Т.Аюурсайхан ялаа 2026 оны I сард эдэлж дуусах ба түүнээс өмнө, магадлангаар суллагдах хүсэлт өгч болно

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны шүүхээр хорих ялын хэмжээ буурч, 2 жил 8 сар болсон юм.
Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анх хоригдсон.
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасан. Энэ дагуу, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдан хоригдсон найман сарыг нь хасахаар хоёр жил болдог.
Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан хоёр жилийн ял эдэлж, 2026 оны нэгдүгээр сард суллагдана.
Түүнд мөн энэ хугацаанаас өмнө магадлангаар суллагдах боломж бий.
Тодруулбал, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн нөхцөлд прокурорт хүсэлт гаргаж болно. Т.Аюурсайханы хувьд магадланд орох хуулийн хугацаа болсон байна.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Хувь хүний нууц тул магадлангаар суллагдах хүсэлт өгсөн эсэхийг мэдээлэх боломжгүй байна" гэлээ.
Эргэн сануулахад "Нүүрсний" гэх хэрэгт холбогсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэсэн байдаг.
Тухайлбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ял биш түр зуурын амралт байсан юм бишүү
Харин тиим бид нараар ч сайн тоглох юм даа
яагаад ялаа эдэлж байгаа хүнээр оролдоод сэвээд унав, амарбаясгалангийн нүүрсний хэрэг сөхөгдөнгүүт анхаарлыг өөр тийш нь хандуулахыг завдаж бнуу