Улс төрийн мэдээ

ТӨК-иудын захирлын цалингийн хасалт тодорхой болоогүй, ЗГ-т танилцуулах санал эцэслэгдээгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албаны цомхон, илүүц зардалгүй, бүтээмжид суурилсан бүтэц, санхүүжилтийн асуудлыг ярьж байгаа.

Хамгийн сүүлд гэхэд ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан.

Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нөгөө талаас төрийн өмчит компаниудын захирлын цалингийн хэмжээг хөндсөн.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжид судалгаа хийж үзэхэд хамгийн ихдээ сард 20-30 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш харин гүйцэтгэл, үр дүнгээр цалинждаг системийг нэвтрүүлнэ" гэсэн юм.

Харин өнгөрсөн өдрүүдэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт нарын 30 саяын цалинг 4.5 сая болгож бууруулна гэсэн мэдээллүүд хөвөрсөн юм.

4.5 сая төгрөгийн цалингаар стратегийн шинжтэй томоохон компанийг үр бүтээлтэй удирдаж чадах уу, удирдах хүн цаашид олдох уу гэсэн шүүмжлэл ч үүнийг дагаад дэвшүүлэгдэж байна.

Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн алба болон ТӨБЗГ-аас тодруулав. Ингэхэд ТӨХК-иудын захирлын цалингийн таналт албан ёсоор тодорхой болоогүй, судалгаа бүрэн хийгдээгүй байгааг хэллээ.

Юун түрүүнд яамдууд харьяа ТӨК дээрээ санал боловсруулж, ТӨБЗГ-т хүргүүлэх бол судалгаа, санал тэнд нэгтгэгдсэнээр дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үйл явцтай юм байна.

Харин одоогийн байдлаар санал, судалгаа нэгтгэгдээгүй буюу цалингийн шинэчилсэн систем боловсруулагдаагүй байгааг тэд мэдээлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button