Э.Батшугарын хар жагсаалтыг арилгах, Н.Учралын цахим мөрийтэй тоглоомыг хорих хууль хэрэгжсэнгүй

Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Н.Учралын цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль, Э.Батшугарын Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэрэгжилт тэдний ярьсан шигээр хөрсөн дээр буусангүй.
Албан мэдээллээр хэрэгжиж эхэлсэн гэх ч бодит байдал дээр хар жагсаалт болон цахим мөрийтэй тоглоомын хоригт өөрчлөлт ороогүй хэвээр байна.
Бүр тодорхой хэлбэл,
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын өргөн барьж, батлуулсан хуулийн голлох анхаарал татсан заалтуудыг нэг нь монгол банкны хар жагсаалтыг байхгүй болгох байсан. Монгол банкнаас ч хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэсэн хэр нь одоогоор иргэдийн хар жагсаалтын түүх арилаагүй хэвээр байгаа талаар иргэд шүүмжилж байна.
Мөн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралын санаачилж Засгийн газраас өргөн барьсан цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хуулийн голлох агуулга нь Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг хориглох. Энэ хүрээнд сурталчлан таниулахыг ч хатуу хуульчилсан. Хуулийн хэрэгжилт долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн гэх албан мэдээлэл бий. Гэсэн ч өнөөдрийг хүртэл монгол ютүберүүд цахим бооцоот тоглоом сурталчилсан хэвээр байна.
Хуулийн төслүүдийг сануулъя:
Э.Батшугарын хууль,
УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэхээр болсон.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно тусгасан. Үүнд
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана,
- Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна,
- Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно,
- Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ,
- Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно,
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.
Монголбанкнаас уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ “зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэлснээр зээлийн муу түүх, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болж, иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч оноо нь буурсан ч гэсэн эргээд зээлээ төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, зээлийн оноо нь сайжрах боломжтой болж байна” гэж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдэж байсан.
Гэсэн ч өнөөдөр банкнууд хуучин систем буюу өр орлогын харьцааг тооцоолж зээл олгодог байдал хэвээр, хар жагсаалт арилаагүй байна.
Н.Учралын хууль,
Энэ оны тавдугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан. Тус хууль долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр хуулийн өөрчлөлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хууль батлагдсанаар:
- Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
- Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэгт нэмж оруулсан. Энэ дагуу
- Зөрчлийн тухай хуулийн 10.1.6 дахь хэсэгт, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- 10.1.7 дахь хэсэгт, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
Гэвч энэ хууль хэрэгжихгүй байгааг нь цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаа хэвийн үргэлжилж буй байдлаас харж болохоор байна. Хууль санаачлагч гишүүд батлагдсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, анхаарах ёстой. Энэ дагуу хуулийн төслөө хянаж, хэрэгжүүлж эхлэх болоогүй юу сайд нар аа.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.