Хоосон сургуультай хоёр долоо хоног боллоо

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ээс зохион байгуулж буй багш нарын ажил хаялт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Ажил хаялтай холбоотойгоор хүүхдүүдийн сурч боловсрох эрх хөндөгдөж эхэлсэн. Түүнчлэн баг ангийн хүүхэдтэй асран хамгаалагчид ажлаасаа чөлөө хүсэж хүүхдээ харахаас өөр араггүйд хүрсэн. Ажил хаялтыг эцэг эхийн төлөөллүүд дэмжиж буйгаа илэрхийлж, цалин хөлсийг нь нэмэхийг хамт багш нартай хамт шаардаж эхэлжээ.
Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны ҮЭ болон Боловсролын яам хамтын хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрч чадаагүй аж. Тиймээс багш нар "хамтын хэлэлцээр батлагдаж, цаасан дээр шийдвэр гарах хүртэл ажил хаялт зогсохгүй үргэлжилнэ" гэж мэдэгдсэн. Түүнчлэн ирэх даваа гарагт ажил хаялт зохион байгуулж буй ажлын хэсэг, харьяа яамтай хамтарсан мэдэгдэл хийхээр болжээ.
Ажил хаялтад 675 байгууллагын 35 мянга гаруй багш нар нэгдээд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы танхимаас "Нэг сая орчмын цалинтай багш нарын шаардлагыг зүй ёсны гэж хүлээн авч байгаа. Тэдний цалинг 1000 долларт бодлого хэрэгжүүлнэ" гэсэн юм.

Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Ирэх Даваа гарагаас хичээлээ эхлүүлэх хэрэгтэй, шаардлагатай. Үүнээс илүүгээр монголын нийгмийн амьдралыг царцааж болохгүй. Хүүхдүүдийн хоцрогдол ноцтой болж эхэлнэ. Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа. Бид төсвөө харж байж асуудлыг шийдэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хамгийн сайн хувилбараар шийдэхээр ажиллаж байна" хэмээн мэдэгдсэн.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсролд хар толбо үлдэх боллоо.
Багш хүнд хувийн эрх ашиг байхаас гадна шавь нараа гэсэн сэтгэл илүү жин дардаг даа.