Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажил ахицтай урагшилж байна

Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил 51.5 хувьтай, арматур бэлтгэх талбайн ажил 81.5 хувьтай, дайрга хадгалах агуулах 37.67 хувь, ажилчдын кемп байгуулах ажил 83.33 хувьтай үргэлжилж байна гэж Зам тээврийн яам мэдээллээ.
Мөн ажилчдын амралт, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Сануулахад, 17 жил өргөн, нарийн царигаар хэрэлдэж, шийдэлгүй гацсан хил холболт, нүүрсний худалдааны асуудлыг хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрээр шийдвэрлэх арга замыг сонгосон. Хэлэлцээ байгуулах эрхийг УИХ, Засгийн газарт олгосон. Үүний дагуу манай улс анх удаа өмнөд хөрштэйгөө албан ёсны хэлэлцээ байгуулсан. Хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар Харбин хотод уулзацгаан гарын үсэг зурж, УИХ соёрхон баталсан байдаг.
Ингэж Хамтарсан Засгийн газар 1955 оноос хойш анх удаа хийгдэж байгаа төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Хэлэлцээрийн хүрээнд цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад баруун зүүн коридорыг төмөр замаар холбох ажил хурдтай бөгөөд шат дараатай хэрэгжихээр хүлээгдэж байгаа.
Гэвч эдийн засгийн өндөр ач холбогдолтой тус гэрээний нүүрсний худалдаа асуудалтай гэх агуулга яригдаж, хил холболтын ажил зогсож магадгүй болоод байгаа юм.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.