Д.Амарбаясгалан: МАН хувь хүний бус, хамтын удирдлагатай нам байх ёстой

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсад парламентийн засаглал үүсэж бий болсон цагаас хойш 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль явагдаж, үр дүнд нь 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Энэ жил УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор албан ёсоор 09-р сарын 15-аас намрын чуулган эхэлдэг болсон. 15 хоногоор урагш татаж нээх болсон шалтгаан нь Төсвийн хэлэлцүүлгийг иргэд сонгогчдын дунд өргөн хүрээгээр хэлэлцэг байх нөхцлийг хангахаар хуулийн өөрчлөлтийг хийсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Шинээр бүрдсэн парламент олон намын оролцоотой болсноор улс төрийн намуудын хариуцлага илүү бэхжих нөхцлийг үүсгэж буйгаараа онцлог.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор улс төрийн намууд шинэ дарга, дүрмээ хэлэлцэн шийдвэрлэж, дотоод хурлуудаа хийн Дээд шүүхэд бүртгүүлэх ажлууд явагдаж байна. Ардчилсан нам нээлттэй, улс төрийн намууддаа үлгэр жишээ болохуйц ажлаа хийж чадсан гэж харж байгаа учраас нээлттэй мэтгэлцээний зарчмаар хэлэлцэж, намын даргаа сонгож чадсанд баяр хүргэе.
Парламентийн тогтолцоо гэдэг бол улс төрд суудалтай намуудаас шууд хамааралтай байдаг. Парламентийг бүрдүүлж байгаа улс төрийн хариуцлага, үнэт зүйл, хөгжил дэвшил нь төрийн шийдвэр гаргахад нөлөөлж байдаг. Улс төрийн нам институц байх эсэх нь эндээс харагддаг.
Тэр утгаараа би парламентийн спикерийн хувьд парламентад суудалтай намуудын институтжих байдалд анхаарч ажиллах ёстой гэдэг байр суурьтай байдаг. 2022 онд анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг миний хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ санаачилж байсан. Тухайн цаг үед санаачилсан зорилго нь хоёр их гүрний дунд орших Ардчилсан Монгол Улсын парламентийн засгалалийн дархлааг нэмэгдүүлэх том зорилгыг агуулж, энэхүү өөрчлөлтийн төлөө явж байсан.
МАН хэдийгээр хоёр дараалсан үнэмлэхүй ялалт байгуулж, дангаараа Засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс урьдчилан сэргийлж, олон намын төлөөллийг оруулж ирж ажиллаж ирсэн. Тиймдээ ч улс төрийн намуудын бие даасан байдлын төлөө парламентийн зүгээс бүрэн дэмжиж ажиллаж байгаа.
Өнгөрсөн хаврын чуулганаар бид олон хуулийн төслийг найруулж, хэлэлцэн батлаж чадсан. Энэ намрын чуулганаар бид томоохон зорилт тавьж ажиллана. Өмнөх парламентуудаас ялгаатай нь 4 жилийн төлөвлөгөө биш, УИХ гэдэг байгууллагын стратегийг батлаж, Монголд хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлалуудын философи нь социалист нийгмээс салж чадаагүй байгааг халж ажиллана.
Олон янзын судалгаа, олон янзын жагсаал цуглаан зэргээс харвал төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгааг бид өөрчлөх ёстой.
Ирэх намрын чуулганаар 5 асуудалд төвлөрч ажиллана.
- Төрийн данхайсан бүтцийг өөрчлөх шаардлагатай. Олон яам, олон агентлагтай. Шаардлагагүй мөртлөө олон ТӨК-иудтай байгаа байдал нь Монголын төрийн сул тал болсон. Төрийн инженерчлэлийг хийх цаг нь болсон. Парламент үүнд анхаарч ажиллана.
- Хаврын чуулган төрийн инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн байгаа. Хэдэн мянган давхардсан шаардлагагүй процессуудыг үгүй хийх ёстой. Ард иргэдэд хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Хууль тогтоомжийн хуулинд хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Монголд авлигын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуулинд шингээх зорилго агуулснаар энэ хууль тогтоомжийн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан байгаа. Нэг ёсондоо монголд нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг нь дүрэм журмаар зохицуулж байгаа нь тэгш бус харилцаа, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгох нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Иймээс ирэх оны 5-р сарын дотор ээн олон журмуудыг хуулинд шингээхэд анхаарч ажиллана.
- Татварын багц хуультай холбоотой асуудалд иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс ирсэн олон гомдол, санал бий. Иргэдийн хүсэж байгаа хэмжээний хуулийн төсөл байна гэж би дүгнэж байна. Татварын багц хуульд өнгөц өөрчлөлт хийх нь хангалтгүй. Засгийн газраас өргөн баригдахаар бэлтгэгдэн, иргэдийн саналыг авч байгаа хуулийг харлаа. Иргэдийн хүсэж байгаа өөрчлөлтийг хийж чадаагүй төсөл гэж харагдаж байна. Монгол Улс өнөөдөр татвараар орлогоо бүрдүүлдэг. Өндөр хөгжилтэй улсын жишээг харахад татварыг юуны төлөө хөнгөлж, ямар зарчмаар явдаг вэ гэдгийг харж, тусгах шаардлагатай. Би Казахсхтан улсад сая айлчлаад ирсэн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр татварын орчныг бүрдүүлж өгсөнөөр олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Ингэхээр намрын чуулганаар татварын реформ хийх дээр ажиллана.
- Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудлыг ярина. Нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах боломжгүй гэж үе үеийн Засгийн газар хэлж ирсэн. Гэтэл бусад улс орнуудын хуримтлалын нэрийн данстай болчихоод байгааг Намрын чуулганаар ярьж, хэлэлцэж тусгана. Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах гэдэг хүсэл сонрихол өндөр байхад үүнтэй нийцээгүй хуулийг өргөн барьсан учраас би хүлээж аваагүй.
Миний ярианы эхэлнд дурдсанаар, Парламентийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, өндөр чанартай хууль батлан гаргах ёстой, хариуцлагатай байх ёстой гэдэг байр суурь дээр зогсох ёстой. Улс төрийн нам өдөр бүр шинэчлэгдэж, өөрчлөгдөж, өнөөдөр өөрсдөө өөрчлөгдөж чадаж байж иргэд олон нийтийн дэмжлэгийг авдаг гэж хэлмээр байна.
Монгол Улс өнөөдөр хууль засагладаг улс төртэй байх ёстой. Үүний төлөө үе үеийн Засгийн газар зорьж, ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд бид парламентийн засаглалаа бэхжүүлж явах ёстой. Энэ утггаараа миний хувьд 100 жилийн түүхт МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагатай байлгахын төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж ирсний хувьд удаа дараа намынхаа гишүүдийн итгэлийг авсан учраас МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ хэлмээр байна" гэв.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын Эзэнбаяр нь хулхи хурандаа Хүүрэнсүг. Одоо өөрийгөө Путин, ШиЖинпин, КимЖонУн болж ирж байгаа гээд бодцон нарцист /өөртөө дурлагч/ хулгайч.