. 34% нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн, 66% нь Канадын “Рио Тинто” компанийн мэдэлд. Энэ хүрээнд одоо “Онтрэ” компани дээрх шинэ талбайн ашиглалтын сэдэв хүлээгдэж байгаа нь гол.
2.“Таван толгой”-н чулуун нүүрсний БҮЛЭГ орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК /Өмнөговийн орон нутаг, Ажнай Д.Бат-Эрдэнэ/ болон Ухаа худгийн ордыг “MCS”-ийн "Энержи Ресурс" ХХК гэхчлэн хувааж эзэмшдэг. Энд “Энержи ресурс” гэсэн сэдэв яах аргагүй ахиж хөндөгдөнө.
3. “Эрдэнэт”-ийн зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. 51%-ийг монголын төр, 49%-ийг Mongolia Copper Corporation компани эзэмшдэг.
4. “Багануур”-ын хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. “Багануур” ХК олборлож, 51%-ийг төр, 49%-ийг олон нийт эзэмшдэг.
5. “Шивээ Овоо”-гийн хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
6. “Төмөртэй”-н төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг Монгол-Хятадын “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. 100% Дарханы төмөрлөгийн үйлдвэр буюу төр эзэмшдэг болсон.
7. “Асгат”-ын мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байв. 2019 онд “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд авах шийдвэр гаргасан.
Дээрх нь тодорхой хэмжээнд төрийн эзэмшилд байгаа юм.
Харин үлдсэн ес нь хувийн хэвшилд шилжсэн.
- “Цагаан суварга”-ын зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж 2014 онд Н.Нямтайширын МАК-д 100 хувь шилжсэн. З.Энхболд даргатай парламент 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэн төрийн мэдлээс гаргаж, МАК-нд шилжүүлж байв. 2044 он хүртэл ЭЗЭМШИХ юм.
- “Нарийн сухайт”-ын нүүрсний орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. 100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол)-ийнх.
- “Төмөртэйн овоо”-ны цайр, хар тугалгын орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. 40%-ийг төр, 50%-ийг “Цайрт минерал” ХХК, 10%-ийг хувь хүн эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээтэй.
- “Бүрэнхаан”-ы фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 100% “Талст маргад” ХХК (Монгол), “ТопроуХэнцо” ХХК (Хятад), “Тефас майнинг” ХХК (Хятад), Сутайхэнцо ХХК (Хятад). “Талст-Маргад” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх. Батбаярын Батхишиг эзэмшдэг.
- “Бороо”-гийн алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Канадын “Центерра Гоулд монголия” ХХК 100% эзэмшдэг байв. 2018 онд Сингапурын хувийн компани "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Мөн "Сэлэнгэминералс" ХХК 2014-2044 оны хооронд 30 жилээр ашиглалтын лиценз авсан нь анхаарал татаж байна.
- “Гацуурт”-ын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байршилтай. 2015 онд УИХ-ын тогтоолоор стартегийн 16 дахь орд болгож нэмсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Центерра гоулд Монголиа" компани эзэмшиж байгаад Сингапурын “OZD ASIA PTE Ltd"-д зарсан.
- “Мардай”-н ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. Социализмын үед оросууд уран олборлож байжээ. Монголын талтай хамтарсан компани байгуулах хөрөнгө оруулагч гарч ирвэл Мардайн олборлолтыг сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци эзэмшдэг байна.
- “Гурванбулаг”-ийн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци 49 хувийг нь эзэмшиж байна. Хятадын Цөмийн эрчим хүчний корпораци нь Канадын “Вестерн проспектор” компаниас 198 сая хонконг доллароор тус ордыг худалдан авчээ.
- “Дорнод”-ын ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. 21 хувийг төр, 58 хувийг Канадын “Ханресурс” ХХК эзэмшиж байв. Монголын Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар 2015 оны үес 100 сая ам.долларын өрөнд орж байлаа.
Энэ есийн хоёр нь Н.Нямтайширийн МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй байна. Тэгэхээр яах аргагүй МАК-тай хэлцэл хийх БЭТ хэн байх нь сонин.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nyamtaishir ovool tsuslaad bgaan bna
“Эрдэнэт”-ийн зэс, молибдений орд. 49%-ийг төрд авчаагүй юм уу
монгол яах вэ хятадуудаас юмаа аваач хаа л бол хаа байна дорнодын ураныг хятадууд аваад нутгийг нь эзлээд хордуулаад стандартын бус юм хийгээд байгаа юм бишүү �##�ь хэдийнээ
Монгол нь монголоосоо булааж аваад хужаад өгдөг юм ш дээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud