Гадаад мэдээ

Монголд нууц ажиллагаа явуулсан БНСУ-ын хоёр тагнуулыг "эх орноосоо урвасан" гэх үндэслэлээр яллахаар шалгаж байна

Монголд тусгай ажиллагаа явуулахаар ирсэн Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг манай улсын ТЕГ баривчилж нутаг буцаасан талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байв.

Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд БНСУ-ын хэвлэлүүдэд Хойд солонгостой холбогдох тусгай даалгавартай Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг Монгол Улсын тагнуулын байгууллага баривчилсан. Улмаар БНСУ-ын Тагнуулын командлагч Мүн Сан Хог тэднээс өөрөө тайлбар авахаар эх оронд нь буцаах хүсэлтийг Монголын талд гаргасны дагуу шилжүүлэн авсан байдаг.

Үүний дараа Монголын тагнуулд баригдсан БНСУ-ын дэд хурандаа А, хошууч Б нарыг тус оны арванхоёрдугаар сарын 26-нд сулласан талаар тус улсын hani korea сайт мэдээлж байв.


Харин саяхан дээрх тагнуулын ажилтнуудад холбогдох хэргийг БНСУ-ын тусгай прокурорын баг шалгаж эхэлсэн талаар Ханкёрэ сонин мэдээлсэн юм.

Мэдээллийг дэлгэрүүлбэл, Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цэргийн онц байдал зарлахын өмнөхөн тус улсын Батлан хамгаалах яамны Тагнуулын командлал (DIC)-ын ажилтнууд Улаанбаатар дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоохыг оролдоод Монголын тагнуулынханд баригдсан.

Уг нь БНСУ-ын Тагнуулын командлалын ажилтнуудын нэрсийн жагсаалт өнгөрсөн оны зургаадугаар сард алдагдаж, олон нийтэд ил болсон. Тиймээс нэр дурдагдсан ажилтнуудыг гадаадад үүрэг гүйцэтгэхийг хориглоод байсан юм. Гэвч дээрх хоёр ажилтан аялал жуулчлалын чиглэлээр хэмээн өөрсдийгөө нууцалж монголд ирээд, манай улсын төрийн албаны ажилтнуудтай уулзсан байдаг.

Мөн тухайн үед БНСУ-ын Тагнуулын командлалын командлагч Мун Сан Хо эдгээр хоёр ажилтныг Монголд баригдсаны дараа суллуулах асуудлыг хувиараа хөөцөлдсөн. Өдгөө бослого өдөөх хэрэгт буруутгагдан яллагдаж буй Тагнуулын командлалын хуучин дарга Но Сан Воны тэмдэглэлийн дэвтэрт "Хойд Солонгостой хиллэдэг хойд хязгаарын шугам руу нэвтэрч, Хойд Солонгосыг довтолгоонд өдөөх" тухай өгүүлбэр байсан нь Өмнөд солонгосын хоёр тагнуул монголд тусгай ажиллагаа явуулж байсан гэх сэжгийг улам батжуулсан байна.

Тиймд БНСУ-ын тусгай прокурор Чо Ын Со-гийн удирдсан шалгалтын баг Монголоос баригдан ирсэн өөрийн улсын хоёр тагнуулын ажилтныг Хойд Солонгостой үгсэн хуйвалдах санаатай байсан эсэхийг өнгөрсөн долдугаар сараас шалгаж, Монгол дахь энэхүү нууц ажиллагаатай холбогдох баримтуудыг сэргээн тогтоож байгаа билээ.


Тэгвэл хэргийн шалгалтын ажиллагааны талаар БНСУ-ын хэвлэлүүдэд шинэ мэдээлэл гарсан байна. Тухайлбал, тус улсын NATE мэдээ суваг дараах мэдээллийг нийтэлжээ.

Тусгай прокурорын газар Хойд Солонгос дайны байдал тогтоох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд халдлага үйлдэхээр оролдсон гэх нотлох баримтыг шалгаж байна. Ингэхдээ дайны байдал зарлахын өмнөхөн Монгол дахь Хойд Солонгосын ЭСЯ-тай манай тагнуулын ажилтнууд холбогдохыг завдсан хэргийг нарийвчлан шалгаж тус хоёр тагнуулын өмнө нь мэдээлсэн үйл ажиллагаанаас гадна нэмэлт сэжигтэй үйлдэл илрүүлжээ.

MBN-ийн мөрдөн байцаалтын дагуу тусгай прокурорын баг төлөөлөгчдийн нэмэлт сэжигтэй үйл ажиллагааг илрүүлсэн ч БНСУ-ын тагнуулын албанаас уг мэдэгдлийг үгүйсгэж, "Монгол руу томилсон хоёр тагнуулын зорилго нь бол үйл ажиллагааны сүлжээг сэргээн засварлах ажлын аялал байсан" гэж мэдэгджээ. Түүнчлэн тусгай прокурорт байцаагдсан Тагнуулын албаны хүмүүс ч уг мэдэгдлийг бататгасан байна.

Харин хэргийг шалгаж буй тусгай прокурорын баг тухайн тагнуулуудыг Хойд Солонгостой холбоо тогтоосон нь бодит зорилготой байсан эсэх, мөн тэднийг валют завшсан, эх орноосоо урвасан гэсэн үндэслэлээр яллахаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

-Монголд ирсэн хоёр тагнуултай уулзсан монголын төрийн албаныхныг шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй-

Дээрх мэдээлэлд дурдагдаж буй БНСУ-ын хоёр ажилтан нь БНСУ-ын нууц ажилтнууд буюу “Хар агент” байсан бөгөөд тэдний талаарх мэдээлэл задарсны дараа нууц ажилтнуудыг гадагшаа томилолтоор явахыг бүр мөсөн хориглосон байсан.

Тиймээс тэд маш нууц онцгой даалгавар аваагүй л бол Монгол Улс руу томилолтоор явуулах боломжгүйг тус улсын хэвлэлүүд мэдээлж буй.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-ын MBC телевизийн сурвалжлагч уг хэргийн талаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Уг нэвтрүүлэгт нэрээ нууцалсан тагнуулын ажилтан ийн мэдээлэл өгч байв.

“Манай улсын тагнуулын хоёр нууц ажилтны монголд очоод уулзсан хүмүүс нь Монгол Улсын тагнуулын газрын ажилтнууд байсан. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын Тагнуулын нууц албатай 10 гаруй жил хамтран ажилласан цол хэргэмтэй хүн байсан. Харин нөгөөх нь Өмнөд Солонгос нууц ажилтнаараа шинээр элсүүлэх гэж байсан бас нэг төлөөлөгч байсан. Манай Улсын тагнуулын хоёр ажилтан тэдэнтэй ямар зорилгоор уулзсан нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Гэхдээ манай тагнуулууд Хойд Солонгостой холбоо тогтоох гэж явсан хэр нь шууд Элчин сайдын яаман дээр нь очилгүй монголын хүчний төлөөлөгчидтэй уулзсан тул манай тагнуул тэднээр дамжуулан Хойд Солонгосчуудтай холбоо тогтоох гэж байсан гэж таамаглаж байгаа” гэсэн байдаг.

Мөн БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр дээрх хэргийн талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Өмнөх өдөр /2025.02.13/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “”Монголоос баривчлагдсан манай улсын хоёр тагнуул Хойд Солонгосын эсрэг үйл ажиллагаа явуулахаар Монгол дахь орон нутгийн тагнуулын ажилтнуудтай холбогдож байхдаа баривчлагдсан” гэх мэдээлэл гаргасан юм.

Эндээс БНСУ-ын MBC телевизийн эрэн сурвалжлах мэдээллийн зарим хэсгийг буюу Өмнөд Солонгосын тагнуулууд Монгол Улсад Хойд Солонгостой холбоо тогтоох гэж ирээгүй гэдгийг тус улсын Үндэсний тагнуулын алба онцлон үгүйсгэв. Харин тагнуулын ажилтнууд нь Монгол Улсад ирээд хоёр тагнуулын ажилтантай уулзсан гэх мэдээллийг үгүйсгээгүй нь анхаарал татаж буй.

Харин тус тагнуулын хоёр ажилтан Монголд ирэх үеэрээ уулзсан манай улсын нэр бүхий төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарсан. Гэхдээ уг мэдээллийн албаных биш бөгөөд тэднийг шалгаж байгаа эсэх тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: MBC, NATE мэдээ

Холбоотой мэдээлэл:

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button