Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өслөө

Төрийн ордонд нэгнээ огцруулах асуудал хөндөгдөхтэй зэрэгцэн иргэдийн гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гэтэл иргэдийн дундаж цалин 2025 оны эхний улирлын байдлаар 2.6 сая байгаа тухай ҮСХ-ноос танилцуулсан. Үүнийг 2024 оныхтой харьцуулан үзвэл 300 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлтийг тухайлбал, 2025 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 9 дүгээр сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны 9 дүгээр сард 9.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар (24.9%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар (59.0%) тус тус нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин 2025 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 9.0 хувь гарсны 2.8 (31.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.9 (20.5%) нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.