УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сүүлийн нэг сард сошиалдаа хамгийн их мөнгө зарцуулсан сайд, гишүүд

Улс төр бужигнасан сүүлийн нэг сарын хугацаанд Meta-д доллар төлж өөрийгөө сурталчлах нь дан ганц Г.Занданшатар, Д.Амарбаясгалангаар зогссонгүй. Г.Занданшатарын Засгийн газрын сайд нар болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч өөрийгөө сошиалд сурталчлахад мөнгө төлцгөөв.

Дараах 10 гишүүний нэг сарын хугацаанд сошиалдаа зарцуулсан өртөгийг нэгтгэн үзэхэд 12.4 сая төгрөг болж байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг нэг сарын хугацаанд 821 доллар буюу 2.9 сая төгрөгийг Meta-д төлсөн байна. Тодруулбал 2.9 сая төгрөгөөр өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, баярын мэндчилгээ гэх мэт 20 мэдээллийг 100 хүртэлх долларын дэмжлэгтэйгээр өөрийн цахим хуудсаараа тараажээ.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сүүлийн нэг сард 507 доллар буюу 1.8 сая төгрөгийг сошиал хаягтаа зарцуулжээ. Мөн л өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаатай холбоотой долоон мэдээллийг түгээхэд тус бүр 200 доллар хүртэлх зардлыг гаргаж, өөрийн албан ёсны цахим хуудсаараа түгээсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нэг сарын хугацаанд 420 доллар буюу 1.5 сая төгрөгийг Meta-д төлсөн байна. Ингэхдээ дээрх өртгөөр таван мэдээллийг 200-250 хүртэлх долларыг төлж өөрийн цахим хуудсаараа түгээжээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү өөрийн ажлаа сурталчлах хоёр мэдээллийг тараахад 400 доллар буюу 1.4 сая төгрөгийг зарцуулжээ. Доорх зурагт харагдаж байгаачлан хоёр мэдээллийг 200 долларын төлбөр төлж түгээсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сошиалдаа 360 доллар буюу 1.3 сая төгрөгийг зарцуулжээ. Үүнд 200 хүртэлх долларын өртөгтэй гурван мэдээлэл багтаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир 359 доллар буюу 1.3 сая төгрөгийг сошиал хаягтаа зарцуулав. Үүнд 100 хүртэлх долларыг төлж байршуулсан таван мэдээлэл багтаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 329 доллар буюу 1.2 сая төгрөгийг цахим хаягтаа зарцуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 142 доллар буюу 500 мянган төгрөгийг цахим хуудастаа зарцуулжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудастаа сүүлийн нэг сард 132 доллар буюу 473 мянган төгрөгөөр дөрвөн мэдээллийг тараахад зарцуулжээ.


О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button